Pages

Monday, May 2, 2022

Гомдоосон

 Уг нь маргаашнаас эхлээд (өнгөрсөн 7 хоногоос алтан 7 хоног гэдэг нь эхэлчихсэн л дээ) тасралтгүй 3 хоног амрах юм. Ажилдаа ирэхгүй ч ажлаа хийгээд таарах байх. Нэг өдөр ууланд гарна, нэг өдөр кино үзнэ, үлдсэн нэг өдөрт найзуудтайгаа уулзана. Тэгээд 3 хоног дуусаа, оройн цагаар болон зав гарангуут нь ажлаа хийнэ. 

Дүүгийн маань анхны цалин буугаад бид хэдийг үдийн хоолоор дайлсан, хөөрхөн. Хэн хэнд нь боломж гарсан өдөр өдөржин бороо орох байсан тул дээвэр дор өдрийг өнгөрөөв хэхэ. Том дэлгүүрт өнжсөн юм. Ойр зуур юм үзэнгээ далимд нь ганц 2 хэрэгтэй зүйлсээ аваад гол нь сайхан хоолоор дайлуулсан. 

Том охин хичээл ихтэй, жоохон ядраад эртээд бүр чих нь шуугиад баларсан. Хүчээр унт гэж өдөр унтуулаад зовиур нь арилсан ч гэлээ анхаарч байхгүй бол өөрөө биеийн байдалдаа зохицуулж ачааллаа хуваарилж арай л чадахгүй байх шиг байна. 

Бага бол бөөн эрч хүчтэй, завтай хүн. Та 3 тус тусдаа юмаа хийхээр би хийх юмаа олохгүй уйтгартай байна гээд л хажууд үглээд суудаг юм. Хөөрхий олон насны зөрүүтэй болохоор эгч нь хичээл гээд тоохгүй гэртээ байхдаа уйдаад хэцүү. Ээж нь ядаж ажлынхаа араас гарахгүй, амралтын өдөр хүртэл зууралдаад (гэхдээ жинхэнэ ажил бишээ өөрийнхөө төлөө хийж байгаа ажил). Хичээлтэй, өдөр өнжүүлэхтэй өдөр бол бөөн аз жаргал. Одоо ууланд гарна гээд хөөрөөд сүйд байгаа. 

Аав ажлаа хийнгээ 3 хүүхний учрыг олчих гээд л, нөгөө 3 нь 3 өөр юм яриад заримдаа уурлаж харагддаг хэхэ. Саруул ухааны хэлдэгээр 3 өөр солонгон ааш гарна шүү дээ. Ойрд гэхдээ би бас нөхөртөө бухимдаад байгаа. Өмнө нь нээх тоохгүй болоод байдаг, гол нь хоорондоо хэзээ яасан ийснээ ярилцаад учраа олчихдог байсан юм. Ойрд бол тухтай ярилцах зав гарахгүй байгаа. Тэгэхээр яалт ч үгүй үл ойлголцлууд овоороод байх шиг. Би хэлсэн юмыг нь үл ойшоож байна гэнэ, харин би санал нийлэхгүй байгаа болохоор эсэргүүцэж асуудал үүсгэж байхаар дуугай өнгөрөөд байгаа нь ийм байдалд хүргэж байх шиг. 

Ер нь санал нийлэхгүй үедээ эсвэл миний хэлсэнийг хүлээж авахгүйг нь мэдэхээрээ би дуугай болчихдог нь гэм биш зан. Тэгээд угаасаа сүүлийн хэдэн сар сэтгэл санааны хувьд боломжгүй болсон гэх үү дээ. Өөрөөр хэлбэл өөрийнхөө дотор амжуулах юм ихтэй, бусдад санаа тавих боломж муутай, цаг гаргахгүй байгаа. Тэгээд гарчигийн дагуу хэд хэдэн хүнийг өөрөө мэдэлгүй зүв зүгээр сууж байгаад холоос гомдоосон болж таарсаныгаа олж мэдээд гайхлаа. Гайхаад зогсохгүй өөртөө дүгнэлт хийгээд бусдыг хэт их халамжилж анхаардагаа олж мэдээд, жоохон анхаарал сулрангуут өөрсдөө аяндаа анхаарсангүй, тоосонгүй гээд надад гомдсоныг олж тогтоов. 

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гэхдээ өөрсдөө холбоо барьж яасан ийснээ хэлж ярихгүй бол би далдыг хардаг далай лам биш тул хүлээснийх нь хэрээр санаа тавьж чадахгүй шүү дээ. Хэн нэгнээс дам дам сонсоод холбогдоод хайрлаад халамжлах байх гэж хараад, нөгөө Пиглет нь хэнд юу тохиолдсоныг хаа хол болоод дууссан хойно нь олж сонсоод амьхандаа тэр дороо холбоо барингуут дөнгөж одоо холбогдоод байхдаа яадгийн гэдэг шалтгаанаар хүн гомдоосоныгоо олж илрүүлж хэцүү байдалд хэдэн ч удаа оров доо бурхан минь. 

Тэгээд өөрөө ч сүүлд нь гэмгүй гэмтэн болж байхаар, бас хүмүүсийг хий хоосон харуулдуулж байхаар хувиа хичээсэн өөдгүй хүн болох тийшээгээ ханддаг юм уу даа гэж бодох болов. Зөв үү хэхэ. 


2 comments:

  1. Зөв шүү. Бусдыг илүү бодож 配慮 /энэ солонгосоор ингэж бичдийн ханзаараа зөв бурууг нь мэдэхгүй бн./ хийж ханддаг, аливаа шийдвэрээ бусдыг түлхүү бодсон байдлаар гаргадаг хүнээс хүмүүс дандаа тийм байх гэсэн хүлээлт үүсдэг, монголоор бол муу зан сурчдаг юм шиг. Удаан хугацаандаа байнга тэгж явах нь өөрт чинь бас их ачаалал өгдөг. Хувиа хичээх, тэнцвэртэй байж чадвал, тийм ч өөдгүй зан биш шигээ.
    Өөрийнхөө акаунтаар коммент үлдээж болдоггүйэ. Соулмэйт.

    ReplyDelete
    Replies
    1. Ханз зөв байна.
      Харин яг тэглээ, удах тусам өөрт их ачаалал өгөөд байна. Тэгээд тааруухан амьтан болохоор шийдсэн. Өмнө нь өөртөө зөвшөөрдөггүй байж, бусдад анхаарал хандуулж байж өөрөө санаа амардаг байсан юм болов уу даа.

      Delete