Pages

Monday, May 23, 2022

Бүтэлгүй

 Нэг тийм инээдмийн кинонууд байдаг даа. Нэг хүн нэг өдрийн дотор нээх олон удаа бүтэлгүйтээд байдаг. Тиймэрхүү юм тохиолдсон. Би гэхдээ бухимдаагүй ээ, инээгээд л яваад байсан. Бүгд нэг өдрийн дотор болсон гэхээр бас л хэхэ.

1. Багын сургууль дээр биеийн тамирын өдөрлөг болоод, нэг гэр бүлээс 2 хүн очиж болно гээд нөхөр бид 2 хөтлөлцөөд явсан юм. Уг нь урд өдөр нь маргааш бороо орохгүй гэж байснаа үдээс хойш бороо орох урьдчилсан мэдээ гарсан тул цагийн хуваариа арай эрт болголоо гэсэн мэдэгдэл сургуулиас өглөө эрт ирсэн юм. Тэгсэн яг охины анги гүйж дуусаад нөгөө үдээс хойш орох бороо нь өглөө 10-с цутгав. Эхлээд түр хүлээнэ гэж байснаа намдахгүй шинжтэй болонгуут сургуулийн захиргаа хойшлуулахаар шийд гаргасан. Тэгээд гэрийн зүг усан борооноор (мэдээж зонтиктой) алхаж явахдаа нөхрийн хэлсэнээр бол араас нь дагаад явахгүй зөрж өөр замаар явж байгаад харалгүй юм мөргөсөн. Хүчиндээ бараг савж унахаа шахсан. Толгойн орой хэсгээрээ өвдөөд л байгаа. Нөхөр эргэж харж шоолоод, би өөрийгөө төсөөлж инээсээр харьсан. Гэрт ороход 2-лаа шалба норсон байв. 

2. Дараа нь би (11-12 цагийн хооронд) корона гарсанаас хойш анх удаа шинжилгээ өгөх цаг авсан байсан юм. Энэ 7 хоногт нэг арга хэмжээнд орох гээд 7 хоногийн доторхи сөрөг хариугаа заавал үзүүлэх ёстой гээд. Гэрээс алхаад 20 мин зайтай газар тул бэлтгэлээ аймаар хангасан, усны гутал өмсөөд, ганцаараа явах тул юм мөргөхгүйн тулд нэвт харагддаг уутан зонтик бэлдээд, борооны цув өмсөөд борооны эрч намдахыг хүлээгээд бараг намдчихаар нь гэрээс гараад 5 алхав уу үгүй юу түрүүнээс илүү хүчтэй оров. Цагтаа амжих гээд зүтгэхээс яахав. Ингээд 20 минутын газар 30 минут аймаар норсоор очсон. Нөгөө борооны юмнууд бол эхний 10 минут л намайг хамгаалсан хэхэ. Шинжилгээгээ өгөөд гараад иртэл намдсан байв. Тэгээд нойтон хүн гэлдрээд харьсан (нойтон хувцас хүнд гэж). Нэг өдрийн дотор 2 удаа нордог л юм байна гэж бодсоор харьсан. 

3. Үдээс хойш нь дүүтэй хамт бид хэд IKEA орохоор тохирсон байсан юм. Гэрээс ойрхон 渋谷-д  байгаа ч том салбараа гүйцэхгүй байх гээд Чиба мужид байдаг салбарыг нь зорьсон. Манай бага галт тэргээр удаан явахаар дотор нь муухайраад хямардаг болохоор олон зогсож тормослохгүй гээд албаар хагас хурдан галт тэргээр явцгаасан. Очоод яахав асуудалгүй. Буцахдаа бас хагас хурдандаа суухаар 30 орчим минут хүлээж байгаад суусныг яаана. Нөхөр багыг гэртээ эгчтэйгээ үлд гэж хэлээд нөгөөх нь дагасаар хамт явсаныг ч хэлэх үү. Хэрвээ бага хамт яваагүй бол энгийн буудал бүр дээр зогсдог галт тэргэнд шууд суухад асуудалгүй юм. Тэгээд бидний суусан галт тэрэг асуудалд орсон. Хөдлөөд удалгүй зогсдоггүй будлаар дайран өнгөрөх үед нэг хүн амиа хорлох гээд бидний суусан галт тэрэгний урдуур үсэрсэн. Ингээд гэв гэнэт галт тэрэг зогсоод, бөөн л юм болдог юм байна. Зорчигчдод харуулалгүйгээр бүгдийг нь буулгаж байгаад л цагийн дотор цагдаа эмнэлэг нь хамаг асуудлыг жин тан болгочихдог юм байна. Манай бага хэрэгт дурлана гэж, заавал харна гээд, аргалах гэж. Тэгээд аюулгүй байдлыг шалгаж дахин 30 минут болоод хагас хурдны галт тэрэг маань осол болсон буудлаас хойш энгийн галт тэрэг болж буудал бүр дээр зогссоор харьсан. Шуурхай ажилласан мэргэжлийн хүмүүст маш их талархсан. 

Гэхдээ л илүү муу юмнаас аврагдсан юм шиг мэдрэмж төрөөд байсан. Бороо ороогүй бол бүх юм цагийн хуваарийн дагуу болдогоороо болно. Ямар нэг юм болохоос авраад бороо оруулаад, норгоод, мөргүүлээд, дахиж норгоод, орой заавал шөнө харих ёстой байсан байх гэж бодоод өөрийгөө баясгаад өнгөрлөө дөө. 

2 comments:

  1. Бөөн адал явдал болжээ. Нэг өдөр хоёр нордог бүр хөгжилтэймаа ккк. Богооны урдуур үсэрсэн хүн яагаа бол. Ийй аймаар шүү, иймэрхүү явдал сонсогдох бүрт сэтгэл хүндрээд. Хэт их төсөөлж ургуулж бодоогүй нь дээр л дээ гэхдээ л хэцүү явдал. Илүү муу юмнаас аврагдсан гэж яг үнэн бхаа. Хэдий шинжлэх ухаанч биш санаа ч гэлээ, бүхнийг зохицуулах хэн нэгний гар байдаг гэсэн итгэл төрөөл бдг.
    Соулмэйт

    ReplyDelete
    Replies
    1. Анх удаа ингэж бүтэлгүйтэж үзсэн. Баргийн борооноор гэртээ байдаг хүн ингээд норсон.
      Үсэрсэн хүн хүссэндээ хүрсэн байх, түргэний тэрэгний дохио дуугараагүй тул туслах хэрэггүй байсны шинж болов уу.
      Надад бас харин илүү муу юмнаас л аврагдах шиг санагдсан.

      Delete