Pages

Wednesday, March 29, 2023

Талархал

 Энэ 7 хоногт хайртай багштайгаа хамт ажиллах сүүлийн 7 хоног. Бүх хүний хайр хүндлэлийг хүлээсэн, хэнийг ч хэнээс нь ялгаж илүү харж дутуу үнэлж байгаагүй, хэзээний байгаагаараа л байдаг эрхэм хүн. 

Багшдаа талархал илэрхийлээд хэзээ ч олж уншихгүй нь ойлгомжтой өөрийн орон зайдаа дурсан санан бичиж үлдээе гэж бодлоо. Хамт ажиллаад 11 жил, анх уулзаад бараг 12 жил болж байгаа юм байна. Монголд эзэмшсэн мэргэжилтэй минь адил ажил мэргэжилтэй хүн, мэргэжлийнхээ дагуу ажиллахгүй юмаа гэхэд харихынхаа өмнө хэдхэн сар ч байсан хамаагүй нүд, чихээ баясган эх орондоо эргэж очсон ч мэргэжлийн дагуу энд үзэж харсанаа хэрэгжүүлэхэд хэрэгтэй болов уу гэж бодоод 3 сар ч байсан хамаагүй туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлж холбогдосноо маш тод санаж байна. Мэдээж хүсэлт гаргахаасаа өмнө зургийг нь олж харахаа бас мартахгүй. Зурган дээрээ бол их л хатуу ширүүн, шаардлага өндөртэй, ууртай хүн шиг харагдсан. За яахав хүсэлтийг минь хүлээж аваа ч уу үгүй ч үү гэж бодон захидал бичтэл уулзах хүсэлтэй байна гэв. Дэгдээд л очсон. Зураг бол зураг, худлаа байсан. Тэр үед хүн танихдаа одооноос муу байсан ч гэлээ нэг тийм худлаа сайхан ааш гаргаагүй, хуурамч элгэмсэг дүр үзүүлээгүйг нь бол шууд мэдсэн. 

Хүнийг тултал нь дэмждэг, өөрөө яаж ажилладгийг үлгэр болгон харуулдаг, гол нь хэнтэй ч чин сэтгэлээсээ харьцаж, хүнд итгэж урам өгч чаддаг. Ямар нэг асуудал гарсан үед, зөвлөгөө авмаар үед, уулзмаар үед хүсэлт гаргангуут тэр их ажлын хажуугаар өт хорхойн дайтай өчүүхэн надад зав гарган уулзаад үгийг минь сонсоод зөвлөгөө өгч асуудлыг минь шийдэж өгдөг. Над шиг тусламж хүссэн хүн хэдэн зуугаараа байхад л бүгдэд нь өөрийгөө зориулж чаддаг. Хэзээд яаж амжуулаад байгаа юм бол доо гэж үнэхээр гайхдаг. Ганцхан тэр хүнд л тусгайлан хандаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг. Өөртэй нь хүн тэгж их хүндлэлтэй сайхан хандахаар бүх хүн тэр хүний төлөө чин сэтгэлээсээ ажилладаг, тэгж л энэ их том ажлыг амжуулдаг байх даа.

Дээрхи зан чанар нь 3 сар болоод буцах бодолтой байсан намайг бүхэл бүтэн 11 жил хажуудаа ажиллуулж чадсан юм. Мэдээж ганц багшийн төлөө биш өөрийнхөө төлөө ихийг сурсан, бүтээсэн, хийсэн. Багшаас хэрхэн ажиллах, бусадтай харилцах, тулгарсан асуудлыг шийдэх, бусдад урам өгөх, бусдыг ажиллах боломж нөхцөлөөр хангахыг сурсан. Би багшид хэрхэн үнэлэгддэгээ мэдэхгүй ч хажуудаа байлган ажиллуулаад байсныг бодоход тодорхой хэмжээгээр үнэлдэг байсны шинж болов уу гэж өөрийгөө хуурдаг юм. 

Үргэлжлүүлээд ухаан жолоогүй ажиллахыг нь мэдэж байгаа болохоор биеэ гамнан, эрүүл энх, урт удаан, аз жаргалаар дүүрэн байхыг хүсье багшдаа. Эхэлсэн бол дуусдаг, учирсан бол хагацдаг гэдэг болохоор дахиад ганц жил ч хамаагүй хажууд нь баймаар байвч яалтай билээ. Их л санаж үгүйлэх байх даа. Хичээнээ. 

No comments:

Post a Comment