Pages

Monday, March 27, 2023

Санаж явах үгс ба амлалт

 Нүцгэн үнэн, бодит байдал бол дандаа л гашуун байдаг. Гэхдээ л хүн зүтгэсээр, бууж өгдөггүй. Үргэлж дэмжиж, тулж, татаж, чирж, санаа тавьдаг эрхэм хүмсүүдийн хэлсэн үгсийг санаж явахын тулд эндээ бичиж үлдээлээ. 

1. Тухайн цаг үе, хором мөч бүрт тохирсон хамгийн зөв шийдвэрээ гаргаад явж байтал хар аяндаа хаалга үүд нээгдэнэ. Ингээд хаячихаж огт болохгүй хайран санагдаж байна. Хичнээн эцсийн шийдвэрийг чи гаргах ч гэлээ хичээгээрэй. YY.

Бүр нэг миний болдоггүй занг шууд олж хэлсэн. Тодорхой болоогүй байхад л болчих юм шигээр, заримдаа бүр болчихсон юм шиг бодоод байдгийг минь хэлж байгаа юм. Бас дундаас нь хаяхад хайран биш үү, ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэсэн утгаар үргэлжлүүл л гэсэн санаа байх.

2. Амьдралд хүссэн бүхэн биелээд байвал уйтгартай. Цаг алдалгүй сэтгэлээ татаад урдах хийх ёстой зүйлээ хийсэн шиг хийгээд яваарай. Гэхдээ энэ хүртэл хичээсэн өөрийгөө магтаж урамшуулж эрхлүүл, тэгж байж энэ бүтэл муутай хорвоог даван туулах эрч хүчтэй болно. HI.

Бодит байдлыг, хэцүү гэдгийг мэдээд намайг бүтэлгүйтээд санаагаар их унах вий дээ л гээд санаа нь зовоод яваад байсан. Яахав өдий хүртэл үнэндээ л хүссэнээрээ байсныг минь, барагтай бол бүдэрдэггүйг минь мэддэг болохоор. За яахав энэ нэг алхам бүтээгүй ч гол түрхүүрийг гартаа атгачихсан байхад бүтэхгүй байна гэж байхгүйг харуулахыг хичээнээ. 

3. Харанхуй газраас гэрэлтэж байгаа газар хачин тод харагдана, гэрэлтэй газраас харанхуй газар ерөөсөө сайн харагддаггүй. Гэрэлтэй газраас харанхуй руу чиглэж алхам хийж үзсэн чинь чамд маш том туршлага болж үлдэнэ. Хичээхэд л болно. AN.

Хүрээлэл маань энэ эрхмийн хэлсэнээр гэрэлтэй гэгдэх газар. Өөрөө би үүнд ач холбогдол өгч байгаагүй. Сая гэхдээ мэдэрсэн, тэнд байдаг байж юунд ийшээ зүглээд байгаа юм гэсэн байдалтай хандаж байсан. 

4. Хүнийг дээрээс хардаггүй, хүнд нэмэр болдог хүн болохсон гэж ямагт хичээдэг. 人の上に立つ人間より人の役に立つ人間になりたい. MJ.

Олон жил хамтарч ажиллаж байгаа хүн, гар нийлнэ гэж ярилтгүй. Ярилцаж тохироогүй байж л урьдчилж бэлдсэн юм шиг яг таг асуудалгүй ажилладаг гэхээр л сүпер байгаа биз дээ. Хааяа нэг ажлаас өөр юм ярилцах үе гарна. Тэгээд энэ үгийг нь сонсоод л уяраад явчихсан. Орчуулах авьяас тааруу болохоор утгачилаад орчуулчихлаа. 

5. Хүнийг юу хийснээр нь мэдээж үнэлэх ч гэлээ, одооноос юу хийж бүтээхийг нь урьдчилж харж сонгох нь хамгийн зөв гэж бодох болсон. MK

Намайг ихийг бүтээнэ гэж хараад байх шиг. Ойрд бүр хамаг байдгаараа надад итгэж байх шиг, хэлэхгүй, зөвлөхгүй юм ч гэж байхаа болилоо. Би ч гэсэн итгэлийг нь алдахгүйг хичээж л байна. Хэр зэрэг гар нийлэх 2 юм байгаа юм бол доо. 

Хүмүүс надад итгээд хүлээгээд байдаг, эдгээр эрхмүүдийн итгэлийг алдмааргүй бас надад л хэрэгтэй зүйл болохоор хүн хүнд амласныхаа дагуу 1 жил хичээгээд үзнээ. 

No comments:

Post a Comment