Pages

Monday, April 3, 2023

Мөлхөнө

 За ингээд хичээл ажлын шинэ жил эхэллээ. Өнгөрсөн жил юм юм л боллоо. Ингээд бодсон чинь солиотой юм шиг гүйх биш бүр харайсаар таарсан жил байлаа. Тэгээд энэ жил яст мэлхий шиг мөлхөнө гэж шийдсэн байгаа. 

Охин бид 2 хөтлөлцөөд бүтэлгүйтсэн гэхээс илүү азгүйтсэн гэх нь зөв юм болов уу даа. Ажил солих, шалгалт өгөхөд чинь тухайн өдрийн аз их нөлөөтэй байдаг юм байна. Охин минь мундаг байсан, 5 нэр хүнд бүхий хувийн их сургуульд шалгалт өгөөд 4т нь тэнцсэн. Гэхдээ улсын сургуульд (сонгох мэргэжлээрээ энэ улсад эхний 3-т орох сургуулийг амлан авсан) орох хүсэл, мөрөөдөлтэй болохоор хувийн сургуульд бүгдэд нь орохгүй гэж хэлээд жил өнжин бэлдэх сонголт хийлээ. Эцэг эх гэдэг чинь өмнөөс нь шийдэж, өмнөөс нь хөдөлж болох биш гаргасан шийдвэртээ итгэлтэй байгаа эсэхийг нь сайн асууж лавлаад л дуугай л дэмжих үүрэгтэй болохоор шийдвэрийг хүндлэв. Залуухан жоохон байгаа юм чинь хүссэн газраа зориод орсон нь өөрт нь хэрэгтэй юм болов уу даа гэж бас бодсон. Жилийн хугацаанд бас зорилго зорилт нь өөрчлөгдөж ч магадгүй болохоор сайн бодоорой л гэсэн. 

Миний хувьд бас өөрчлөлт хийх гэж оролдоод хамраараа таслуулсан бөлгөө. За яахав мөлхөнгөө гартаа оруулнаа ирэх жил. 

Ажил хуучиндаа, би хэвэндээ ч миний эргэн тойрон өөрчлөгдөнө. Тэгэхээр шинэ ажилд орсон юм шиг л байх байх. Хүмүүс яваад, оронд нь хүмүүс ирнэ. 

Нөхөр хэвэндээ, бага охин анги дэвшинэ. 

За тэгээд ирэх жил амжилт бүтээлээр дүүрэн баяр хөөртэй бичлэг хийхийн тулд эргэн тойронд болж буй бүхнийг аажуухан амтланхан урдахаа хичээнээ. Мөлхөнө гэдэг маань хурдаа сааруулахаас гадна 4 хөллөх тул илүү ул суурьтай баттай хөдлөнө гэдэг утгыг давхар агуулж бүдэрч унахгүй байх нэг баталгаа минь юм. Та бүхэндээ бас амжилт хүсье, зүв зүгээр байж байгаад амжилтанд хүрэхгүй тул хичээгээрэй, бас хичээсэн ч амжилтанд хүрэхгүй бол битгий шантраарай, заавал үргэлжлүүлээрэй, тууштай байгаарай, үр дүн нь заавал гарна шүү гэж хэлье. 

No comments:

Post a Comment