Pages

Friday, January 27, 2023

Бие жижиг ч

 Бэлчээр нь том. Уг нь бол мундаг л гэсэн утгатай үг байх л даа. Надад бол нээх таалагддаггүй, төстэй өөр иймэрхүү хэллэг юу билээ. 

Хамгийн анх энэ үгийг цэцэрлэгт ороод хэлүүлж билээ. Ингэсийн, яагаад гэдгийг мэдэхгүй ч аав намайг заавал орос сургуульд өгөх гээд тэр сургууль нь орос хэл дээр элсэлтийн шалгалтаа авдаг байсан болохоор орос хэл заавал мэддэг байх ёстой, заах гэтэл өөрөө завгүй, тэгээд бэлэн боломжоо ашиглах гээд орос цэцэрлэгт явуулах санаатай байсан чинь санаан зоргоор нь бүтээгүй гэдгийн. Тэгээд эхлээд ээжийн ажлын ойрхон гээд нэг монгол цэцэрлэгт явахаар болвоо. Би гэж хэрэгтэй чухал юмаа санахгүй дандаа ийм юмнуудаа санаад ой санамжын саваа дүүргээд байдгийн шд. Хадуурчихлаа, тэгээд анх ангидаа орсон чинь багш нь аймаар голонгүй өө яасан жижигхэн нөхөр вэ гэдэг байгаа. Нөгөө цэцэрлэгт явж үзээгүй нөхөр яахав дээ үеийнхэнтэйгээ өөрийгөө харьцуулж байсан биш би жижигхэн юм байхдаа гээд л өнгөрсөн. За нэг сар явж байтал орос цэцэрлэг нь бүтсэн болтой гарах болвоо. Тэгсэн багш нь хамгийн сайн хүүхдийг минь аваад явах нь бараг л битгий гээд гуйгаад байсныг санадгийн. Ээж яахав учраа хэлээд тэгсэн багш бие нь жижиг ч бэлчээр томтой мундаг охин гэж билээ. Би ч зүйр цэцэн үг ойлгох биш 5 хошуу малтай зүйрлүүлчих шиг санагдаад л гарч билээ. 

За тэгээд орос цэцэрлэгтээ яваад орос хэлээ сураад оройд нь аавтай орос хэлээ давтаад л шалгалтандаа бэлдээд сүйд. Ногоон гэдэг үгийг л ерөөсөө цээжлэхгүй, өөрөө хүртэл гайхдаг байж билээ. Хавар нь шалгалтаа өгөөд хариу гартал нь юмыг яаж мэдэх вэ тэнцэхгүй бол гээд харьяа монгол сургуулийнхаа бэлтгэл ангид ороод хичээлдээ яваад эхэлсэн. Багш нь бас харчихаад чи чинь арын хаалганы наснаасаа түрүүлж орж байгаа хүүхэд шиг яасан жижигхэн нөхөр вэ л гэж байна. Удалгүй шалгалтын хариу гарлаа, тэнцчихжээ нөгөөх чинь. Орос сургуулийн бэлтгэл эхлэнэ гээд монгол сургуулиасаа гарах гэсэн багш нь бас гаргахгүй гээд, бас бэлчээр томтойгоороо хэлүүлээд (магтсан гэж санагдахгүй л байгаа юм даа) орос сургуульдаа орж билээ. 

Тэрнээс хойш иймэрхүү үгийг бол бишгүйдээ л хэлүүлсэн. Их сургуульд орохдоо, орсоныхоо дараа байнга, ажилд орохдоо гэх мэт. Ингэж хэлүүлэх аягүй дургүй. 

Тэгсэн өнөөдөр адил утгатай үг энд бүр Япон хүнээр хэлүүлэх шив дээ. Тэгээд л байнга ийм үг сонсох ёстой юм байх даа гэж бодоод л эндээ бичихээр ороод ирлээ. Ирэх жилийн гэрээ яах ийх тухай асуудал ид үүсдэг үе. Босс маань өөр тийш явах тул, би боссын хүн тул зайгаа үлдээгээд явах ёстой хүний нэг. Гэтэл дараагийн босс болох хүн үлдээч гэж гуйгаад, өөрийнхөө хүнийг оронд нь халж хаяад тэр хүн нь надад энэ үгийг хэлсэн. Гадаад дээрээс нь эмэгтэй бас нээх залуухан биш, гэх мэт хамаг л сөрөг бүхэн бүрэлдсэн мөртлөө боссуудын үе сэлгэн үлддэг Пиглет ёстой бэлчээр томтой гэх мэт. Магтаад ч байгаа юм уу давхар юм хэлэх гээд ч байгаа юм уу нэг тиймэрхүү санагдаад. Ядаж байхад миний дургүй үг. Бичиж орхиод мартсугай. 

3 comments:

  1. Жижигхэн хөөрхөн бүсгүй байдаг байх нь. Хэ хэ. Хараагүй ч, уулзаагүй ч магтаал шүү. хи хи. Амжилт хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. Та 2-ыг танилцуулж өгөх үү ккк

      Delete
  2. Adilhan mongol hunii huvid baharhmaar bnaa.

    ReplyDelete