Pages

Thursday, October 27, 2022

Бодоод л

 Ойрд сэрүүсээд, яг л оюутан байх үеийн 9 сар шиг. Өглөө оройдоо сэрүүхэн, өдөр нь халуун. Сүүлийн хэд хоног нэг бол зузаалж гарч халууцаад, нэг бол нимгэн гарч даараад яахаа мэдэхгүй л явна даа. 

Том охин монголоор бол конкурстай жил нь. Өнгөрсөн 7 хоногт төгсөх ангийн сурагчдын эцэг эхэд зориулсан хуралд суусан. Их сургуульд орноо гэдэг чинь бараг л хань ижлээ сонгохтой ижил болж дээ. Сүүлийн хэдэн жил коронагаас болоод гэх үү орон нутгийн ахлах сургуулийн хүүхдүүд том хот руу орж ирж шалгалт өгөх нь багассан, бас угаасаа их сургуульд орох хүүхдийн тоо цөөрсөнтэй холбоотой сургуульгүй хоцрох хүүхдийн тоо эрс багассан гэнэ. Гэхдээ шалгалт өгөх сургуулиа зөв сонгоогүйгээс болж харин хоосон хоцрох магадлал нь ихэссэн бололтой. Нөхөр бид 2 үнэндээ л эндхийн их сургуульд элсэж орох зарчмыг гадарлахаас цаашгүй байгаа болохоор охиндоо л даатгаад байгаа. Эхнээсээ сүрхий сүрхий шалгалтуудын хураамж гээд нэхэгдээд төлөгдөөд эхэлсээн. Бүс маш чанга байгаа, турах л юм шиг байна хэхэ. 

Бага маань хөөрхөн хайр хүргээд л инээдтэй юмаа ярьсаар л. Тэр нөхөртэй ярихдаа нэг ч үг амнаасаа илүү гаргаж болохгүй, дараа нь нэхээд тайван суулгахгүй гэж мэд. Охиндоо хөнжлийн даавуу авсан юмаа. Уг нь хөөрхөн, гоё зурагтай дундаа хэдэн шоргоолжтой. Тэр хэдэн шоргоолжноос нь айгаад нөмөрч өгдөггүй ээ хэхэ. Ээж өөрөө шоргоолжоо нөмөр гэсэн шд хэхэ. Чиний хөнжил надад таарахгүй жижигхэн шд гэсэн чинь эвхрээд багт, би аавтай хамт унтана гээд. Оройд орондоо орчихоод өдөрт болсон юмаа ярилцдаг хэвээрээ. Өөрт нь ярих юм олдохгүй үед ээж өдрөө яаж өнгөрүүлсэнээ ярь гээд 5-10 мин ярилцанаа. Турник дээр хийх ёстой дасгалуудаа сайн хийж чадахгүй байна гээд, амралтын өдрөөр дагуулж явж зааж өгөхөөр болсон. Миний зааж өгдөг гэж юу байхав, нөхрийг дайчлана л даа. 

Өнгөрсөн 7 хоногт Икебана-н үзэсгэлэн үзсэн. Гоё цэцэгс харж сэтгэлээ баясгасан. Баахан л зураг авсан. Бага охинд сонирхол байхгүй, хурдан эндээс гарах юмсан гэсэн байдалтай байсан хэхэ. 


No comments:

Post a Comment