Pages

Friday, October 14, 2022

Тансаг тал өдөр

 Амин ганц Япон найзтайгаа тал өдрийг өнгөрүүлэв.

3 хоног дараалсан амралтын өдрүүд таараад, эхний 2-т нь бол ухаан жолоогүй ажилласан. Харин 3 дахь өдөр нь утсаар биш уулзаж, царайг нь харж байж, өөрийн биеэр нэгэн зүйлийг хэлэх ёстой гэж шийдсэн байсан тул найзтайгаа болзсон. 

Бүрхэг өдөр Оотемачи дээр 2 талаасаа 3-лаа уулзсан. Найз маань охиноо дагуулж ирсэн. Үнэн хариуцлагатай. Ажлын 5 өдөрт нэг хоног, амралтын өдрүүдэд бас нэг хоног гээд 7 хоногт 2 өдөр амардаг юм. Ажлын өдөр амардаг өдрөө манай ажил дээр ирж цагийн ажил хийдэг, харин амралтын  өдөр амардаг өдрөө охиноо хариуцдаг. Эхнэр нь дуртай юмаа хийж амардаг өдөр нь гэх үү дээ.  Тэгж тохирсон л бол тэрнээс өөр юм хийхгүй, тийм ч болохоор надтай уулзахын тулд охиноо авч очиж болох уу гэж асуусан. Корона үед төрсөн болохоор охинтой нь уулзаагүй байсан би бөөн баяр зөвшөөрсөн. Япончууд ер нь ийм. Манай өрөөний 2 залуу бас хагас бүтэн сайнд хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлэх үүрэгт ажилтай, тэгээд 1 дэх өдрийн өглөө ядарсан 2 юм ирдэг юм. 

Хааны ордныг тойрон алхангаа хэлэх гэсэн мэдээгээ оршил, эхлэл, өрнөл, төгсгөлтэй нь хамт дуулгаад, ханиндаа тэр асуудлын талаар хэлэлцээд л, дурсаад л. Биечлэн уулзаж хэлсэнд минь баяртай байсан. Ер нь хов живний буюу өөрт нээх хамааралгүй л асуудал биш бол өөрийн тухай ч өрөөлийн тухай ч бай ямар нэг мэдээг албан ёсоор өөрийн биеэр, нүүр нүүрээ харан дуулгаж байх ёстой гэж боддог болоод их удаж байна. Ингэж хэлсэн цагт өөрийнхөө асуудлыг ч тэр өрөөлийг ч тэр хүндэлж байгаа бус уу? Сонссон хүн маань ч тэр өөрийг нь хүндэтгэн тусгайлан цаг гарган мэдэгдсэнд баярлана бас өөрт нь итгэж найдаж хэлж байгаа зүйл болохоор өөртөө чанд хадгалдаг. 

Дараа нь 3-лаа үдийн хоол идээд, Оазо-д байдаг Марузен хэмээх том номын дэлгүүрээр орж шинэ номны үнэрт жаал мансуурч байгаад гарч ирсэн. Завгүй их ажлын дундуур сайхан амралт болсон. Найзад маань бас их таалагдсан болтой дахиад иймэрхүү байдлаар уулзаж байя гэсэн. 

Найзын охин үнэн хөөрхөөн, эхэндээ жоохон бишүүрхэж байснаа яваандаа дасаад, сүүлдээ явах гэсэн явуулахгүй дахин дахин тэврэлдэх гээд эгдүүтэй гэж. 

No comments:

Post a Comment