Pages

Tuesday, September 27, 2022

Асуудалтай нас

 Хүний амьдралд нэг тийм хэл амны бай болсон гэх үү хэл аманд орооцолдсон эсвэл асуудлын гол болдог нас гэж байдаг болтой. 

Надаас 4-5 насаар дүү хамт ажилладаг хүмүүст яг одоо бөөн асуудал үүсээд, би яг л 4 жилийн өмнө хэцүүдэж эхэлж байсан шиг байдалд орцгоочихсон болохоор өөрийнхөө хувьд нээлт хийгээд 30 насны төгсгөл 40 насны эхлэлийг аугаа их хэл аманд өртөх нас гэж нэрлэхээр шийдэв хэхэ. Энэ нас хүртэл бол их омголон, өөртөө итгэлтэй, хэлнэ гэснээ хэлж хийх гэснээ хийнэ, зоригтой ч гэж юухэв. Ингээд дунд нь нэг асуудал үүсэнгүүт миний хувьд бол маш болгоомжтой болсон. Өөрийгөө хамгаалахын тулд бас өрөөлийг гомдоохгүйн тулд хэлмээр байсан ч залгих, хиймээр байсан ч зай тавьж өгөхөөс өгсүүлээд хашир болсон. 

Энэ асуудалтай холбоотойгоор хүн яг харагдаж байгаа шигээ биш гэдгийг нэг биш нэлээд олон жил зарцуулж байж л мэдэх юм байна даа гэж бодох болсон. Яагаад гэхээр одоогийн байдлаар, одоогийн байдлаар шүү намайг хэцүү үед тусалж байсан хүн их муу хүн болж таараад, надад маш муухай хандсан хүн их сайн хүн болчихоод байна л даа. Тэгэхээр би бас юу ч ойлгохоо байсан хэхэ. 

Ер нь бол хүнийг албан тушаалаар нь ялгаж үзэж шиг муухай юм байдаггүй. Надад сайн ханддаг тусалж байсан хүн маань харин албан тушаалаар хүн ялгаж харьцдаг болохыг мэдээд, гаргадаг ааш араншин нь итгэхийн аргагүй байгааг сонсоод үнэхээр гайхсан. Надтай тэгж ханддаггүй болохоор, би тэр хүний ангилалаар гайгүй зэрэглэлтэй болж таараад байна, хэрвээ үнэн бол. 

Харин нөгөө аашлаад байдаг хүн харин тулаад ажиллаад ирсэн чинь маш ухаантай (ажлыг бол гялалзуулдаг), бас гар нийлж байна. Гол нь ам нь л болдоггүй юм байна. Яахав монголын нийгэмд бол байдаг л хүн, энд бол тохирохгүй болчихоод байгаа юм л даа. Эвгүй үг хэлж хүн гомдоож, буруу ойлголт төрүүлэх вий, хаа хамаагүй юм хэлж ярьчих вий гэж их л хичээж байгаа харагдах болсон. 

Тэгэхээр би бас мөн ч их хувирч өөрчлөгдсөн байх юм. Юмыг маш олон талаас нь тунгаан бодож байж, хэнд юуг хэрхэн хэлэх вэ гээд л суралцсаар тэрийгээ даган өөрчлөгдсөөр. 

No comments:

Post a Comment