Pages

Friday, February 18, 2022

Хөргөгч

 Жоохон завтай болсон. Бодол дотроо амьдарч байгаа. Учиргүй их боддог болчихож. Удахгүй ажилдаа дарагдаад бодох манатай болох байх. Завсрын нэг ийм үед энд байгаа найз нөхөдтэйгөө уулзмаар байх юм. Өвчнөөс болоод хаширлаад, авна гэхээс илүү өөрөө мэдэлгүй өгчих вий гэж л санаа зовж байна. 

Гарчиг дээрхи зүйл эвдрээд, яг ид аймшиг завгүй үетэй давхцаад хань ижилд даатгасан. Шууд авчихаж болдоггүй хамгийн хурдандаа 14 хонож байж нэг барааг нь харах шив дээ. Соёлыг гайхсан шиг сууж байна. Ярих нь халаг болжээ шинэ үеийн хөргөгч. Өвөл эвдэрсэн хуучин хөргөгчиндөө баярлалаа. Зун эвдэрсэн бол тэгээд дуусаа шүү дээ. 

Валентины баяраар санаандгүй зөндөө их амттан бэлгэнд авсан. Яагаад санаандгүй гэхээр энд чинь эмэгтэй нь эрэгтэйдээ өгдөг байхгүй юу, гэтэл би эмэгтэй мөртлөө л авчихлаа. Уламжлал ёсоор хань өндгөн чоко барьсаар ирсэн. Дүүг оролцуулаад 4 охин Марио-н ямар баатар гарч ирэхийг задлахаасаа өмнө таасан ч хэнийх нь ч таараагүй. Ханийн төрсөн өдөр, Валентин 2 ойрхон болдог. 2 охин маань хөгжмийн зэмсэгээр (эгч гитар, дүү жижигхээн төгөлдөр хуур хэхэ) төрсөн өдрийн дуу дарж өгч дүү бид 2 солгой хоолойгоор дуулж аав лаагаа үлээсэн хэхэ. 

Бага охины ангийн 2 хүүхэд өвдөөд ангиар нь 7 хоног цахимаар хичээллүүлэв. Дүү маань байсан тулдаа ажлаа цалгардуулалгүй ард нь гарлаа. Ирэх 7 хоногоос сургуульдаа явна. Дахиж битгий анги нь хаагдаасай билээ л гэж залбирч байна. Гэхдээ хаагдсан ч нөхцөл байдалдаа тохируулаад манай ажил цалинтай гэртээ хүүхдээ харж болно гэж байна лээ. Бас амралтын хоногоос хасахгүй гэсэн. Тэгэхээр дахивал сайхан амраад авсан ч яахав дээ. Гол нь өөрсдөө л өвдчихгүй бол. 

Дулаарах шинж огт алгаа. Өглөөд босох гэж өөрөө өөртэйгөө учиргүй тэмцэлдсэн хэвээрээ. Үйлээ үзэж арайхийж босчихоод бага охиноо сэрээхдээ их томорноо цаадах чинь. Өөрөө арчаагаа алдан байж босчихоод хэхэ. 

Хамт олон (энэнээс өөр гоё дотно үгээр илэрхийлмээр байдаг) маань надад хайртайг мэдрэх их гоё юмаа. Пиглеттэй хамт ийм ч ажил, тийм ч юм хиймээр байна, Пиглет байхгүй өдрүүд муухай байсан гээд л (7 хоног таг алга болж үзсэн юм хэхэ, шалтгаантай бөгөөд цөөхөн хүмүүст хэлж алга болсон юм). Хүн өөрийгөө хэрэгтэй гэдгээ мэдрэхийн сайхны нэг байх л даа. Хайр дааж амьдрах том үүрэгтэй хүн шүү дээ би чинь. 

Олимп үзэн баяссаар. Мундаг хүмүүс юмаа энэ тамирчид. Хэдхэн хоногт эмэгтэй уран гулгалтын шуугиан айхтар байлаа. Хэрэглэсэн бол, илэрсэн бол буруу гэж би хувьдаа үзэж байгаа. Орос болон европын 15 нас бол үндсэндээ тоо, тэд аль хэдийн насанд хүрсэн сэтгэхүй, ухамсартай болсон байдаг. Үнэхээр өөрөө оролцоогүй бол ойр орчмын томчуудын буруу. Харин ч тэмцээнд оролцуулсан нь их юм даа. Юу тарьна түүнийгээ хураана гэдэг л болох шив дээ. Бас тэр мөнгө авсан охин баахан агсам тавих шив дээ медалийн өнгөө голоод хэхэ. 

Зав гарсан дээрээ гэрт байгаа хэдэн уран зохиолын номоо унших санаатай. 

Бага охин төгөлдөр хууран (цахилгаан) дээр дуу дарах гээд алдаад, эгчээсээ асуусан чинь эгч шууд нот хэлээд, дүү нь шууд ойлгоод хаана алдсанаа мэдээд зөв болгож дараад монголд хөгжмийн боловсрол эзэмшсэн дүү бид 2 нүдээ байдгаар нь том болгож нэг нэг рүүгээ харсан шиг суух тэр үеийн мэдрэмж. 

No comments:

Post a Comment