Pages

Wednesday, June 2, 2021

Үнэн

 Truth is like the sun. You can shut it out for a time, but it ain't going away (Elvis Presley). 

Том охины хүсэл биелсэн. Мартахгүй сайхан дурсамжуудых нь нэг нь болоосой гэсэндээ бид бас жоохон хичээсэн хэхэ. Том маань нэгэн төслийн хүрээнд байгуулагдсан хамтлагийг сонсдог юм. Өөрөө цагийн ажил хийж эхэлсэн болохоор цалингаараа тэр хамтлагийнхаа цомгийг, бас бус зүйлсийг худалдан авдаг юм. За тэгээд тэрхүү төслийн хүрээнд нийт 6 хамтлаг байдаг болтой. Өнгөрсөн 7 хоногт амьд тоглолт нь болсон. Аль хагас жилийн өмнөөс зарлагдсан л даа. Хэн дуртай нь гэнэт тоглолтын урд өдөр шийдээд үзчихдэг эд биш болохоор хагас жилийн өмнөөс тоглолт үзэх эрхээ авахаар сугалаанд оролцоод, он гараад үзэх эрхээ аваад, тасалбараа худалдаж аваад байсан юм. 5 сарын 29 нд FujiQ Highland-д гадаа талбайд тоглолт нь болсон. 

Хагас жилийн өмнө энэ өдөр ямар ажил хаанаас яаж гарч ирэхийг бол хэн ч таашгүй. Ядаж байхад ахлах сургууль хагас сайнд хичээллэдэгийг ч хэлэх үү, тоглолт нь үдээс хойш 3 цагаас ч гэлээ 2 цагийн өмнө нэрийн бүтээгдэхүүнээ зарж эхлэх тул дор хаяж өдөр 2 гэхэд очмоор байна гэсэн хүсэлтэй байгаагаа охин хэлсэн. Нөхөр бол анхнаасаа  өөрөө учраа олоод зохицуулаад яв гэсэн байр суурьтай байсан. Би бол арай өөр, гэхдээ бидний тэр өдрийн хуваарь тодорхойгүй байсан болохоор дотроо л нэгэн бодолтой байсан. 4 сарын байдлаар нөхөр бид 2 хагас сайнд амархаар, бага охин хичээлгүй байдаг ч тэр өдөр биеийн тамирын өдөрлөгтэй, том охин 5 сарын 27-29 хүртэл улирал дундын шалгалтын хуваарьтай болов. За ингээд бараг л үзэж чадахгүй болж таарав. Ажлуудаа дуусгаад Токиогоос гарлаа гэхэд нэг талдаа дор хаяж 3 цаг зарцуулах тул тоглолтын 1 цагийг үзвэл үзэх юм даа гэсэн байдалтай байсан. Би ч өөрийн саналаа хэнд ч хэлсэнгүй, нөхрийн хэлсэнээр охин хүсвэл ганцаараа яваад ирэхээс дээ л гэж бодож байв. 

За гэтэл онц байдлыг сунгахаар болов, тоглолт нь цуцлагдах болов уу гэтэл төлөвлөсний дагуу болно гэв. Онц байдал сунгагдсанаар харин бага охины биеийн тамирын өдөрлөг хойшлогдов. Томын хуваарь шалгалттай хэвээрээ, бүр тэдний 2-р анги нь өдөр нэг хүртэл шалгалттай болж таарав, бусад анги нь 11 гээд тарах хуваарьтай байхад. Гээд яалтайв, хичээлээс чөлөө авч зугаа цэнгэл хөөцөлдөнө гэж би хэзээ ч зөвшөөрөхгүй тул хичээл тарах үед чинь сургуулийн чинь гадаа хүлээж байгаад шууд явья даа гэж хэлэв. Уг нь миний бодож байснаар машин хөлслөөд охиноо хүргээд тоглолт нь дуусахыг хүлээнгээ багатайгаа FujiQ Highland-д өдрийг өнгөрүүлэх бодолтой байсан. 

Би өөрөө охиныхоо насан дээр амьд тоглолт үзэж байгаагүй, оюутан байхад европод очих үед Prodigy -н тоглолт болж таараад аав минь үз дээ гэж зөвшөөрсөн ч үзье гээд үздэг эд биш байсан тул маш их харамсаад өнгөрч байж билээ. Үзсэн бол гээд л хааяа мөрөөддөг байж билээ, тэгээд охиныхоо хүслийг биелүүлээд өгчих юмсан даа, байнга дурсах хамгийн сайхан дурсамжуудых нь нэг нь болоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байсан. Дахиад хэдэн жилийн дараа биднээс гуйхгүйгээр өөрөө бүх зүйлээ зохицуулаад сурчих болохоор бас дурсамжинд нь үлдчих санаатай хаха. Ээж охин 2-н хүслийг сонссон шүү, баярлалаа. Яаж гэж үү хэхэ. Ердөө 5 хоногийн өмнө охины сургуулийн ахлах сургуулийн 2-р ангийг хариуцсан нэг багш халдвартай хүний ойрын харьцагч болсон гээд ганцхан 2-р ангийханыг 27-29 хүртэл амраахаар болов. Тэр хооронд тэр багшийн шинжилгээний хариу гарах тул сурагчид гэрээр бие дааж хичээллэнэ гэв. 

Тэгээд урд өдөр нь машин хөлслөхөөр гэрээ хийгээд өглөө эрт гараад өдөр 1 цагт очоод охин авна гэсэн юмаа аваад, тоглолтондоо асуудалгүй амжсан. Бид 3 харин тэр хавиар өдрийг сайхан өнгөрөөсөн, цаг агаар ч сайхан байсныг хэлэх үү. Гэхдээ яаж зүгээр байхав, аян замын барцад байсан. Бүр урд өдрөөс нь хэхэ. Бага охин алимны шүүс уух гээд хийж байхдаа бүгдийг нь тонгоруулаад асгаад заваарсан юм болсон. Хүүхдээ юм асгахад бухимддаг ч гэлээ, уурлаж загнадаггүй юм. Охины асгасныг цэвэрлэж дуусаад 5 минутын дараа ээж миний бие идэж байсан хоолоо асгасан хаха (рамен). Гар хальтраад, манай хэд бүр гайхаад. Маргааш нь аян замд гараад удалгүй бага охины дотор эвгүйрхээд бөөлжсөн. Том охин багадаа машинд суухаар хямардаг байсан, бага маань адилхан болж таарав. Нээх сүрхий палааж өмссөн хүн байхгүй ээ, палаажны дотор өмсдөг хагас өмд, дотуур футболкатайгаа өдөржин явсан хэхэ. Ямар ч бэлтгэлгүй гэж нөхөртөө зэмлүүлэв. Үнэн болохоор яахав инээчихээд л яваад байсан. 



1 comment:

  1. Wow, гоё байсан байнаа. Ямар гоё амгалан юм бэ? Би бол одоо яанаа гээд санаа зовоод, бүх хүнийг тэрэндээ татан оролцуулаад, ядаргаатай явдаг ш дээ. Суралцмаар зүйлс олон байх юмаа.

    ReplyDelete