Pages

Monday, June 7, 2021

Орхи бас итгэ

 Том охины эцэг эхийн хурал болсон. Их амар, багш нар нь урьдчилж бичлэг хийгээд youtube дээр оруулаад эцэг эх нарт холбоосыг нь явуулаад зав зайгаараа үзэж болохоор тодорхой хугацаа өгөв.
Хагас сайн өдөр цаг гарган сонслоо. Ахлах сургуулийн 2-р анги тул жил хагасын дараа болох элсэлтийн тухай ихэвчлэн танилцуулав. Над шиг эндхийн их дээд сургуулийн элсэлтийн журмын талаар мэдлэг дутмаг хүнд бол маш их хэрэгтэй мэдээлэл байсан. Багш нар нь үндсэн ажил болох хичээл заах, анги даахаас гадна давхар маш олон ажил хариуцаж байдаг аж. Монголоор бол нийгмийн ажилтны үүрэг гүйцэтгэдэг багшийн яриа маш их анхаарал татав. Үндсэндээ ахлах сургуульд хүүхэд чинь орсон л бол сэтгэлдээ, зүрхэндээ санаа зовоод гаднаа бол тоохгүй ОРХИ гэсэн мэссэж байв. Гол нь миний үзэл санаатай нийлээд байгаа болохоор, өөрийгөө буруу зүйл хийгээгүйгээ мэдсэн болохоор, хэрэгтэй мэдээлэл олж авах гээд илүү сонирхож сонссон. Одоо хүртэл (16, 17 настай нөхдүүд шүү дээ) өглөөд сэрээдэг, хоолоо ид гэж дууддаг, өмнөөс нь багш руу нь ярьж хоцрох болсон тухай нь мэдэгдэж уучлалт гуйдаг эцэг эх нар зөндөө байдаг юм байна. Том болсон тул аав нь ээжтэй нь ярьж харьцдаг шиг ээж нь аавтай нь харьцдаг шиг л том хүн гэж тоож харьц, битгий хүүхэд, миний хүүхэд тул гэсэн дээрээс доош харьц гэсэн. Битгий хичээлээ хий гэж шаард, битгий хоолоо ид гэж дахин дахин дууд, битгий үглэ, зүгээр ОРХИ, ИТГЭ. Ирээдүйн мэргэжил сонгох тал дээр өөрийнхөө санааг битгий тулга, угаасаа тэдний мэдлэг яаж ч бодсон эцэг эхийгээ гүйцэхгүй тул өөрийн бодлоо тулгахгүйгээр зүгээр мэдэхгүй байж магадгүй гэсэн зүйлсийг нь сонирхуулах үүднээс хэлж өг, тэгээд л болоо. Өөрсдөө сонгоно, та нар чадсан бол тэд бас чадна ИТГЭ гэсэн. 
Багын биеийн тамирын өдөрлөг болсон. Шууд youtube-р дамжуулав. Цаг үетэйгээ хөл нийлүүлээд хүүхдээ яаж оролцож байгааг хажуугаас нь үзэж чадахгүй ч дэлгэцээр дамжуулаад үзүүлж байгаад талархаад баршгүй. 1-р ангийн жижигхэн юмнууд эгдүүтэй гэж, гүйж байгааг нь гээд л хайр эгдүүгээ хүргэн байж үзсэн. Ойрын 2 хоногийн турш үзэх боломжтой. 
За ингээд энэхүү цар тахлын үед мөн ч их юм өөрчлөгдөж байна даа. Дараагийн бичлэгээр миний хувьд хэрэгтэй болоод хэрэггүй өөрчлөлтийн талаараа бичнээ. 

1 comment:

  1. 14-тэй охинтойгоо бас итгэ/орхи тактик руу орох гээл ядаад бн. Айлын хүүхдүүд ок юм шиг, миний хүүхэд бол арай л болоогүйм шиг санагдаад бхым.

    ReplyDelete