Pages

Thursday, June 17, 2021

Гялайлаа

 Эхлээд магтан дуулж талархая. Коронагийн ач тус.

1. Гэр бүлдээ зарцуулах цаг, хамт байх цагийг минь нэмж өгсөн. Эхлээд бүтэн 2 сар гэртээ суусан. Өдөр бүр өглөөнөөс өглөө хүртэл хамт хэхэ. Дараа нь ажилдаа ороод хэвийн горимдоо орсон ч гэлээ харьцангуй бага цагаар буюу хуучин шиг оройны 9, 10 хүрэхээ байсан. Ажил ихтэй үед харьж ирээд ядарсанаа гайхаад гялс хийх юмаа хийчихээд л амрахаа боддог байж. Аав ээж 2 нь ажил дээрээ ямар их ажилтай, яаж ажилладгийг хүүхдүүд маань мэдэхгүй. Тийм ч болохоор гэртээ нээх л их идэж ууж унтаж хэвтэж ТВ үзэхээс өөр ид шидгүй харагддаг байсан гэдгийг ойлгосон. Гэртээ ажилласан 2 сар болон одоо ч гэсэн оройдоо сууж ажиллаж байгаа байдал маань охидод маань их сайнаар нөлөөлсөн. Ажил хийж байх үед өөрсдөө хичээлээ хийнэ, хүн завгүй байхад саад болж болохгүй гэдгийг давхар ойлгосон байх гэж найдаж байгаа. 

2. Хэтэрхий их нийгмийн идэвхтэй байдлыг багасгаж өгсөн. 2 охины сургууль, цэцэрлэгийн ажил. Ахлах сургууль бас ч гэж учиртай, тийм их биш. Цэцэрлэг бол аймшиг шд, 7 хоногт ядаж 1 удаа эцэг эх оролцсон ажил байдаг байсан. Бүгд шахуу байхгүй болсон. Их амар байгаа, байхгүй боллоо гээд минийхээр бол муудсан юм алга. Хийгээд дадчихсан хүмүүст бол онцгүй л байгаа байх. Төгсөлт, элсэлт гээд даруухан, цомхон болсон. 

3. Эдийн засгийн хэмнэлт. Их л хэмнэдэг байсан гэж боддог байлаа тэгсэн их л үрдэг байж. Хэмнээд томынхоо сургалтын төлбөрийг асуудалгүй төлөөд мундаг уу хэхэ. Хөл хорьчихоор аяндаа хэмнэгдэнэ. Талархаад баршгүй зүйл нь ажилгүй удаан гэртээ суусангүй, цалингаа хасуулсангүй, харийн хүн гэж гадуурхагдалгүй засгийн газрын болон ажлын газраасаа бусадтай ижил мөнгөн тусламж авлаа. Баярлалаа. 

4. Мэргэжлийн номнуудыг машиндаж байгаа. Жилийн өмнөх өөртэйгөө харьцуулах юм биш. Заавал ийм хожуу унших байсан юм уу гэж өөрийгөө нэг голсон ч гэлээ хэтэрхий хожуу биш ч юм шиг санагдаад толгойгоо илчихсэн. 

5. Элдэв томилолт байхгүй, бүхнийг өрөөнөөсөө хэхэ. Ялангуяа хэт халуун эсвэл жиндүү хүйтэн үеийн томилолт байхгүй. Гэхдээ очиж үзээгүй газар, цаг агаар гоё үед бол ээ явах юмсан гэж бодогдож байгаа. 

За коронатай хамаагүй нэг зүйл бол энэ муу блогтоо талархаж байгаа. Өнгөрсөн жил мэргэжлийн нэг нимгэн ном япон хэлнээс монгол хэл рүү орчуулсан. Блогийн ачаар бичих бэлтгэл байнга хийсэнтэй холбоотой монгол хэлний үг сонголт бичилт маань асуудалгүй байсныг монгол багш хэлж магтсан бөлгөө. 

No comments:

Post a Comment