Pages

Thursday, April 23, 2020

Дасан зохицол

Гэрээсээ гарахгүй, гэртээ ажиллаад сурчих юмаа хэхэ. Хүн гэж нээрээ дасан зохицох чадвар сайтай амьтан шүү. Бүтээмж хүртэл сайжраад байгаа. 
Агнистын гэрээ гээд 15 боть цуврал номны эхний 5-г нь бэлгэнд авч байсан юм. Тэгээд үдээс өмнө, үдээс хойш ажлаа хийгээд оройн цагаар иймэрхүү уран зохиолын ном уншаад байгаа. Дарааллаар нь уншихгүй бол утгагүй байх гээд эхний ботиос нь эхлүүлэв ээ. Тэгсэн бардаггүй ээ. Би нь тиймэрхүү шүлэглэсэн, уянгалсан зүйлсийг ойлгож хүлээж авахдаа тун муу хүн. Үргэлжилсэн үгийн зохиолыг уншихдаа бол ямар ч асуудалгүй нэгэн билээ. Тэгээд эхний ботийг нь тэврээд 3 хонов, уншсан зүйл маань толгойнд ордоггүй, дахин дахин уншаад хамаг цагаа барав. Тэгэнгүүт өчигдөр заавал дэс дараагаар нь унших хэрэггүй гэж үзээд бусад ботийг нь дэлгэж харав. 4 дүгээр боть нь шүлэглэсэн хэсэг багатай байсан тул барьж авав. Шууд л 2 цагт талд нь оруулав. Тэр ботинд бичсэн зүйлийг бүрэн сайн ойлгож авч байна. Угаасаа шүлэг найрганд дургүйгээ мэднэ л дээ, улам ойлгож бэхжүүлж авлаа. 
Том охинтойгоо маш эвтэй найртай байгаа. Охиндоо хэлье гэснээ хэлж охин ч сайн хүлээж авсан. Хөөрхий бас гэрт удаан сууж үзээгүй хүн хэрэндээ бухимдалтай байсан биз дээ. Одоо 4-лээ нуур нугас шиг л байна. Энэ өвчин бас ихийг ойлгуулж засаж залруулж өгч байна шүү дээ. 
5 сарын 7-с хуучин хэмнэлдээ орох эсэхийг тэр хүртэлх 14 хоногт өвчлөл ямар байх, мэргэжилтнүүд юу гэж зөвлөхийг засгийн газар хүлээгээд, засгийн газрын шийдвэрийг бусад нь хүлээгээд л байж байна даа. Минийхээр бол дахиад 14 хоног сунгах байх, тэгээд нэн хэрэгтэй албан газрууд эхлээд хуучин хэмнэлдээ ороод бусад нь 6 сар гэхэд асуудалгүй хэвийн хэмнэлдээ буцаад орох байх л гэж таамаглаж байна. 
7 хоногт 1 удаа ажил руугаа явдаг хэмнэлээрээ өчигдөр гэрээс гарав. Цаг хугацааны баримжаагаа алджээ, халууцаад сүйд болов. Гадагшаа гарахгүй болохоор цаг агаарын мэдээг анхаараагүй байна, урин дулаан цаг ирсэнийг мартаад зузаан хувцастай гарч халууцав. Гэр зуур байх хугацаандаа хувцас хунараа улирлаар нь янзлах шинэ ажил гарч ирэв хэхэ. Гэснээс цэцэг ногоо дэлгэрээд гадаа л байгаад баймаар гоё улирал ирсэнийг анзаарахгүй болгож байна шүү энэ өвчин. 
Хагас бүтэн сайнд эндхийн ТВ-р их сонирхолтой (надад), миний эзэмшсэн мэргэжлийн тухай олон ангит киног бөөндөж гаргаж байгаа юм. Бүтэн 3 цаг гарч байгаа. Орчин үе, Эдо эриний үе 2-г дамжсан үйл явдалтай зөгнөлт гэх үү кино хэхэ. 
Үдээс хойш бас бага охинтойгоо 1 цаг тулж ажиллаж байгаа. Сэтгэн бодох чавдарыг нь хөгжүүлэх дасгал ажил болон соробан. Өдөр өдрөөр сайжирч л байна. Том охины хичээл албан ёсоор эхэлсэн. Хувийн сургууль болохоор интернет ашиглаад хичээлээ заагаад даалгавраа өгөөд эхэлсэн. 
Нөхөр харин 3 хүүхний хоол хүнсийг цуглуулах ажилтай өнжөөд нэг дэлгүүр гардаг ажилтай хэхэ. Энэ 7 хоногт охид гэрээс гарсангүй, өдөр бүр тал өдөр тагтны хаалгаа онгойлгож агаарын солилцоо хийж байна. Энэ 7 хоног нэг иймэрхүү. 

No comments:

Post a Comment