Pages

Wednesday, April 1, 2020

Амны хаалттай төгсөлт


Халдварт өвчнөөс болоод төгсөлтийн арга хэмжээнүүд болох үгүй нь тодорхойгүй байсан юм. Цэцэрлэгийн төгсөлт бол эцэг эхгүйгээр зөвхөн хүүхдүүд оролцоод болсон. Том охины төгсөлт харин эцэг эх нь оролцож болохоор шийд гараад гэхдээ маш товчхон болохоор (дор хаяж 3 цаг зарцуулдаг бөгөөд дуусаад бас багш нартай нь хамт арга хэмжээ байдаг байсан) болов. Багш нар, сурагчид, эцэг эхчүүд гээд бүгд масктай гэхдээ ёслолын хувцастайгаа хэхэ. Төгсөж буй сурагчид маань масктайгаа найрал дуу дуулав.

гээд бичиж байсан байх нь. Дунд нь тасалдаад одоо л нэг юм үргэлжлүүлэхээр болж байна даа. Төгсөлтийн арга хэмжээ нэг тийм ёслол төгөлдөр ч гэлээ арай л өөр нөхцөлд болсон болохоор сэтгэл хөдлөл багатай, уйлж унжсан сурагч багш нар байхгүй байв. Эсвэл угаасаа дунд сургуулийн төгсөлт ийм болдог юм болов уу даа хэхэ. 
Түүнээс хойш нэлээд юм болсон байх. Охин лав таг гэртээ хэхэ. Бага бол цэцэрлэгтээ явж байгаа. Токиод халдварын тархалт ихсээд сүүлийн хэд хоног хальт түгшүүртэй байгаа. Халдварт өвчнөөс болоод эндхийн алдартай хошин шогч, жүжигчин нас барав. Архаг тамхичин байсан нь бас нөлөөлсөн болов уу гэж бодож байгаа. Токиогийн Олимп албан ёсоор хойшлохоор зарлагдсанаас хойш гэнэт л Японы өвчлөл нэмэгдээд эхэлсэн. Бодвол олимпоо хийчих санаатай жаахан жаахан дарж байсан болов уу гэж мунхаг би таагаад байгаа. 
Ажил бас яг яах нь тодорхойгүй байдалд байгаа. Цагийн ажилтангуудаа бол гэрээсээ ажилла гээд ирүүлэхгүй байгаа. Үндсэн ажилтангууд нь ирж л байгаа. Гэхдээ эрт харьж байгаа. Яг ирэхгүйгээр гэрээсээ хийж чадахгүй ажлаа хийхээр ирж байгаа. 
Өнөөдрөөс албан ёсоор хичээлийн, ажлын шинэ жил эхэлсэн. Их л даруухан байна. Зай барьж байгаа болохоор хуучин шиг шинэковуудаа дагуулж гүйлдэхгүй хэхэ. Токио хотын харьяа ахлах сургуулиуд 5 сараас хичээл нь эхлэхээр шийд гарсан. Хувийн сургуулиуд яах юм бол доо. Токио хот хөдөлгөөн хааж хөл хорьж магадгүй байгаа тул гэрээсээ ажлаа хийх боломжтой болгох нөхцөлөө ойрын хэд хоногт хангах гээд жаахан завгүй байгаа. Ирэх 7 хоногосс гэртээ суусан ч яахав. 

No comments:

Post a Comment