Pages

Thursday, April 16, 2020

14 хоног


Гэрээр ажиллаж эхлээд 14 хоножээ. Энд ирсэнээс хойш анх удаа ингэж их удаан гэр зуур байж үзлээ. Ажлын явц удаан, үр бүтээл хэвийн үеэс даруй 3 дахин муу байна. Өөрөө бол уг нь хичээж л байна хэхэ. 

14 хоногт гадуур тоотой хэд л гарлаа. 7 хоногт 1 удаа ажил руугаа очиж 1 цаг орчим хариуцсан юмнуудаа шалгангаа ажиллаж байгаа. 14 хоногт 1 удаа 2 охиноо аваад гэрийн ойрхон энэ хавьдаа хамгийн талбай томтой цэцэрлэгт хүрээлэнд 1 цаг орчим тоглов. Өчигдөр арьс арчилгааны ганц 2 зүйл маань дууссан байсан тул ажиллаж байгаа ганц салбар луу нь алхаж очиж авчихаад ирсэн. Гадуур бол ажиллаж байгаа газар цөөхөн байсан. Гэвч харамсалтай нь хүний хөл тэгж их татраагүй байлаа. Надтай ижил заавал хэрэгцээтэй зүйлээ авахаар явж байгаа улсууд байж болно л доо гэж нэг бодоод л өнгөрлөө. 
Өглөөд босоод цайгаа уугаад ажлаа хийнэ. Үдээс өмнө бичиж байсанчлан компьютер дээр хийх ажлаа хийж байна. Цаг орчим ажиллаад кофе ууна хэхэ. Дахиад 90 минут орчим ажиллаж байтал өдрийн хоолны цаг болно, бэлдэж хийж идсээр байтал бараг 2 цаг зарцуулж байгаа. Хоолны дараа бага охиндоо ойр зуур хичээл зааж өгч байна. Үсрээд 20 минут төвлөрч сууж чадах болохоор удаан үргэлжлүүлэхгүй байгаа. Оройн хоолны бэлтгэл хүртэл мэргэжлийн номоо уншаад суудаг юм. Нэг ёсондоо өмнө нь сурч мэдсэнээ сэргээнгээ дахин толгойдоо шинэ соргог мэдлэг нэмэх зорилготой байгаа ч нэг л сайн урагшилж өгөхгүй байна. Гэхдээ яахав хийхгүй ангайж сууснаас дээр гэж бодоод байгаа. Тэгээд оройн хоол, дараа нь жаахан цаг гарангуут нь ном уншиж байгаа. Энэ удаад бол сонирхолтой уран зохиолын ном. Тэгээд л нэг өдөр дуусч байна даа. 
Том охинтойгоо харин жаахан асуудалтай байна. Эндхийхэний ярьдагаар хэдэрлэдэг үе дээрээ байх шиг байна. Юм хэлсэн ч за гээд дор нь хийчихгүй, маргааш хийнэ гэж хойш нь тавиад л, минийхээр бол өөрийн эзэмшлийн хэсэг нь ямар ч эмх цэгцгүй, дүүтэйгээ эвтэйхэн эвийг нь олоод харьцчихгүй нөгөөхийнхөө уурыг хүргэж улам өөрийг нь бухимдуулах ааш авир гаргуулаад эргээд тэрэндээ өөрөө бухимдаад. Нөхөр бид 2 хараад л суугаад байгаа. Нөхөр уг нь охины эзэмшлийн хэсгийг цэгцэлж ангилж өгнө гэж байсан чинь охин дургүйцээд энд хэрэгтэй юмнуудаа аваад үлдчихсэн одоо янзлах шаарлагагүй гээд. Тэгэнгүүт аав нь шууд орхиж байгаа юм чинь. Уг нь манай хүн бүх юмыг их сайхан янзалдаг, би өөрөө чадахгүй юмнуудаа дандаа даатгаж хийлгэдэг, хийснийх нь дараа сэтгэл ханамж үргэлж 100% байдаг тул охины хэсгийг цэгцлүүлчих санаатай байсан боловч талаар болов. Энэ явдлаас хойш нөхөр том охинтой нээх дуугарахгүй байгаа. Өөрөө биднийг гэхгүй, тусдаа нэг хүн шиг байхад бид түүнийг гэж гүйх хэрэггүй чи орхи гээд байгаа. Зүгээр эцэг эхийн үүргээ биелүүлж наад захын идэж ууж өмсөж зүүхээр нь хангаад байхад одоохондоо болно гээд. Энд ойрд тв-гээр нэг сурталчилгаа гарч байгаа. Тэрэн дээр яг нэг гэр бүлийн 40 жилийн амьдралын зөвхөн нэг үйл явдлыг товчлон харуулсан. Тэр нь өглөөд гэрээсээ гарч яваад оройд тарж ирэх үеийн байдлыг  нэгэн гэр бүлийн охины өсөлттэй холбож харуулсан. Бага насандаа хөөрхөн ээждээ хөтлүүлээд аавтайгаа баяр хөөртэйгээр мэндчилгээгээ хийгээд гарч яваад оройд бас инээд хөөр болсоор орж ирнэ. Яг охин шиг минь ахлах сургуульд оронгуут дуу шуугүй гарч яваад дуу шуугүй орж ирнэ. Эцэг эхтэйгээ бараг харьцахгүй. Оюутан болоод ажилд оронгуут эргээд дуу шуутай болж санааг нь зовоохгүйн тулд хэзээ ирэх оройтох үгүйгээ мэдэгдээд, нөхөр хүүхэдтэй болонгуут бүр илүү дотно болж байгааг харуулдаг. Нөхөр харин энэ сурталчилгаа л үнэн юм даа гэж санаа алдан хэлсэн. Одоо багатайгаа нуур нугас шиг байгаа. Том харин зайгаа бариад л найз нөхөд гэвэл хамаг байдгаа барьж гүйгээд л, би би, намайг бод гэсэн байдалтай байна. Би яаж тэсэх билээ томыгоо жаахан юм бодог гээд үглээд амжсан. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш гэдэг дээ. Тийм болохоор өөрт нь хэлж өөрөө анзаарахгүй байгаа зүйлийг нь хэлж өгөх гээд үглээд байгаа. Ээж аав нь хэлж өгч зааж зөвлөхгүй бол гэж бодогдоод. Нөхөр болохоор өөрөө зүгээр болохоос нааш хичнээн хэлээд хайран цаг нерв болох вий дээ гээд байгаа. 
Энэ өвчнөөс болоод манайх нэг иймэрхүү байдалтай. Би бас оюутан байхдаа нэг хэсэг охин шигээ байсан. Найз нартаа хамаг анхаарлаа тавиад гэрийхэнээ тоохгүй. Тэр үед ингээд гэрээс гарч болохгүй хориг тогтоосон бол яах байсан бол доо гэж бодоод охин маань харин хаа очиж гайгүй байгаа юм болов уу ч гэж бодох шиг. Нөхөрт харин ийм үе байгаагүй гэсэн. 
Та нарт иймэрхүү үе байсан уу? Яаж харьцвал дээр байдаг юм бол доо. 

1 comment:

  1. Ohin mini uchigdur 10 hursen,odoo ch tsyr yntdag,tevreldej nyalyyrdag heveeree.Heden jiliin daraa iim ue ireh baih daa.Setgeliin beltgeltei baina daa geed l boddog bolovch gunigtai baih baih daa.Myyhai ch harj uzeegui,ih hairladag gedgiig nimeddeg bolohoor ter ch umy aavdaa ih myyhai aashilj deerengui baisan um shig sanagddag.Eejeesee aidag baisoon.End ussun huuhduud barag zagnuulj ch uzeegui shaham usdug bolohoor usvur nasnii hyamral deeree bur zadgai baidag um bolov yy.

    ReplyDelete