Pages

Friday, October 6, 2023

Зүгийн тухай бас бие даах тухай

 Энэ зүг (ичимхий, даруу) эсвэл тэр зүг (нүүрэмгий, галзуу).

Ойрд эндхийн тв-р олны танил хүмүүс өөрсдийгөө аль зүгийн улс болохоо ярьж их гардаг болжээ. Нэг нэвтрүүлгээр дан энэ зүгийн хүмүүс оролцоод, өөрсдийнхөө нийтлэг зүйл, энэ зүг биш гэдгээ нуух гэж хэрхэн зовдог, тэр зүгийн хүн болж харагдах гэж хэрхэн их хичээдгээ ярина. Энэ зүг болохоор тэр зүгийн хүмүүс шиг ам уралдаж ярихгүй, нэр дуудаж асуувал л нэг юм ам нээнэ хэхэ. Энэ зүгийн хүмүүсийг тэр зүгийхэнтэй хамт оролцуулаад нэг нэгийгээ сайн ойлгож харьцаж байгаарай гэж ойлгуулах талын нэг нэвтрүүлэг бас гарсан. 

Би бол энэ зүг л дээ. Ээж болоод л бүхэл бүтэн хүний амьдрал надаас шалтгаалах болсон тул тэр зүг рүү алхаж орохоос өөр аргагүй болсон. Ерөнхийдөө энэ зүгээсээ бүрэн гарч чадахгүй л байгаа. Шаардлагатай үед тэр зүг мэт байж чадна. Шаардлагагүй үед хөшгөө хаагаад энэ зүгтээ таг сууна шүү дээ. Ганц уулзчихаад л найзаа найзаа гээд байдаг хүмүүсийг жоохон ойлгосоон. Тэд чинь тэр зүгийн улс бөгөөд тэдний хувьд бол таньдаг бүх хүн найз нь гэнээ. Энэ зүгийн хүмүүс ойлгоход хэцүү, би хэзээ ч ганц уулзсан хүнээ, тэр ганц уулзалтаар санаа нийлж таалагдсан ч найзынхаа тоонд оруулж чадахгүй. Гэх мэт 2 зүгийн улсуудын ялгаа гарсаан. 

Бага охин биеэ даамаар байна гэсэн шаардлага ирүүлэв. Бага сургуулийн бага анги болохоор хэлсэн ярьсанаар нь байлгаж чаддаггүй юм. Найзуудтайгаа амралтын өдрүүдээр гадаа хамт тоглоно гэж амалчихаад ирнээ. Эхэндээ ч явуулахын аргагүй юм ярьж ирнэ. Зүгээр л тоглоно гэдгээ тохироод, хаана хэдээс гэдгээ ярилцалгүйгээр хөөрөөд хүрээд ирнэ. Явуулахгүй нь ойлгомжтой. Дараа нь хэзээ, хэдээс, хаана гэдгээ товлоод ирдэг болов. Эгчийг нь гуйгаад хамт явуулдаг юм. 2-3 удаа тэгж явуулсан. Саяхан Баасан гарагт Ням гарагт номын санд найзтайгаа хамт суумаар байгаа тухайгаа ярьсаар ирэв. Эгч нь хичээл хийнгээ хамт явна гэхээр нь найзых нь ээжээс зөвшөөрөл аваад явуулсан. Эгч нь хамт болохоор би ч санаа амар байдаг юм. Дараа нь бас л Баасан гарагт хэдээс гэдгээ тохиролгүйгээр нийлдэг хэдэн найзтайгаа тоглохоор тохироод ирсэн байв. Номын сан явах өдөр найз нь гэрийхэнтэйгээ гадуур гарах ажилтай байгаад, харьж ирэхээр нь явуулья гэж ээж нь хэлсэн болохоор та хэд 7 хоногийн дундуур тохироод гэрийхэнтэйгээ гарах ажилтай үгүйгээ, аав ээж нь зөвшөөрөх үгүйгээ маргааш нь нэг нэгэндээ хэлээд баттай тохирч бай гээд тэр удаад явуулаагүй юм. Тэгсэн найз нь хөөрхий шууданд хаана хэдээс уулзах яах ийхээ дэлгэрэнгүй бичсэн захиа хийсэн байсныг бид мэдэлгүй өнгөрсөн байсан байв. Уучлалт гуйлгуулаад өнгөрөв. Гэтэл энэ удаад миний хүсэлтийн дагуу 7 хоногийн дундуур хэн хэнтэй хэзээ хэдээс хэд хүртэл хаана тоглохоо дэлгэрэнгүй бичсэн төлөвлөгөө үзүүлэв. Тэгээд нэмэлтээр эгчийг хамт явуулахгүй байхыг хүсч байна, найзууд нь дагуулаа (stalker) орхиж ирээрэй гэсэн гээд бөөн инээдэм болов. Том охин ээж ээ би дагуул, мөрдөгч болж таарсан гээд л. Тэгээд бага охин ээж ээ би биеэ даагаад ганцаараа явмаар байна, гуйж байна гэв. Дотроо санаа зовж айж байгаа ч явуулж сургая даа. 

No comments:

Post a Comment