Pages

Monday, September 4, 2023

Хүүхдийн төлөө

 Зун дуусч байхад наранд түлэгдчихээд л үрчийгээд сууж байх юмаа. Гэхдээ эндхийн зун дуусах шинжгүй ид халуун хэвээрээ байна. 

Өдөр өнжүүлэхэд явдаг хүүхдүүдийн эцэг эхийн зөвлөл гэж байнаа. Заавал ямар нэг ажлын хэсэгт орох ёстой. Пиглет муухай залхуу, хойш суудаг балиар хүн тул коронагийн үед зугаална гэж юу байхав гээд ''Өдрийн зугаалга'' зохион байгуулах ажлын хэсэгт орсон бөлгөө. Муу санаа яаана гэдэг билээ тэрний дагуу л юм болсон. Энэ оны 5 сараас корона энгийн ханиадны төрөлд ороод элдэв арга хэмжээнүүд буцаад зохион байгуулагдаад эхэлсэн. Балиар хүн нь ямар ажлын хэсэгт орсоноо мартталаа хойш суусан байгаа юм. Нэг өдөр адилхан ажлын хэсгийн хүнээс энэ жил зугаалга зохион байгуулах боломжтой болсон тул уулзанаа 2-лаа гэв. Таарсан 2 таар шуудай, 2 хойшоо суусан хүн нэг ажлын хэсэгт орсон байж таарав. Уулзалдаад л жаал нэг нэгийгээ шоолов. Тэгээд яахав найдвар тасрахгүй 2, өөрсөд шигээ санаад анкет аваад явахгүй гэсэн хүн дийлэнхи байвал зохион байгуулахаа болиод, олонхи нь явна гэвэл зохион байгуулья даа гээд санал асуулга автал ингээд чи зугт гэсэн хариу гарав. Эцэг эх хүүхдүүд нийлээд 100 гаран хүн явна гэдэг байгаа. Үрчийгээд л 2-лаа гүрийгээд зохион байгуулсаан. Бас л чанга эд байдаг юм байна. Гадаад юм байж л хамаг захиа занаа, холбоо харилцаа, санал асуулга, мөнгө төгрөг гэсэн бичиг цаасны ажлыг нь хариуцав. Нөгөөх маань захиалга, худалдаа энэ тэр гээд миний хийх дургүй ажлуудыг хариуцаж хийв. 
Ингээд уламжлал ёсоор хичээл эхлэнгүүт эхний хагас сайн өдөр арга хэмжээгээ зохион байгуулав. Эцэг эх, хүүхдүүд маш идэвхтэй оролцсон. Хэлүүлэлтгүй л туслаад гүйлдээд, зохион байгуулж байгаа бид 2 баярласан. Гол нь аймаар халуун байхад шүү дээ. Япон аав ээж нар мундаг. Өөрөөсөө ичих шиг л болсон. Хүүхдийнхээ төлөө бүхнээ зориулах юмаа. 3 жил корона гээд миний хүүхэд BBQ яаж хийдгийг ч мэдэхгүй, идэж ч үзээгүй тул хүүхдэдээ үзүүлмээр байна, идүүлмээр байна гээд хар халуунд хүрээд ирж байгаа тэр их сэтгэлийг яанам бэ. Бүр ажилтай мөртлөө хүүхдүүддээ энэ боломжийг алдахгүй үзүүлэх мэдрүүлэх хэрэгтэй гээд үүрийн 4 цагаас ажлаа эрт эхлүүлж дуусгачихаад жоохон хоцроод хүүхдүүдээ дагуулаад ирж байгаа юм чинь. Гол нь найзуудтай нь хамт энэ бүхнийг хийлгүүлмээр байна гээд. 
Зохион байгуулж байгаа хүний хувьд өөртөө сэтгэл дундуур байсан. Анх удаа зохион байгуулж байгаа болохоор туршлага байхгүй, нааш цааш гүйгээд нээлтээ ч олигтой хийсэнгүй. Хаалтаа сайхан хийнэ гэж байтал нэг хүүхэд алга болоод хайж гүйгээд ашгүй олоод бардам хөтлөөд буцаж явах хооронд нөгөөх маань хаалтаа хийчихсэн гэв. За яахав яахав хүүхэд л эсэн мэнд олдсон тул тэр хаалтанд би байсан байгаагүй хамаа алгаа гээд тоосон ч үгүй. Эцэг эхүүд зохион байгуулж өгсөнд баярлалаа, ажлын хажуугаар хэцүү байсан биз дээ гээд ойлгож хүлээж авах нь их байсаан. Гэхдээ сэтгэл дундуур шүүмжилмээр юм зөндөө байсан байхаа. Адилхан ажлын хэсэг биш мөртлөө онцгойлон сэтгэл гарган тусалсан 2-3 ээж нарт хувиараа талархал илэрхийлж гүйв. Тарсаны дараа хамт зохион байгуулсан охины ээжтэй, 2 охинтойгоо 4-лээ үлдээд 2 охиноо тоглуулав. Манай 2 хөөрхөн, 2 ээждээ тусалж гүйгээд найзуудтайгаа ч тоглож амжаагүй байсан тул тэр 2-гоо тоглуулангаа ээжүүд жаал суусан. Юм ч идэж амжилгүй энд тэнд юм зохион байгуулж, учрыг нь олох гэж явсаар таарсан байв. Нэг нэгээсээ юм идэв үү гэж асуусан, хэн хэн нь 2 хүүхдийнхээ үлдэгдлийг идсэн байв хэхэ. За идэж уух ч яахав, ажил л амжилттай болсон бол яахав гээд тарав. 

Өглөө гэрээс гарахдаа шавьжинд хатгуулахгүйн тулд баахан шүршдэг юм шүршээд гарсан ч нарнаас хамгаалах юмаа хэрэглэхээ мартсан байв. Нэг шумууланд хатгуулсан. Харин 2 гар, хүзүүний ил гарсан хэсэг, 2 хацар түлэгдээский. Ув улаан юм, халуу оргиод л байж байна. Зун дуусч байхад сайхан л борлох шинжтэй. Хальт наршаад амжсан бас. Нэг хэсэг муужрах шахсан. Арга хэмжээ сайн авсан, толгой хүзүү сугаа усаар шавшаад малгайгаа норгож өмсөөд, шингэн юм байнга уугаад. Охин нэг хэсэг бас муужрах шахаад хүзүүнд нь мөстэй алчуур боож өгөөд, малгайн дотор нь мөс хийж өмсүүлээд дороо сэргээд ирсэн. Сэтгэгдэл асуухаасаа айгаад 2-лаа ингээд л дуусгачих уу гээд тохирсон. Шүүмжлүүлмээргүй, 2 сар бүх сэтгэлээ зориулж хийсэн болохоор олон долоон гомдол сонсмооргүй байнаа. 

1 comment:

  1. Оцүкарэ сама. Эдний энэ хүүхдийнхээ төлөөх хийдэг зүйлс нь асар биширмээр тийм ээ. Гол нь хүүхдүүдээ хөгжөөж чаддаг.
    Монголд томчууд л хөгжилдөх шинжтэй юм билээ. Хөөрхий хүүхдүүд тэнд өөрсдийгөө болгоод л, зайлуул.

    ReplyDelete