Pages

Wednesday, August 23, 2023

Толгой

 Бас л задрах нь. Үе үе их өвдөнөө, аргагүй биз дээ амралтгүй ажиллуулаад байгаа юм чинь. Өвдсөн тархинаас юу гарах нь уу.

  • Араар тавилт, нууц амраг, гэр бүлийн гадуурхи явдал. Ажлын нэг залуу эхнэрээ араар тавиад, гэр бүлийн гадуурхи харилцаанд ороод нууц амраг нь ил болжээ. Хаа ч байдаг л асуудал. Минийхээр бол 2 янз байх шиг. Зүгээр л нэг эсвэл зүгээргүй нэг. Зүгээр нэг гэдгийг гэр бүлийн хүн ч тэр, нийгэм ч тэр уучлаад байх шиг. Яагаад гэвэл зүгээр л бие махбодийн хууралт. Зүгээргүй нэг нь биетэй нь хамт сэтгэл нь явчихдаг болохоор гэр бүлийн хүн нь ч тэр нийгэм ч тэр уучлахгүй. Зүгээр нэг бол нэг хүнтэйгээ 1 л удаа, зүгээргүй нэг бол 1-с олон удаа. Энэ бол гаднаас харагдаж байгаа сэтгэгдэл. Харин дотроос буюу араар тавигчийн хувьд бол өөрийгөө хайрладаг, үнэнч сэтгэлтэй хүн хэзээ ч зүгээр нэг араар тавихгүй,  таарсан нэгэнтэй түр зуурын жаргалыг сонгохгүй, харин зүгээргүй нэг араар тавих буюу сэтгэл нь явсан үед л биеэ зориулах болов уу. Миний л бодол. Зөвтгөх шалтгаан байхгүй ч ойлгох гэж оролдох, уучлах, боломж олгох хэрэгтэй юм болов уу даа. Бас нээрээ эрэгтэйгээс илүү эмэгтэйг нь илүү их зүхэх юм. Хүн шүү дээ адилхан. 
  • Doctor Air. Өөрийгөө хайрладаг (зүгээргүй нэг араар тавих магадлалтай) хүмүүст хэрэглэхийг санал болгож байна хэхэ. Хань ижлийн бэлэг. Сурталчилгааг нь зөндөө л харсан, нээрээ юм болов уу даа л гэж бодоод хн гээд л өнгөрдөг байв. Хэрэглэж үзээд нээрээ магтмаар санагдсан. Хүзүү, нуруу нь чилдэг, суугаа ажилтай хөших магадлал ихтэй хүмүүст санал болгоё. Зүгээр л хэрэглээд үз, өөр тайлбар хэрэггүй байх. 
  • Эхнийх нь бүх хүнд адилхан хандаж, алаг үздэггүй, бүх хүнийг дэмждэг, олон янзын ааш араншинтай хүмүүсийг нэгтгэж чаддаг. Дараагийх нь өөрөө хамгийн сайн зохицож ажиллаж чаддаг хүмүүсийг хамтруулж баг болгож ажиллуулдаг буюу өөртэй нь тохирсон хүмүүс өөр хоорондоо тохирно гэдгийг мэддэг. Сүүлийх нь өөрөө таарч тохирдог, өөрийх нь санаанд хүртэл ажиллаж чаддаг хүнийг л үнэлж илүү их дэмждэг, тийм биш бол үл тоодог. За ийм 3 төрлийн удирдагч байна, хэнээр нь удирдуулмаар эсвэл хэн шиг нь удирдагч баймаар байна. Аль алинд нь авах, хаях шинж байх юмаа. Эхнийх бол урсгалаараа байдаг хүн нээх хичээгээгүй байхад бусдаас ялгаагүй хандаж байгааг нь анзаараад хичээж эхэлдэг, харин төрөл бүрийн хүмүүс тэр хүний нөлөөгөөр л цугларсан байгаа болохоор удирдагч байхгүй үед өөр хоорондоо таарахаа болиод ажил нурах тийшээ болох магадлалтай. Дараагийх нь бол удирдагч байсан байгаагүй хоорондоо гар нийлдэг, ижил санаа оноотой хүмүүс тул ажил зогсолтгүй амжилттай үргэлжилдэг ч тэр хүнтэй гар нийлдэг хүмүүст л хамааралтай, хараанд нь өртөөгүй угаасаа зохицохгүй хүмүүст хамааралгүй болчихож байгаа юм. Сүүлийх нь хийснээрээ буюу хичээснээрээ үнэлүүлэх тул хамгийн шударга ч юм шиг боловч үнэлүүлэх үгүй нь, хичээж байгааг нь анзаарах үгүй нь тодорхойгүй. Удирдуулж үзсэн 3 даргаа энэ талаас нь хараад дүгнэж үзэв. 
  • Vivant. Бүтэн сайн болгонд үзэж байгаа. Монголд зураг авалт нь болоод, монгол жүжигчид тоглосон болохоор хүмүүс надаас их сонирхож асуух юм, бас их үзэж байх шиг. Эхэндээ Монголтой холбоотой юм болохоор үзэж байсан, одоо бол үйл явдал дотор нь орсон тул үзэж байгаа. Монголоор ярьна гэж зарим Япон жүжигчид нь авч хаях юмаа. Тэд нарыг монголоор ярихаар нь монгол хэлээ ойлгох гээд би зүдэрчих юм, зарим нь бол мундаг сайн ярьж байгаа. 
  • Багтай мэт хүн. Нүүрний хувиралгүй ч үгээрээ зүгээр доош нь чихээд, зүрх рүү нэвт сүлбээд хаядаг хүн байх юмаа. Ямар ч үед нэг жижүүрийн инээмсэглэлтэй, уур нь хүрсэн ч, инээд нь хүрсэн ч тэр огт өөрчлөгдөхгүй муухай хуурамч юмаа. Ийм хүмүүсийг хараад юу бодож яаж байгаагаа нүүрэн дээрээ ил гаргаад явж байсан нь хавьгүй дээр санагдах болж. Хувиралгүй худлаа ярихыг нь яаана. 
  • Мэргэлж болох уу? гэж асуугаад энгийн хүмүүсийг нус нулимстай нь холилдтол өнгөрсөнд тохиолдсон явдлыг нь хэлж өгөөд ирээдүйд яахыг нь зааж өгөөд мэргэлээд яваад байдаг үздэг хардаг хүмүүс оролцдог нэг нэвтрүүлэг үзлээ. Мэргэлүүлмээр санагдтал хэлээд байх юм. Гэвч миний хувь заяа миний тархи толгой, ухаан бодолд минь, гарт минь атгаатай гэж боддог болохоор тэгсхийгээд унтарсан. 
Толгой ч гайгүй болчихлоо. Бичих юм ч дууслаа. 

No comments:

Post a Comment