Pages

Wednesday, August 9, 2023

Хайр татсан хүн

 Би нээрээ нэгэн төрөл зүйлийн хайр татсан хүн юм байгаа юм. 

Ямар төрөл зүйл гэхээр хазаж, хатгадаг шавьжинд хайрлуулдаг хүн. Хар багын л тэр олон хүүхэд байхад ганц намайг зорьж ирээд хатгадаг зөгий, хөл гараа ил гаргасан хөөрхөн олон охид хамт сууж байхад жинсэн өмдтэй намайг л олж ирээд өмдний цаанаас хатгачихаад явдаг шумуул, тавын таван хүн эгнээд суучихсан тэр битгий хэл гоё зөөлөн булбарай арьстай хүүхэд хүртэл байхад хэнийг нь ч тоохгүй намайг л гэсээр зорьж ирэн хүзүүн дээр шүрэн зүүлт шиг дарааллан хатгаад хазаад явсан үл таних тэр нэгэн хорхой, би ч гэсэн та нартай хайртай гэхгүй юу хэхэ. 

Зөгий. Анх зуслан дээр таарсан. Эргэлзэлгүй шууд над дээр ирээд л хатгаад явсан. Тараг түрхэж бариад л нэг юм эдгэрсэн. Тэрнээс хойш зүгээр зугатаастай. Оюутан байхад бүр гоё юм болсон. Эгчтэй хамт байхад бүхэл бүтэн 2 хүн байхад нэг рүү нь дайраад, анзаараагүй байхад 2 гарын сарвууны ил хэсэг (алганы эсрэг тал), 2 хөлний тавхайн дээд хэсэгт (улны эсрэг тал) нийтдээ 4 газар зэрэг хатгуулсан. Үйлдэл дээрээ тэр зөгий баригдсан ч даанч хожуу олж харсан л даа. За тэгээд угаасаа харшилдаг хүн байхгүй 2 гар, 2 хөл пэмбийтлээ хавдаад, гутал орох нь бүү хэл зүгээр алхаад явах гэхээр чинэрч өвдөөд 7 хоног үйлээ үзсэн. Хийлчихсэн хөл гартай, зуны амралт тулдаа л нэг юм болсон. 

Шумуул. Анхны тохиолдол энэ тэр гэсэн юмаа санахгүй байна. Ухаан орохын л надад хайртай гэж байсан хэхэ. Би л хазуулна, би л хавдана, бүр сүүдээ шумуулны өгөөш болдог болсон. Пиглет наанаа хөдлөлгүй сууж бай, чам дээр ирээд суухаар нь барьж авья ч гэх шиг. Хүүхдүүдээ хазуулахгүй гэж хамгаалах хэрэггүй шахуу, хамт байвал намайг л хазна. Шумуулнаас айж зугатахгүй ээ, араас гүйсээр байгаад тоохоо ч байж. 

Үл таних хорхой. Хэзээ хайрыг нь татсанаа сайн мэдэхгүй байна. Ажил дээр бол мэдээж олуулаа. Гэртээ 4-лээ, дүү охин ирээд 5-лаа байв. Хагас сайны өглөө нойрон дунд хүзүүний ар хэсэг аймаар загатнаад тэссэнгүй маажчихсан. Загатнаад л байсан, бүр нойр сэргэтэл. Тэгээд толинд хартал хүзүүний ар тал баруунаас зүүн хэсэг хүртэл 1см хэртэй улаан гүвдрүүнүүд жирийгээд, бас хөлөн дээр нэг. Эхэндээ халууцаад асемо (ихэвчлэн зун, халууны үед хөлөрдөг хэсгээр гардаг тууралт бөгөөд хүүхдэд их тохиолддог) гэж бодоод өөрийгөө нялхарчихаж энэ тэр гээд олон юм яриад л охины тосноос түрхэв. Жоохон намдсаан хөөрхий, гэхдээ хүүхдийн тун шүү дээ. За тэгээд урьд хожид мэдэрч байгаагүйгээр аймаар загатнаад, яавал маажихгүй тэсэх вэ гэдгээс өөр юм бодохоо байсан. Хүйтэн жин тавьлаа, савандлаа, тараг түрхлээ. Эмнэлэг ажиллахгүй болохоор яаралтай хэсэгт очихоосоо төвөгшөөгөөд 1 дэх болтол гүрийсэн хэхэ. 1 дэхэд үзүүлсэн, таамаг ёсоор хорхойнд хазуулсан байсан. Хүчтэй тос, уух эм авсан. Ядаж байхад яасан сүрхий харшилдаг юм гэсэн хэхэ. Эм тан мэдээж үйлчилж байна. Дор хаяж 20 хонож байж ор мөргүй эдгэрнэ гэсэн. Хэсэг хүзүүнийхээ ар талд зүүлттэй юм шиг ув улаан товруутай явах юм шиг байна лээ. Сүртэй дурлаж хайрладаг хорхойныхоо нэрийг асуугаад нөгөө хүн-аалз шиг Пиглет-????? юу болохоо мэдэх гэсэн чинь хэлж өгөөгүй. Хазуулсанаас хойш 12 цагийн дараа шинж нь илэрдэг нэг хорхой байж магад гээд том охин хайж өгсөн. Царай муутай, нисдэг хорхой байсан, ул мөрөө удаан үлдээдэг балиар хорхой байна лээ. Багцаа цагаар бодохоор гэртээ 5-лаа байх үед л би өртсөн байгаа юм. 

Гол нь энэ хазаж хатгадаг хорхой чинь халдварт өвчин тараадаг болохоор айгаад байдгийн. Тэгсэн үл мэдэх нөхөрт хазуулахад аюулгүй гэсэн байхаар нь жоохон санаа амрав. Хорхойны хайр татах ч хүсэх юм бишээ. Хорхойны хайр татдаг нэг үнэр танар л надаас ялгардаг байх даа бодвол хихи. 

No comments:

Post a Comment