Pages

Tuesday, September 19, 2023

Бор хүн

Ойрд сонирхуулах юм юу билээ.
  • Саруул ухааны бичлэгүүдийг уншаад цагаахан атаархаад, шимтэн уншсан. Ойрд зуны цагт хариагүй болохоор байгалийн сайхныг зурагнаас нь мэдрээд, өлссөн үеэдээ гэнэ алдаж орж уншаад баахан шүлсээ гоожуулж гэдсээ дуугаргалаа. Баярлалаа. Сэтгэгдэл үлдээх гэсэн бас нөгөө болдоггүй нь хөдөлчихсөн болохоор эндээ биччихлээ. 
  • Нэг тийм зүүн гарын бугуй нь цагны ороороо цав цагаан хүн байна. Эртээдийн наранд түлэгдээд улайсан хүн одоо божин бор болсон. Нүүр борлосон хэсгээр толботой болсон, гарын борлосон хэсэг үрчийж байна. Ингэж л хөгшрөлт хурдассан юм даа. Үүнээс хойш нарнаасаа л хамгаалаад хамаг биеэ хорхой шавьжиндаа зүгээр өгчихнөө. Нэгнээс нь хамгалаахаар нөгөөхийг нь орхигдуулчихаад байгаа болохоор хэхэ. 
  • Жолоогоо тавьчихсан юм шиг л уулаа. Анх удаа 4 хоног дарааллаж уулаа шүү дээ. Тохируулсан болохоор бие хаа хямраагүй ээ. Сарын өмнөөс тохирсон 3 уулзалт маань дараалж таараад. Эхнийх нь нөгөө монголд хамт сургалт хийсэн багийхантайгаа. Нөгөө хэд монгол хоолонд орно гээд надаас асуугаад, үнэндээ гадуур монгол хоолны газрууд зөндөө байдаг ч нэгэнд нь ч орж үзээгүй би санал болгох газар байхгүй, найзаараа заалгаад Улаанбаатар ресторанд оров. Дажгүй байсан. 0.33-р 2 пиво уусан. Маргааш нь ганц япон найз болон бид 2-той хамт ажилладаг байсан нэг хүнтэй 3-лаа чавгаар дагнасан нэг газар ороод, чавгатай дарс 3 хундага. Дараа өдөр нь гэрт зочин ирээд вино авч ирсэн ч зочин маань виноноос илүү highball-д дуртай гээд 2 станаканыг өөрсдөө найруулж уув. Тэгээд маргааш нь нөхөр пивээ санаа биз дээ гэсээр аваад ороод ирэхээр нь нээрээ санасан байна гээд бас уучихсан. 
  • Нэг тийм хөгжилтэй зурхай уншив. Нөхрийг эзгүйд 2 охинтойгоо уншсан. Мөнгөө юунд үрдэг вэ гэдэг сэдвээр ордуудыг бичсэн байв. Намайг брендийн гутланд үрээд дуусна гэсэн байв. Бага охиныг өөрөө ч юунд үрсэнээ мэдэхгүй үрэгдсэн байна гээд том охиныг найзуудаа дайлаад дуусгана гэсэн байв. 3-лаа нийлээд аавынхыгаа унштал, угаасаа үрэх ч мөнгөгүй гэсэн байв. Баахан инээлдэж байтал манай бага ээж угаасаа аавын мөнгийг авчихаар хөөрхий яаж мөнгөтэй байх вэ дээ гэсэн хэхэ. Эртээд бэлэн мөнгө хэрэг болчихоод охины хажууд түрийвчнээс нь авсан байхгүй юу тэгээд л аавыг нь мөнгөгүй болгодог хүн болсон. 

1 comment:

  1. Намайгаа байнга уншдагт баярлалаа. Сонирхолтой зүйл бичих юм сан даа гэж боддог ч нэг л мэдэхэд өдөр тутмын аар шааран зүйлээ л биччихсэн явах юм даа...
    Саруул ухаан нь.

    ReplyDelete