Pages

Monday, June 5, 2023

Ертөнцийг цонхоор

 Надад зориулж авч ирж өгсөн 4 номныхоо ард гарчихаад, 3 номных нь зохиогч шиг байж чадахгүй ч өөрийнхөө байх ёстой газраа, хийх ёстой зүйлээ хийсэн шиг хийгээд, гол нь өөрийнхөөрөө, цаг тухай бүрт зөв гэж бодсон шийдвэрээ гаргаад цоглог амьдрая даа. 

Энэ удаа санаандгүй уншсан 4 ном бүгд Монголын нийгмийн байгаа байдлыг яг байгаагаар нь харуулсан, яахаа мэдэхээ байчихаад, өдий болтол явж ирсэн зам минь буруу ч юм шиг санагдаад, өөртөө эргэлзсэн, нэг их өөртөө итгэлтэй байдаг зан нь хаашаа ч юм алга болчихоод, наанаа юу ч болоогүй мэт байвч, нүдний харц нь айхтар гүн болчихоод байсан намайг зог тусгаж чадсан. 

Зүгээр л өөрийгөө хэт их юм боддог, хэний ч ухаж боддоггүй зүйл дээр хэт их анхаарал өгч, хамаг цагаа хий дэмий зүйлд үрэн таран хийгээд, хайртай хүмүүстээ хүссэнээр нь цаг гаргахгүй амиа хичээгээд байгаа мэт санагдаад өөрийгөө өөрөө тайван байлгахгүй, өөрөө өөртөө дургүй хүрээд байсан. Ганцаараа биш гэдгээ, надаас илүү ухаж боддог, тэрэндээ шаналдаг, нэг биш нэлээд хэдэн өдрөө тэгж үрэн таран хийдэг тухай мэдээд,  хүмүүстэй харьцуулах нь муухай ч гэлээ жоохон санаа амарсан гэх үү дээ. 

Юу захих уу гэхээр нь ном л захимаар байсан. Ямар ном уу гэхээр нь хэлж мэдэхгүй, өөрөө мэдээд аваад ир, орчуулгын ном хэрэггүй гээд нэг зохиолчийн нэр хэлсэн. Тэр номнуудын 3 нь зүгээр бидний дунд байдаг хүний бодол, амьдрал, баримтат зүйл. Нэг нь бол байгаа зүйлийг байгаагаар нь хэн нэгэнд тохиолдсон болгож бичсэн уран зохиолын ном ч гэлээ учиргүй утга уянга байхгүй баримтат шахуу ном. 

Байгаа зүйлийг байгаагаар нь байлгамаар, худлаа магтсан, өнгөлөн далдалсан юманд дургүй зан минь улам л тодроод байх болж. 

Нэг хүн намайг өдөв. Би өдөгдсөн ч асуудалд бодитоор хандаж ул суурьтайгаар хариу үйлдэл үзүүлсэн. Энд хүмүүс сэтгэл гутралд орж, ажилдаа ирэхээ байдаг нь минийхээр бол хэлье гэснээ хэлж өөрийгөө ул суурь үндэслэлтэйгээр хамгаалж чаддаггүйд байх шиг. Бас ёс төр бодоод албан тушаал дээр хүн, насаар ахмад хүн гээд хэлье гэснээ хэлэлгүйгээр залгиад, өөрөө хямраад дуусдаг шиг. Гадаад хүн гэдэг үүднээс ч тэр угаасаа би тэгж хүлцэнгүй байж чадахгүй тул, бас надтай хэн ч байсан тэгж харьцахыг үл тэвчих тул хэлсэн. Бүгд хэлсэнээр нь үг дуугүй үгэнд нь ордог байх. Өөдөөс нь нэг хүн юм хэлээд байхаар, гэхдээ зөв юм хэлээд байхаар эрх мэдлээрээ далайлгаж болохгүй гэдгийг эрхбиш ухаантай хүн байна ойлгосон байх. Миний нүдэн дээр учиргүй лаг царайлж албан ёсоор уулзалтаа дуусгасан. Гэвч дараа нь Пиглет зүгээр үү, тэдний тасагт асуудал гараа юу, ар гэрт нь асуудал гараа юу гэж хүн амьтнаас асууж явсан байсан. Тэр хүний үйлдэлд хариу үзүүлсэн болохоос биш албаны ажил маань бүтэлгүйтээд эсвэл ар гэрт асуудал гараад тэр бухимдлаа таарсан болгондоо гаргадаг хүн биш гэдгийг ойлгохгүй улс олон юм даа.  Хэлэхгүй бол өөрөө хямраад гутралд ороод дуусна, хэлвэл хүний өөдөөс үг хэлээд бараг галзуурчиж ухааны юм ардуураа хэлүүлээд, юу ч хийсэн болж бүтэхгүй, ойлгож хүлээж авахгүй хорвоод бол өөрийнхөөрөө л байя. Гол нь зөв байх хэрэгтэй гэж бодоод хэлсэндээ, ардуураа хэлүүлсэндээ харамсахгүй байгаа. 


No comments:

Post a Comment