Pages

Monday, May 29, 2023

Өөр ертөнц

 Шибүягийн алдарт гэрлэн дохио. Бөөн live хийсэн гадаадууд. Хэн нэгнийхэд би бол орсон л байгаа. 

2 жилийн өмнө ажлын хэсэг бүлэг хүмүүстэй Шибүяд байрлах тусгай гишүүнчлэлтэй хүмүүс л ордог тансаг хоолны газар орсон билээ. Тэр үед далимдуулаад шинээр ажилд орсон нэгнийгээ хүлээн авах зоог барьсан. Тэр хүнийг энэ удаад үдэх зоог барьсан нь бас Шибүя байлаа. Гэхдээ тэр үеийн бүрэлдэхүүний яг тал нь оролцоогүй. Таараагүй болоод ажлаас гарсан, таараагүй улс нь ирээгүй. Аль 3 сарын сүүлээр гаргаж өгөхөөр ажлын ойрхон хоол идэхээр захиалга өгчихсөн байсан боловч найз ханиад хүрээд корона байж магад гээд хойшлуулсан байсан нь биеллээ олов. 

Ганц Япон найз, гаргаж өгөх хүнтэйгээ 3-лаа эрэлт хэрэгцээ ихтэй нэрд гарч буй хоолны газар оров. Захиалгаа урьдчилж заавал өгнө, ердөө 2 цаг л суух эрхтэй. Улаан, цагаан л гэж мэддэг бидэнд улбар шар вино санал болгов. Вино хийдэг усан үзэмний хальсаар нь хийхээр улбар шар болдог гэв. Анх удаа амсаж үзсэн. Вино л амтагдсан хэхэ. 2 цаг суугаад гарцгаасан. Үдсэн хүн маань ганцаараа өөр чиглэлд явах байсан тул үдэж өгчихөөд найзтайгаа 2-лаа нэг чиглэлд явах ёстой байсан ч гэлээ хэлүүлэлтгүй хэн хэн нь харих шинжгүй, яасан ч яачих шинжтэй байгаагаа ойлгоцгоов. Анх удаа оройн цагаар Шибүяд ямар ч зорилгогүй алхаж үзэв. 

Өдрийн цагийн Шибүя биш, шөнийн амьдрал тэнд өрнөж байв. Галт тэрэгний буудлаас холгүйхэн алдартай Хачико нохойн хөшөөний ойрхон залуу охид хөвгүүд өөрсдийгөө сурталчилсан танилцуулгаа тараацгааж байв. Би нь байгааг байгаагаар нь л хэлдэг хүн болохоор миний сэтгэгдэл гэвэл тэдэнд залуу нас, хүсэл мөрөөдөл л байна лээ. Яг үнэндээ мөрөөдөөд байгаа нэр алдартаа хүрэхэд нь ганц хэрэг болох авьяас, бие бялдар, царай зүс байхгүй байсан. Найздаа хэлсэн чи нээрээ аймшиггүйгээр үнэнийг хэлнээ гэсэн. Тэр охидын царай бол жинхэнэ царай нь бишээ, нүүрэн дээрээ жинхэнэ нүүр нүд хөмсөг уруул зурсан байсан. Залуучууд бас бөөн будаг шунх. Дуртай хүмүүс байдаг л байх л даа, би тийм будмал эрчүүлд дургүй болохоор тэрийгээ найздаа үглэсээр л явсан хихи. 

Скрамбл гэрлэн дохионоос холдон салаалсан гудмуудаар оронгуут бас л алдарт хүрэхээр тэмүүлсэн гудамжнаас гараагаа эхэлдэг дуучид, хамтлагууд цөөхөн ч гэсэн фенүүдийн хамт энд тэнд хэн нэгэн продюсерын анхаарал татчих гээд хичээцгээж байв. Дуулж байгаа бүх л газар нь завтай 2 нөхөр очиж сонсож сонирхов. Дуучид, хамтлагууд харин мундаг байсан. Заримыг нь дуулахад дагаад бүжих нь халаг сэтгэл хөөрсөн хэхэ. Яг сайхан сонсож байтал нэг бол хэнхэг өвөө ирээд энд дуу чимээ гаргаж болохгүй гээд болиулчихна, нэг бол цагдаа ирж сануулга өгнө. Бүгдээрээ маш дуулгавартай, анхааруулга авангуутаа юмаа хураагаад л яваад өгнө. Сахилга баттай мундаг. 

Ойрын хэдэн жил зорилгогүй явж үзээгүйгээрээ үзлээ. Хүмүүс ингэхэд яасан ч гоё адал явдалтай амьдралаар амьдраад байдаг юм. Миний өөрийн амьдрал балын харандаагаар зурсан зураас шиг уйтгартай санагдсанаа нуухгүй ээ. 

No comments:

Post a Comment