Pages

Thursday, June 15, 2023

Хүсэхэд хясна

 Ихэнхдээ л хүссэн юм яг эсрэгээрээ болох юм. Өнөөдөр надаас шалтгаалаагүй нэг хүсэл хяслыг, өөрөө орооцолдсон нэг асуудлын хамт бичнээ. Урт болох байх, нээх хэрэг болчих юм биш тул цаг заваа зарцуулах хэрэггүй биз дээ. Би нь өөртөө өдрийн тэмдэглэл маягаар үлдээж байгаа юм. Яахав энэ улсад ажилладаг хүн байвал юмыг яаж мэдэх вэ асуудалд орсон үед жоохон хэрэг болж магад туршлага маань гэх үү дээ. Эхлэе!

1. Ганц Япон найз минь олон улсын хуралд оролцохоор болов. Бүгд биш ч ихэнх Япончууд бэлдсэн зүйлээ англи дээр асуудалгүй илтгэж чаддаг ч асуулт хариултын үед хариулж чадахгүй бүдрэх нь элбэг. Найз өөрийгөө яг тэр хувилбар тул намайг хамт яваач гэж гуйв. Дани улсад болох хурал. Ажлаас зардал гаргахгүй тул хувиараа төлөхөд жоохон хэцүү, гэтэл найз би даана гэв. Тийм зүйлийг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй тул найз төлөхөөр бол явахгүй гэдгээ хэлсэн. Найз өөрийн ажилтай холбоотой компанитай ярилцаад спонсор олов. Тэр байтугай би буцахдаа Монголоор дайраад ирэх төлөвлөгөө гаргав. Одоо гол асуудал, би Япон хүн биш тул шенгений виз мэдүүлэх ёстой, Дани улсын элчин рүү холбогдтол Япончуудад түр яваад ирэхэд виз хэрэггүй болохоор энд зөвхөн тэнд удаан хугацаагаар амьдрах хүний оршин суух виз мэдүүлдэг гээд хурал хуйд оролцох үед энд ажилладаг бусад орны иргэдийн талаар сайн мэдэхгүй болж таарав. Захидал бичиж холбогд гэв. Гэтэл хурал болтол сар ч хүрэхгүй хугацаа байдаг, дор хаяж 3 сарын өмнө мэдүүлэх хэрэгтэй гэв. 3 сарын өмнө хуралд оролцох үгүй нь шийдэгдээгүй байсан тул боломжгүй байснаа хэлтэл материалаа өгөөд үз гэв. Гэтэл пасспортын хугацаа дор хаяж хагас жил хүчинтэй байх ёстой болж таарав. Минийх 10 сард дуусах тул, яг одоо Монголд шинэ пасспорт захиалаад хараахан ирээгүй байгаа тул угаасаа бүтэхгүй болж таарав. Ингээд найзтай явангаа амраад ирэх бодол маань жинхэнэ талаар болов. Ядуу, бүтэлгүй орны иргэн байх ч заримдаа үнэхээр хэцүү юмаа.

2. Энэ улс бол босоо удирдлага бүхий нийгэмтэй. Чи санал зөрсөн ч дарга хэлсэн бол бүтэхгүй гэдгийг мэдэж байсан ч хийх ёстой гэх үү дээ хар үгээр. Бас өөр тасаг байсан ч албан тушаал дээгүүр бол үгэнд нь орох нь бичигдээгүй хууль. Би нь тасгаа төлөөлөөд өөр нэг тасагтай хамтарсан ажилд за бараг 8 жилийн өмнө томилогдсон билээ. Тэр ажил нэлээд хугацаа зарцуулсан ч гэлээ төлөвлөсний дагуу амжилттай дууссан. Нөгөө тасгийн төлөөлөл (НТТ) болсон хүнтэй таарч тохироход хэцүү, яаж ийгээд ая эвийг нь олоод бусад мундаг хүмүүсийн санаа оноо түүнийхээс хавьгүй дээр болохоор тэр хүний санал ихэвчлэн дарагддаг байсан тул тэгээд ч тасгийнхаа нэрийг бодоод тэр хүн хийсэн хийгээгүй би ганцаараа шахуу бүхнийг хийгээд дуусгасан. Элдэв санаа оноо гаргахыг би гаргана, чи санаа гаргасан бол чи хийгээд харуул гэнэ. Би хийгээд үр дүнтэй болонгуут хэрэгжүүлж эхлэнэ. Тэгэхээр санаагаа гаргаад, хийгээд, үр дүнгээ нэгтгэх нь бүгд миний ажил болчихдог ихэвчлэн. Тэр хүн мэдээж надаас тушаал өндөр тул шалгах үүрэгтэй хүн болж таарна. Гэхдээ хамтарсан ажил тул тушаал хамаарахгүй хамтрах ёстой гэсэн бодол миний толгойноос гарч өгөхгүй, хааяа тэдний тасгийн ажилтан шиг, тэр хүний дор ажилладаг юм шиг сонин байдалд ордог байсан ч хийж байгаа ажил маань урагштай, үр дүнтэй байнгуут тэр жижиг зүйлсийг тоохгүй өнгөрч ирсэн. Мэдээж удаан хамтрахаар ажлаас гадна элдэв юм ярьж хөөрөх цаг гарна, бусад танил хүмүүсийг бодвол мэдээж дотно болно. Хамтарсан ажил дууссан ч гэлээ НТТ-н хүсэлтээр хааяа туслахаар очдог байв. Өөр чухал ажил хариуцаад завгүй байдгийг нь мэддэг болохоор боломжоороо тусалдаг байв. Хуучин босс маань Пиглет одоо болно, тэдний буюу НТТ-н ажлыг хийх хэрэггүй, гэхдээ та 2-ын хооронд сайхан харилцаа тогтоод чи тусламаар бол мэдээж болно гэж хэлж байв. Тэр үед л зогсоодог байж дээ гэж одоо маш их харамсаж байна. Шинэ босс өөрийнхөө ажлаас өгч, надад шинэ ажил хариуцуулах үед НТТ-д тусалж байгаагаа хэлтэл гайхаад тэр ажил дууссан, чамд цалин өгдөггүй газар цагийг чинь үрүүлмээргүй байна гэв. Чи мэдээж амжуулж чадна гэвэл 4 сарыг дуустал туслахыг зөвшөөрье, түүнээс цааш байхгүй шүү гэв. Мэдээж үгэнд нь орохгүй бол болохгүй. Бас би ч гэсэн НТТ-н ажлыг хийж өгөөд залхаж эхэлж байсан үе. Ээлжит уулзалтан дээрээ хэлсэн. 5 сараас би нэг ч зүйлд чинь нэмэр болж чадахгүй тул 4 сард хийлгэх юм байвал харин цаг гаргаад туслая гэсэн. Тэнэг хүн ч ойлгохоор хэлсэн. Ойлгоод, өөрөө үнэндээ огт хийж чадахгүй ч хамгийн чухал ажлаа надаар яаран сандран хийлгүүлэв. Тэр ажлыг нь хийж өгөөд өрөвдөөд нэгтгэж өгөв. Нэгтгэсэн ажлаа хүлээлгэж өгөхөөр уулзалт товлов. Тэр уулзалтыг би сүүлийн уулзалт гэж төлөвлөсөн байсан. 5 сарын дунд хүртэл туслах хугацаагаа сунгаад ажлыг нь нэгтгэж өгсөн, одоо уулзах үедээ танилцуулаад хүлээлгэж өгнө. НТТ мэдээж хамаг ажлыг нь нугалж өгсөн надад талархах байх, үүнээс цааш би хийнэ асуух юм гарвал холбогдоё гээд л дуусах байх хэмээн өөрийн мэдэлгүй дотроо сайхнаар төсөөлөөд очсон. Тэдний тасгийн үргэлж надад тусалдаг туслах ажилтанг оролцуулаад 3-лаа байнга хамт хуралддаг байсан юм. Тэр өдөр мөн адил 3-лаа хуралдахаар товлосон. Урьдчилаад нэгтгэсэн тайлангаа явуулсан байсан болохоор тодруулах зүйл байвал тайлбарлаж өгөх бодолтой байв, гэтэл тэр өдрийн хурал зүгээр там болсон. Миний саналыг ч асуухгүйгээр өөрөө хийж чадахгүй байж талархаад хүлээгээд авчихгүй, тайлангаас талыг нь хас, дахиж хий гэж үүрэгдэв. Чадлынхаа хэрээр тайлбар хийв, эсэргүүцэв, сонсохгүй байв. Түүний хэлсэнийг зөвшөөрөхгүй бол болохгүй байдалд хүрэв. Зөвшөөрсөн болоод өнгөрөөх гэтэл чи надтай хэлэлцсэнгүй шууд зөвшөөрлөө гээд уурлав. Санааг нь ойлгосноо хэлээд, өөрийнхөө тайлбарыг хэлээд байхад ойлгохгүй байгааг нь хэлж орхив, за яахав гээд ганц юм нэмж хийж өгөхөөр болоод хурал дуусгав. Их санасан газар 9 шөнө хоосон хононо гэдгээр ажлыг нь хүлээлгэж өгсөн ч юм байхгүй, нэмж загнуулчихаад гарч ирсэн өөртөө уур хүрэв. Өмнөх бичлэг дээрхи бодсон юмаа хэлээд ардуураа хэлүүлсэн явдал энэ уулзалтын дараа болсон. Ажил бол ажил, хийнэ гэсэн бол хийнэ гээд өөрийн ажлаа хийнгээ нэмэлт юмыг нь хийгээд жинхэнээсээ баяртай гэж хэлэх уулзалт товлов.  Нөгөө туслах ажилтанд бас хамт захиагаа явуулсан, угаасаа л тэгдэг байсан. Намайг сүүлийн уулзалтан дээр бараг галзуурсан ухааны юм хүмүүст хэлсэн байсан, тэгээд юмыг нь хийж өгнө гэж бодоогүй байсан байх, миний уулзах хүсэлтэй байгаа захиаг авангуутаа утсаар яриад туслах ажилтан оролцох боломжгүй цагууд хэлж 2-лахнаа уулзах тов санал болгодог байгаа. Арай хийж хэлсэн цагуудаас нь сонгоод 20 минутын зав гаргаад уулзахаар тогтов. Гэхдээ л ер нь 2-лахнаа уулзах аюултай тул сэжигтэй санагдаад байсан. Гэтэл аз гэх нь хаашаа юм миний хариуцаж авсан төхөөрөмж эвдрээд инженер дуудтал НТТ-тэй уулзах цагтай давхцаад, өөрийн ажлаа хийх нь зүй ёс тул уулзаж чадахгүй болсоноо хэлээд уулзалтан дээр ярих зүйлээ захидлаар тайлагнаад сүүлийн үр дүнгээ явуулав. Тэгтэл за энэ үр дүнгийнхээ дагуу эцэслээд нэгтгэ, үргэлжлүүлээд дараагийн ажилд тус бол ухааны юм бичсэн хариу ирэв. Бас л 2-лахнаа уулзах тов тогтооё, туслахыг үүнээс цааш оролцуулахгүй гэсэн байв. Гэрчгүйгээр яах ч гээд байгаа юм гэж санагдаад болдоггүй. Миний тэвчээрийн тэр нэг нарийн утас энд хүрээд тас үсрэв. Өөрийн чинь ажлыг хийх боломжгүй, миний туслалцаа хэрэгтэй бол босс-р дамжуулаарай гээд үлдэгдэл ажлыг танд даатгалаа гээд орхив. За тэгээд л энэ ер нь нэг л биш гэж мэдэрсэн байх л даа, нойтон хамуудаж эхлэв. Заавал уулзана л гэнэ. Эхэндээ томорч байсан хүн зөөлрөв, жижигрэв, буруу ойлголцоод байна уулзая л гэнэ. Миний нэг зан байдгийн. Нөгөө хүнийгээ гэх сэтгэл өчүүхэн ч байхгүй болчихвол яаж ч гуйгаад би эргэж харж чаддаггүй юм. Яг тэр зан хөдлөөд, тэр хүний төлөө юу ч хийх хүсэлгүй болсон тул гэдийсэн. Сүүлдээ шинэ боссд үнэнийг хэлж, тэр хүнээс таньд хандсан ямар нэг хүсэлт ирвэл зохих арга хэмжээ авч өгнө үү гээд гуйсан. Боссд учрыг хэлсэн тухай сүүлийн захидал дээрээ бичээд үлдсэн ажлыг хариуцан дуусгахад хэрэгтэй бүх материалыг хавсаргав. Арай хийж нэг юм ойлголоо, үргэлж баярлаж явдаг гэсэн хариу ирж энэ асуудал намжсан (бас л ардуур бөөн юм болж байгаа биз гэж бодоод сэтгэл санаагаа бэлдэж байгаа). Асуудал үүсвэл, хэрвээ чиний зөв бол, зүгээр босс нартаа даатгаж бай л гэх гэсэн юм. Би цаг алдсан бас нэг шалтгаан бол босс солигдоод, шинэ босс хуучин шиг намайг хамгаалах үгүйг мэдэхгүй байсанд юм. Гадаад хүний бас нэг зовлон юм даа. Шинэ босстой босс болохоос нь өмнө хамтдаа олон жил ажиллаж ирсэн болохоор, намайг мэддэг болохоор тэр байх хамгаалсан, гэхдээ хэтрүүлэн хамгаалаад бас л асуудал томровол томрохоор л болчихлоо. 

Маш урт бичлэг уншсанд баярлалаа. Энэ бүхнийг хаа нэгтээ гаргахгүй л бол би өөрөө бөглөрчих гээд. 

No comments:

Post a Comment