Pages

Monday, December 26, 2022

Ирлээ, гарлаа

 Гэнэт л толгойд шинэ жил ирлээ ирлээ, шинэ он гарлаа гарлаа гэдэг дуу орж ирлээ.
Жилийн сүүлийн ажлын өдөр хуучин оноо үдэх арга хэмжээ болдог юм. Тэрний зар ирээд л нээрээ энэ чинь гэж бодонгуут энэ дуу орж ирж байх юм. Энэ жил бас онлайнаар хэхэ.

Өчигдөр өвлийн өвгөнд захиа бичих байсныгаа мартчихаж. Эндээ биччихнээ. 

__________________________________________________________________________________

Хүндэт өвлийн өвгөн аав минь

Энэ жил хэзээ ч том болдоггүй Пиглет миний бие нь танаасаа бэлэг нэхэж зовоохгүй ээ. 2022 оныг надад өгсөнд маш их баярлалаа. Энэ онд нэгэн эрхэм хүний ачаар эрх дураараа хийе гэснээ хийж, оролдож үзмээр байсан бүхнээ оролдож үзэж чадлынхаа хэрээр хичээсэн ч одоогоор санасан үр дүндээ хүрч чадсангүй ээ. Тиймээс бэлэг авч эрхлэх эрх надад алгаа. Ирэх жил харин хүссэндээ хүрчихсэн сууж байгаа намайг жинхэнээсээ шагнаж урамшуулаарай. 

Пиглетээс

__________________________________________________________________________________

Харин том хүн шиг 2022 оныг дүгнэх юм бол:

1. Гэр бүл. Аз жаргалтай, эвтэй, эрүүл саруул, сайхан байсан. 90% гэж дүгнэнээ. Гэр бүлдээ зарцуулах цаг бага гаргасан болохоор 10% хасав. 
2. Ажил. Албаар 50% л хичээсэн. Ажлаас гадуур өөр зүйлд үлдсэн 50%-г зориулсан ч өөрийн хүссэн хэмжээнд хүртэл амжилтанд хүрч чадаагүй. Боломж бол хангалттай байсан ч сонголтоо буруу хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрнөө. Ирэх онд үргэлжлүүлээд сүүлийн удаа оролдоод үзнэ. 
3. Сэтгэл санаа. Үе үе газар хөдөлж цунамид автаад, үе үе үхсэн амьд нь мэдэгдэхгүй нам тайван байсан. Өөртэйгөө их ярьсан, сэтгэлдээ тохируулаад өөрийгөө хааяа аргадаж, хааяа магтаж, хааяа доош нь хийж байж юм юмны ард гарлаа. 40-60%. Хэтэрхий их хэлбэлзээд, хааяа тогтож сууж ч чадахгүй болох үе гарсан тул ийм үнэлгээ өгөв.
4. Амралт. Байхгүйтэй ижил. 10% гэж үнэлнээ. Амралт авсан нэртэй ажлын гадуур хийх юмаа хийж гүйгээд таарсан болохоор. Гол нь өөрийнхөө төлөө юм даа. 
5. Хөгжим. Ажилдаа ирж очихдоо, хааяа нойроо сэргээх гээд миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон болохоор 100%.
6. Уншлага. Мэргэжлийн номыг бол үнэндээ солиортол уншсан тул 200%. Харин уран зохиол 10%. Ирэх жил чадвал тэнцүүлнээ. 
7. Эрүүл мэнд. Ном их уншаад хараа муудсан байсан, бусад эрүүл мэндийн үзүүлэлт үзлэгээр онц. Гэхдээ 90% гэнээ, үлдсэн 10% нь дутуу нойрны хасалт хэхэ. 
8. Хүмүүс. Хэн нь хэн, хэнтэй нь яаж харьцах зэргээ илүү сайн мэдэж авсан. Өөрийгөө бас давхар таньж мэдсэн. 95% гэж үнэлье дээ, үлдсэн 5% нь өөртөө сэтгэл дундуур байгаа болохоор, харилцаан дээр үл ялиг алдаа гаргачих гээд байгаа болохоор хасав. 

Ирэх жил энэ хувь багатай хэсгүүдээ сайжруулаад явах санаатай. Он гараад 2 сард миний хувьд маш чухал ажилтай, тэрийг давчихвал 3 сар хүртэл нам жимдүү, гэхдээ охины конкурс байгаа болохоор өмнөөс нь сандраад догдлоод бас хэрэндээ завгүй байна. 3 сард харин маш том зүйл шийдэх болохоор одооноос бодохоос ч халширч байна. Хувь заяандаа даатгаад л харж байя даа, мэдээж өөрийн зүгээс чадах бүхнээ хийнэ. Тэгээд тэрийг давчихвал цаашаа бол давалгаанд ороод намирчихад болоо доо. 

No comments:

Post a Comment