Pages

Wednesday, December 21, 2022

Мэдрэмж

Дөхөөд очихоор онгойдог хаалга байдаг даа.
Өнгөрсөн жилээс эхлээд өвөл болонгуут гэрийн болон ажлын гадна хаалга намайг хүн гэж мэдэрч онгойхоо байчихсан. Хүн биш болчихсон юм байх даа хэхэ. Дулааныг мэдэрч онгойдог байх л даа, хүйтрээд, хувцас зузаараад хүн шиг мэдрэгдэхгүй л байх шиг. Гэхдээ өмнө нь яагаад зүгээр байсан байх уу? 

Шатаар өгсөж явахдаа хий гишгээд бүдэрч унах шахаад, бас хойшоо эргэж хараад байнаа хэхэ. Амьхандаа хүн харчихсан байх вий л гэж ичсэн байх даа. Ойрын бараг 3 сар ихэнхдээ суугаа ажил хийж байгаа болохоор хааяа нэг орж гарахдаа шатаар өгсөж уруудаж байгаа ухаантай юм. Эхэндээ ч 7 давхар хүртэл аймаар амьсгааддаг байсан бол одоо овоо хүн шиг болоод байгаа. 

Нөхөр Аргентин, би Францыг дэмжээд нэг шөнийн нойр байхгүй болсон. Би эхэндээ ээ та нар ганц гоол хийчих л дээ гэж гуйж байсан бол сүүлдээ хожиж ч магадгүй болоод, сонирхолтой тоглолт үзээд сайхан байлаа. Хичнээн өөр баг дэмжээд танай баг ингэсэн тэгсэн гэж нэг нэгээ үгээр идсэн ч гэсэн тэврэлдээстэй л сууж байлаа. Том охин бүр гайхаад та 2 ингэж тэврэлдэж суучихаад албаар нэг нэгнээсээ зөрж өөр баг дэмжээд байгаа юм уу гээд гайхаад байсан. Охиныхоор бол хэрвээ өөр баг дэмжиж байвал хол суугаад л тоглолт дууссаны дараа дэмжсэн баг нь хожвол онгироод л үгээр идэх юм гэсэн. Аргагүй л хүүхдээрээ байна даа гэж бодлоо. Бид 2 том болчихсон болохоор хаа холын хөндлөнгийн юмыг өөрсдийн харилцаандаа авч ирж наахаа больжээ хэхэ. Жоохондоо ч наадаг байсан байж магад шүү, бүр муудалцах эх үүсвэрээ болгож байсан ч байж магад. 

Бага охины эцэг эхийн хурал болоод, өвлийн амралт эхлэх гээд багш нь та нар хүүхдүүдээ сайн магтаж урам хайрлаарай. Өөрсдийнхөө хэмжээнд маш их хичээцгээж байгаа шүү. Одоо бол сууж сурах, хийж сурах, харилцаж сурах, харьцаж сурах, мэндчилж сурах, мартахгүй байж сурах, мартсан ч тэрийгээ үнэнээр нь хэлж сурах, хүндэлж сурах, найзалж сурах, уучилж сурах, өрөвдөж сурах, үгээ хэлж сурах, сонсож сурах нь л чухал. Хэн нь хэнээсээ юугаараа илүү байсан, хэд авсан нь огт хамаагүй шүү гээд л миний хамгийн зөв гэж боддог үзлийг л дахин дахин хэлээд байсан. 

Том охин нэг өдөр ээж ээ таны хэлсэн үнэн юм байна. Би таны надад хэлж байсныг сонсоод, эртнээс үгэнд чинь орсон бол одоо илүү амар байх байсан гэдгээ мэдэрсэн. Уучлаарай бас баярлалаа гэсэн. Би ер нь хүнийг хүчилдэггүй, хүүхдээ юунд илүү авьяастай, юуг өөрийгөө зовоолгүйхэн шиг амархан хийж бас хурдан сурдгийг нь ажиглаад мэдчихдэг болохоор миний охин энэ чиглэлээр явбал зүгээр гэж санал л болгодог байсан юм. Өөрөө ирээдүйгээ шийдэх болохоор хүчлэхээр зөрөөд буруудчих вий гээд тулгадаггүй. Тэгсэн өөрөө мэдэрсэн болтой. Жоохон хожуу ч гэлээ мэдэрсэнд л баярлаад байгаа. 

Бага охин өчигдөр нээх сүртэй ээж ээ, бид нар (гэр бүлээ хэлж байгаа юм) их олон хүнд тус болдог юм уу? гэхээр нь яасан гэсэн чинь, зун эсвэл өвөл манай гэрт энд тэндээс дандаа гоё юмнууд ирдэг. Би ажиглаад мэдчихсэн гэнээ. Энд зуны ид халуун бас шинэ жилийн өмнөхөн талархаж явдаг хүмүүстээ тэрийгээ илэрхийлж гоё гоё юм илгээдэг юм. Би ч зөндөө бичдэг дээ, манайх байнга явуулдаг 3 айлтай. Харин эргүүлээд бас зөндөө олныг авдаг юм. Өчигдөр яг миний ганц Япон найзаас бэлэг ирсэн юм. Эндхийн алдартай зочид буудлын рестораны хоол ирсэн. Нэг залхуурсан өдрөө идчихнээ, асуудалгүй хэхэ. 

No comments:

Post a Comment