Pages

Thursday, January 20, 2022

Би л эхлүүлдэг

 Юуг гэж үү? Дурлал, хайрыг. 

Аймаар хөнгөн юм шиг мөртлөө аймаар хүнд сэдэв эхлүүлсэн шүү, та хэд түрээд бичээд яваарай. 

Өмнөх бичлэг дээрээ бичсэн дээ, айл хэсээд гэж. Хайр дурлалын асуудал орхигдохгүй, мөнхөд дурьдагдах юмаа. Тэгээд яахав одоо болтол өөрөө дурласан, дурлуулсан, дурлалаа илчилсэн, илчлүүлсэн, үерхсэн, үерхээгүй, суусан суугаагүй учралууд болон суусны дараах хүнд хөнгөн дурлал байдаг эсэх гээд болоод өнгөрсөн болон болж ч магадгүй юмнуудыг бодож үзлээ л дээ. Хайр дурлал гэхээр хүн болсон хойно бас хальт догдлоод байгаа бус уу хэхэ. 

Оюутан байхад аавын найзууд гэрээр их ирдэг байсан. Аавын найз гэх үү шавь гэх үү Японд сурч барьсан лаг ах байдаг байсан юм. Тэр ах харин аавд танай энэ бага охиныг чинь хүүтэйгээ уулзуулаад болдог бол суулгах юмсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд тэр 2 хоорондоо юу ч гэж тохирсон юм бүү мэд. Нэг өдөр аав чи нэг тэрний хүүтэй уулзаад үзэх үү гэж асуудаг байгаа. Манай аав чинь аймшиг хатуу хүн шд. Тэгтэл өөрөө тэгж хэлнэ гэхээр найздаа үгүй гэж хэлж чадаагүй, юу ч болсон надад хэлээд үзье гэж бодсон гэсэн. Сүүлд надад хэлээд инээж байсан. Миний хариулт юу байсан гээч. Тэрний хүүтэй бол үгүй ээ, тэгээд ч би сонгогдож биш би өөрөө сонгож, суумаар хүндээ өөрөө санал тавиад сууна. Аав нүд нь томроод л нэг гацсанаа за ойлголоо гэж билээ. 

Тэр үед бас хальт ч гэсэн өөрийгөө мэддэг байжээ. Надад сайн боллоо, үерхэе гэж гуйх ч юм уу сэтгэлээ илчилсэн хэнтэй нь ч үерхээгүй, гэхдээ аягүй муухай энэ надад сайн болчихож дээ гэж гадарлахаараа сэтгэлийг нь заавал илчлүүлүүлдэг охин байжээ. Тэгчихээд зөвшөөрөхгүй. Харин өөрөө дурлавал жинхэнэ үү, түр зуур шохоорхол байна уу гэдгээ нэлээд удаан ажиглаад жинхэнэ бол шууд өөрөө эхэлдэг байжээ. 10 жилд байхдаа шохоорхож байсан ч учиргүй тэрийгээ илчлэх зориг ч байгаагүй, хүсэл ч байгаагүй. Оюутан болоод зориг орсон хэхэ. Анхны найз залуу болох хүндээ учиртай гэдгээ мэдэгдчихсэн ч тэр маань эхэндээ мэдээгүй царайлаад байхаар нь гэнэт дургүй хүрээд орхичихсон. Тэгсэн удалгүй араас гүйгээд л тэгээд өөрөө эхэлж дурласан болохоор дороо сэдрээд сайхан үерхсээн. Тэгээд бас л миний хүсэлтээр салсан. Нэг л бүтэхгүй санагдаад салж байсан. 

Дараа нь нөхөртэйгөө найзлаад, бас л би эхлүүлсэн. Тэгээд би л санал тавихгүй бол хайран сайн залууг алдах нь гээд 2-лаа суух уу гэж асуусан нь бас л би хэхэ. Манай хүн одоо үгүй л гэдгийн хаха. Угаасаа суух нь тодорхой байсан, чамаар хэлүүлэх шаардлага байгаагүй л гэдгийн. Би ер нь халдаж ойртохын аргагүй аймаар харагддаг байх, эсвэл энэ нэг юм хайр дурлал гэж мэдэх үү, уйдаж үхэх байх холхон байсан нь дээр гэж боддог ч юм уу би л эхлэхгүй бол миний хайрлаж дурласан хүмүүс надад ойртдоггүй нь сонин. Нээх олон биш ч гэсэн, би эхэлсэн тохиолдлууд бүгд бүтсэн болохоор хадны мангаа шиг харагддаг байх магадлал өндөр. 

Эмэгтэй хүнийг өөрөө хайртай биш, өөртөө хайртай хүнтэйгээ суу гэдэг дээ. Би бол үгүй юм байна лээ. Өөрөө л хайргүй бол энэ олон жилийг ямар эрч хүчээр барах юм бэ гэж боддог болохоороо ингээд өөрөө эхэлдэг байх л даа. 


2 comments:

  1. Шинэ оны мэнд ээ, чи минь ясан гоё сэдвээр бичээдэхэв ээ. Хэ хэ.

    Шохоорхдог байсан байсан хөвгүүд бий бий. Одоо гэхдээ хаана ч явдаг юм бүү мэд. Шохоорхуулж явсан нь ч бий бий. Тэд ч хаана явдагийн бүү мэд. Хэ хэ.

    ReplyDelete
    Replies
    1. Хамаагүй бичиж болохгүй сэдэв байсан бололтой хэхэ.

      Delete