Pages

Thursday, December 24, 2020

Хүсэл

 минь биелжээ. Би ер нь мэргэн түргэн юм биш үү хэхэ. Жоохон зав гаргаад жилийн өмнө бичиж байсан зүйлээ ухаж олж уншлаа.
Тэгсэн чинь 2020 он бол онцгой жил байх нь ойлгомжтой, гэр бүлдээ илүү цаг гаргамаар байна гээд цагаан дээр хараар тодоос тод бичээд үлдээчихэж. Бас ажлын хувьд тогтвортой, тайван амгалан байдал болон суусан газраас шороо атгахаар буюу өөрийнхөө толгойнд мэдлэг үлдээхийг бэлгэдсэн гадартай тэмдэглэлийн дэвтэр сонгосон билээ. Нээрээ л онцгой жил байсан, ганц миний хувьд биш дэлхийн түүхэнд бичигдэхээр онцгой жил болсон уу, болсон. Ханьдаа, 2 охиндоо бас өөртөө хангалттай цаг зарцуулсан. Ажлын хувьд ёстой нэг суурин тогтвортой байсан, 3 удаа улс дотроо, 2 удаа гадагшаа явах ажилтай байсан маань бүгд онлайн горимд шилжээд аягүй тайван амгалан жил болоод, мэргэжлийн хичнээн ч номны ард гарав даа. Тэгэхээр жилийн өмнө хүсч байсан зүйлс маань бүгд биелэлээ олжээ. Нэмээд хэрэгт хэрэггүй юманд их мөнгө үрдэг байснаа мэдсэн. Маш их зүйлийг ойлгуулсан жил, ойлгосон жил байсан. Мэдээж жил бүр биеийн болоод сэтгэлийн эрүүл энхийг хүсдэг маань ч биелэлээ олж хайртай дуртай хүмүүс маань эрүүл саруул байгаад баярлаад баршгүй. БАЯРЛАЛАА 2020. 
Ирэх жилдээ хүсэх хүслээ бичнээ. Би чинь ажил л байхгүй бол хэцүүддэг хүн болохоор зөвхөн өөртөө хүсэх зүйлээ түүнтэйгээ холбоод л хүснэ дээ. Маш их эрч хүчтэй, цоглог, ажлын амжилт ихтэй, яг л цэцэглэж буй цэцгийн дэлбээ шиг энэ олон жил сурч мэдсэн мэдлэг, хуримтлуулсан туршлагаа 100% ил гаргаж цэцэглэх цаг болсон буй заа. Ухаан жолоогүй, хийхгүй бол болохгүй гэдэг үүднээс ажиллах биш, урам зоригтой өөрөө хийе гэж ажиллахаар бие сэтгэлээ бэлтгэнээ. Үүнийгээ ч бэлгэдээд ирэх жилийн дэвтрийн гадар маань дэлбээлсэн хөөрхөн жижигхэн цэцэгнүүд. 
Гэр бүл, найз нөхдийн хувьд эрүүл энх, эвтэй найртай байхыг л илүүд үзэж байна. Бусад нь аяндаа болно доо тиймээ. Удахгүй уулзая 2021 минь. 

No comments:

Post a Comment