Pages

Friday, December 1, 2023

Нууц & блогчид

 Одоо л нэг унтсан ч унтаагүй мэт байхаа больж, богино ч гэсэн хангалттай нойр авч тархиа сэргээж чаддаг боллоо. 

Шалтгаан нь зүгээр л нууц тээж явсанд байж. Нууц гэж тээж яваа хүнээ зовоодог дэмий эд аж. Нууц тээж явсанаас сайн бодож байгаад эвтэйхэн ойлгуулчихад нөгөө тал ч гэсэн хүн юм болохоор ойлгоно гэдгийг мэддэг мөртлөө л их шаналжээ. Гэхдээ миний нууц гээд байгаа зүйл бас хэлэх цаг үе их чухал байсан. Цаг нь болоод хэлэх ёстой хүмүүстээ хэлсэн. Гэхдээ бас хэнд хэдий хэмжээтэй хэлэх үү, хэнд бүгдийг нь нуулгүй хэлэх үү гээд хэлж байгаа хүндээ тохируулж хэлэхгүй бол болохгүй зүйл тул энэ мэт зүйлдээ их ядарчээ. Нууц нууц байхаа больсон тэр оройноос сүхээр цохисон ч сэрэхээргүй нам унтдаг болсон. Гол нь миний нууцыг сонсоод бүгд сайхан хүлээж авсан тул тэр бас их нөлөөлсөн байх л даа. Өөрөөрөө жоохон бахархасаан хэхэ. Нууцаа эндээ дэлгэх өдөр удахгүй ирнээ хэхэ. 

Одоо уншдаг блогчидоо ямар их хүндэлж явдагаа илэрхийлэх гээд өөрийнхөөрөө тодорхойлноо. Буруу үнэлсэн бол уучлаарай. Өөрийгөө хамгийн сайн мэддэг болохоор өөртэйгөө харьцуулаад бичиж байгаа юм шүү. 

1. Саруул ухаан. Над шиг энд гэр бүлээрээ амьдардаг, ажлын хажуугаар хүүхдүүдээ амжилттай өсгөж байгаа хариуцлагатай, мундаг ээж. Шулуухан зантай, гадны нөлөөнд нээх автаад байхгүй, гай л байна гэж бодоод хийх юмаа хийсэн шиг хийгээд, ойр зуурын жижиг сажиг стрессээ ном уншиж, юм нэхээд л хөнгөхөн гаргачихдаг тул ар гэр амгалан тайван, хүүхдүүд аз жаргалтай. Гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө өөрийгөө ч таг мартаад газрын гүн рүү ч орж чадна. Нис гэвэл ниснээ. Өөрийг нь муу хэлж ярихыг огт тоохгүй мөртлөө үр хүүхдийх нь талаар таагүй зүйл сонсогдвол харин их хямрах байхаа. Манай ээж шиг, ажлаа хийсэн шиг хийж байгаа мөртлөө хамаг бүхнээ хүүхдүүддээ зориулж чаддаг болохоор л мундаг гэхээс өөр үг орж ирэхгүй байгаа юм. 

2. Soulmate. Надтай нэлээд төстэй болов уу даа. Гаднаас харахад төлөв түвшин, cool, бүх юмаа болгож бүтээгээд, асуудалгүй авч явж чаддаг ч дотор нь нэг тийм эрх охин хэн нэгэн ирээд эрхлүүлээд, тултал нь хайрлаад өгөхийг хүлээж байдаг. Үнэндээ ажил мэргэжил, мэдлэг чадвар бол ойлгомжтой ярилтгүй. Цөөн хэдэн юугаа ч нуудаггүй найзтай. Тэр хэд нь л жинхэнэ занг нь мэднэ, ойлгоно, нандиганана. Бусад ойрхон мэт хүмүүс бол өнгөц байдлыг нь мэднэ. Яг дотроо ямар байгааг гадарлах ч үгүй. Бараг бодож байгаа юмыг нь мэдвэл гайхна. Тиймдээ ч нээх хүмүүс ойртож чаддаггүй, холхоноос л. Өөрөө ч бас учиргүй гүйж очиж яриа өдөөд байхгүй. Тэгсхийгээд ихэмсэг төрхтэй байж байна. Гэртээ, хүүхдүүдтэйгээ харин над шиг жинхэнэ жалжиганадаг байх. Найзууд шиг байх үедээ байж, хамтдаа хүүхэд шиг ч байж чаддаг. Хэзээ яахаа харин нэг сайн мэддэг. Эмзэгийн эмзэг цэцгийн дэлбээ. 

3. Күүтаа. Дайчин. Хийнэ гэснээ хийнэ, авна гэснээ авна. Хийж байж авч байж санаа нь амрана хихи. Хийхийн тулд, авахын тулд харин амьтан болтлоо зүтгэнэ. Тэгэх ч ёстой гэж боддог. Нээх хатуу ч юм шиг харагддаг хэрнээ хүнийг аймаар сайн ойлгож мэдэрдэг. Хэнд хэзээ ямар үг хэрэгтэй байгааг нь мэдээд тэрийгээ хэлчихээд л явчихдаг. Учиргүй зууралдаад бас байхгүй. Одоо бол миний тааж байгаагаар ээж болчихоод ид завгүй пижигнүүлж байгаа болов уу. 

4. Tusfashion. Цоглог, гандан буурахгүй. Хааяа Саруул ухаантай төстэй санагддаг. Түс тас. Хэлнэ гэж бодсон бол хэлнэ. Хэлэх гэснээ ер нь залгиж үзээгүй байхаа хэхэ. Мэдээж загварын асар их мэдрэмжтэй. Чанартай, өөрт хэрэгтэй зүйлдээ гар татахгүй. Ажилдаа хариуцлагатай, гол нь ажил амралтаа сүпер зохицуулж чаддаг. Хааяа нэг гунигт автдаг байх, тэр үедээ цонхоор харж гөлөрч суугаад л болчихдог. 

5. Коюки. Нандигнаад хайр хүрээд оролдвол хагарчих мэт санагддаг чамин болор чимэглэл. Тэгээд хагарчих болов уу гэхээр алмаз шиг хатуу чангаараа байж л байдаг. Асуудал бүрт нухацтай, чин сэтгэлээсээ ханддаг болохоор асуудал болгоны сөрөг энерги нь ирээд наалдчихдаг ч юм шиг мэдрэмж хааяа төрдөг. Нэг ёсондоо асуудал гарвал оролцохоор шийдвэл учрыг олж хужрыг нь тунгаатал зууралдана. Үгүй бол надад хамаагүй гээд огт оролцохгүй. Эрхэмсэг, дээр үеийнхээр бол язгууртан хатагтай. Бүгд л ойртож нөхөрлөмөөр байвч яг үнэндээ зориг гаргаж дөхөж очих нь хэдхээн. 

6. Гилийн хатан. Эрч хүч. Хүний төлөө төрсөн мэт. Гэр бүлээ орхигдуулчихаад бусдын төлөө гүйдэг хүмүүс байдаг даа. Тийм биш. Бүгдэд нь өөрийгөө тэгшхэн өгч чаддаг. Амтархан уншдаг байсан. Бичихээ больчихсон. Коюки-н бичлэг дээрээс эрүүл саруул эрч хүчтэй цоглог хэвээрээ байгааг мэдээд өөрийн эрхгүй инээсэн. 

7. БМР. Нууцлаг. Нууц тээх ер нь дэмий гэж хэлсэн шүү хэхэ. Маш их хичээж байгааг нь мэднээ. Зүгээр блог дээрээ хайнга ч юм шиг харагддаг ч, үгүй гэж мэднээ. Жоохон дотогшоо. Хэлэх гэснээ гэнэт яасан нь мэдэгдэхгүй за за яршиг гээд хэлэхээ больчихдог. Хаана хүч энергээ зарцуулахаа, хаана цалгардуулж болохоо аягүй сайн мэддэг хихи.  

8. Тунгаамнх. Мундаг. Зүтгэлтэй, шантардаггүй, сэтгэлээр унасан ч дороо босоод ирдэг. Күүтаатай их адилхан санагдаад байдаг. 

Орхигдуулсан хүн байвал уучлаарай. Ойрд бичлэг хийгээгүй, эсвэл би орж гараагүй гэсэн үг шүү. Таалагдахгүй бол бас уучлаарай. Зүгээр л та хэдийнхээ бичлэгийг олон жил уншсан хүний хувьд өөрийнхөөрөө тодорхойлсон юм шүү. Уншигч надад ийм л сэтгэгдэл төрүүлсэн байна. Та хэдтэйгээ нэг уулзаж үзэх юмсан. 

3 comments:

  1. Сайн уу? Ойрд шагайгүй, нэг шагайсан чинь ямар том магтаал вэ. Хэ хэ. За тэгээд магтаалд дургүй хүн байх биш дээ? Тийм ээ. Хэ хэ.
    Миний хувьд ч өөрөө асар супер эмэгтэй гэж бодогддог. Хариуцлага асар өндөр, мэргэжилдээ маш сайн, ээжийнхээ ажлыг харин жаахан цалгардуулчихдаг байх талтай тийм үү. Хо хо.
    За амжилт хүсье ээ. Шинэ ондоо ч гялалзаад өгөөрэй. Нууцаа задлаад, гүн нойрсдог болсонд баяр хүргэе ээ.

    ReplyDelete
  2. Шинэ оны мэнд!
    Үнэхээр ховорхон орж ирдэг хүн нь байна аа.
    Өөрийнхөө хэсгийг уншаад нүдний нулимс гарлаа.
    2023 оны сүүлээс хямраад хямралаа даваагүй л явна.
    Энд дурьдсан хүмүүсийг ихэнхийг нь бага сага мэддэг юм байна.
    БМР-тэй нээрээ 2023 оны 1 сард анх нүүр тулан танилцаад одоо ч холбоотой юм байна.
    Таньтай нэг сайхан нартай өдөр нүүр тулан уулзах байх аа.

    ReplyDelete
  3. ойрд блогоор шагайгаагүй Коюүкиг хэлэхээр нь орж ирсэн чинь миний дотор камер суурилуулсан юм шиг бичиж ээ. Гэнэт блогоороо нэг шагаймаар энэ хүмүүсийг орж нэг хармаар санагдчихлаа. Шинэ оны мэнд!

    ReplyDelete