Pages

Monday, November 20, 2023

Цэцгийн баглаа мэт хайр

 11 сар, нөгөө гурван Х-н сар шүү дээ. Хурал, ханиад, хөл холголт. Хурал бол болдгоороо болсон, ханиад хүрдэгээрээ хүрсэн, хөл харин өсгий биш хурууны дээд хэсэг үрэгдээд холгогдсон байх юмаа. Өндөр өсгийт энэ тэр өмсөхөө байсан шд, зүгээр албаны хувцсан дээр зохицох энгийн гутал өмсөөд байхад хүртэл холгоод хн. 

Энэ жил хурал Кюүшю арал дээрхи нэг мужид болсон. Ниссэн. Цаг агаар Токиод ч тэр, буух газар ч тэр тааруу байж таараад бөөн адал явдал зүгээр. Онгоц нисэх цагаасаа хоцров, хөөрсөнөөс хойш тувтан гуйвж дайвав. Үр дүнд нь амьдралдаа анх удаа онгоцонд хямарч үзлээ. Мөнгөн хөлөгнөөс цасан цагаан болсон хүн буув. Буугаад онгоцны буудлаас төв руу орох автобус бараг цаг хүлээв. Гадаа хүйтэн гэж, Токиогоос хүйтэн байсанд, бас хоцорж ирсэн онгоцонд тааруулж төв руу орох автобус нэмэлтээр гаргаж өгөхгүй байгаад бухимдаж зогссоор арай хийж автобусанд суутал тамхины үнэр нэвт шингэсэн автобус таарав. Угаасаа онгоцонд хямарчихсан би мэдрэг дээрээ бүр мэдрэг болоод улам дотор муухайраад цасан цагаан чинь нэг тийм хөх царайтай амьтан болсон. Хоолны дуршил байхгүй, юм уухаар бөөлжчих гээд, маргаашийн ажлаа бэлтгэхийн тулд сэргэх хэрэгтэй байдаг гээд юм юм л болов. 

Хурлын өмнөх 7 хоногт даргатай хамт нэг чухал хаалттай хуралд оролцох гээд тэрэндээ бэлдээд ухаан жолоогүй хэд хоног ажилласан. Тэр ажлаа дуусгаад хуралдаа бэлдэж эхлэв. Хэнхэг юм 2 илтгэл тавих байсныг ч хэлэх үү бэлдэх юм ихтэй завгүй гүйсэн чинь ханиад хүрсэн. Хамрын ханиад, зүгээр хамарнаас зогсоо зайгүй ус (нус хэхэ) урсаад. Тэр 7 хоногт угаасаа гэрийхэн ээлж дарааллаад ханиад хүрээд, надаас бусад нь халуурч хоолой нь өвдөөд ханиалгадаг ханиад тусаад би ганцаараа хаагддаггүй крант гэдэг ханиад хүрсэн. Ханиадтай чигээрээ хуралдаа явсан. 

Хурал ч дууслаа, ханиад ч эдгэрлээ, хөлний хуруу л шархтай хэвээрээ үлдлээ. Нээрээ намайг нисдэг өдөр бага охин хичээлээ тараад харьж явахдаа бүдэрч унаад гараа айхтар шалбалсан байв. 

Онгоцонд харин Сүда Масаки, Аримура Касүми 2-н тоглосон кино үзээдээ. Энэ киног үзэж сатаарсан тулдаа онгоцноос цагаан бууж ирсэн байх, түүнээс биш ч ногоорох байсан байхаа. Хөөрхөн кино. 2 хүний хэмнэл таарахаа байхаар л салдаг, дандаа залуу халуухан үе шигээ байж болдоггүй, аль нэг нь түрүүлж өөрчлөгдөөд нуур нугас мэт тохирол нь алдагдаж эхэлдэг. Энэ бол амьдрал юм гэдгийг харуулсан байв. Хямарсан мөртлөө л наян юм бодонгоо үзсэн. Охин хонуутаар тэр залуутай хамт цагийг өнгөрүүлчихээд өглөө гэртээ ирээд урд өдрийн дурсамжаа тэр чигт нь дахиж дурсан мартахгүйгээр тэр үедээ эргэж очихын тулд гэрийхэнтэйгээ ч үг солихгүйгээр өрөө рүүгээ орж байгаа хэсгийг хараад аймаар олон юм бодсон. Охины оронд яг тэгмээр үе байдаг гэдгийг мэддэг ч ээжийнх нь оронд бас хонуутаар алга болчихоод үгийн зөрөөгүй өрөө рүүгээ зүтгэх охиноо хараад уурлахгүй байгааг нь хараад би бол үглээд араас нь дагаж байгаа байх даа гэх мэтээр. 2 охиноо залуу насандаа өөрийнхөөрөө байхад нь саад болчихгүй байх юмсан гэж бодов. Бас дахин нэг ингэж дурлах юмсан гэж бодов хэхэ. 

Шинэ он гарахад 1 сар л үлдэж дээ. 12 сар гарахаар тэнэг юм шиг бас л юу ч юм хүлээгээд догдлох байх даа, чааваас гэж хэхэ. 

No comments:

Post a Comment