Pages

Thursday, July 20, 2023

Тусгай Сүши

 Элдэв хүлээн авалтан дээр бишгүйдээ л идэж байсан ч 140 жилийн түүхтэй 5 дах үе нь ажиллуулж байгаа төрөлжсөн сүши ресторанд анх удаа уригдан орж үзлээ.
Эзэн нь өөрөө нүдэн дээр сүшигээ бэлдэж өгдөг, кинон дээр гардаг даа хэхэ. Үнэхээр сайхан амттай байлаа. Ихэнх хүлээн авалтан дээр бол олон төрлийн хоолны дунд том бөөрөнхий цар дээр төрөл бүрийн сүши тавьчихсан байдгаас өөрөө сонгож авч идэх нь их. Анх Японд ирээд эхний жилийнхээ өвөл тэнхмийхэнтэйгээ загасны захаар (Цүкижи) орж үзээд тэндээ шууд шинэ загасаар хийж өгдөг сүши идэж үзсэн. Тэр зах хар үүрээр онгойдог, том том магүро (туна) загасыг харийн хэл гэмээр наймааны хэлээр үнэ хаялцан зардаг. Энэ наймааг үзэхээр жуулчид хүртэл ирдэг. Тэр үед бид хоцроод өглөө 6 гэж байхад очоод наймаагаа эхнээс нь харж чадаагүй. Тэгээд захаар баахан явж байгаад үүдэнд нь байдаг тэр өглөөний шинэ загасаар хийж өгдөг сүшигээр би ганцаараа дайлуулж билээ. Бусад нь өөрсдөө мөнгөө төлөөд хихи. Яагаад гэдгийг мэдэхгүй ч манай сенпай (бид 2-н төрсөн өдөр ижил болохоор тэгсэн юм болов уу хихи) би Пиглетийг дайлна, бусад нь өөрсдөө мэд гэж зарлаж ирээд дайлж билээ. Бороотой өглөөний тэр явдал энэ удаагийн сүши рестораны тухай бичих үед дурсагдаж байна. 

Энэ удаагийнх бүр тусгай, дээд зэрэглэл гэх үү дээ. Нихонбашид байрлах төв ресторанд нь оров. Би яаж яваад тэнд уригдсанаа ердөө ч сайн ойлгохгүй байсаар очсон. Хүнд хань болж очоод ч байгаа юм шиг, хань болгож дуудсан нэрээр давхар намайг эрхлүүлэх гэсэн ч юм уу, бүү мэд. Сураагүй биш баясаад л инээд алдаад очсон. Угаасаа урьсан 2 нь миний хайртай 2 босс (багш) юм чинь хэхэ. 3 сард тэтгэвэртээ гарсан том дарга маань сүүлийн бараг 8 жил нарийн бичиг (НБ) нь байсан хүндээ талархалаа илэрхийлнэ гээд хоолонд урьсан гэдгийг сонсож байсан. НБ өөрөө надад хэлсэн л дээ. Тэгэхдээ Пиглетийг бас дуудна гэж байсан хамт явна биз дээ гэж аль 2-3 сарын өмнө хэлж байсан юм. Би яахаараа ч тэнд нь дуудагдах болсоноо ойлгохгүй, миний бодсоноор бол дарга НБ-тэй 2-лахнаа хоолонд орох нь эвгүй байсан юм болов уу даа гэж бодсон. Тэгээд саяхан НБ-р дамжуулаад намайг урив, урихдаа хуучин дэд дарга бас хамт гэдгийг мэдэгдэв. Хуучин дэд бид 2 чинь дотно, одоо ч хааяа нэг хамт хоолонд ордог. Би ч ёс төр бодохгүйгээр юу дуртайгаа чалчиж чаддаг хэхэ. Хуучин дэд маань хүнд өвчтэй гэж оношлогдоод. Бага багаар даамжраад л байгаа. Гэхдээ явц нь харьцангуй удаан тул, тэрэнд нь л баярлах юм даа. Үнэхээр харамсалтай. Хүнд өвчтэй байж л намайгаа анхаарч халамжлахтайгаа шүү дээ. Энэ 2 маань оюутан үеэсээ найзууд тэгээд хамтдаа гар нийлэн ажилладаг байхад нь баруун зүүнээ ч олигтой ялгахгүй нэг монгол ирсэн нь би. Ингээд энэ 2-тоо загнуулж үзэлгүйгээр эрхлэн байж өнөөдрийн Пиглет бий болсон билээ. Хуучин дэд 5 жилийн өмнө тэтгэвэрт гараад, хувиараа мэргэжлээрээ ажиллаж байгаа, том дарга бас хувийн салбар луу орсон. Миний хувьд энэ 2 хүн бол тусгайгийн тусгай, хайртайгийн хайртай эрхэм хүмүүс, энэ 2-тоо ингээд тоогдох юм гэж санасангүй. Нэг дор ажиллаж байхад бол мэдээж хамт хоолонд орох үе зөндөө байсан. Тэр үед бол хамт ажилладаг, үр дүнгээ тэмдэглэх, шинэ жил энэ тэр гээд хоолонд орох бол байх л асуудал. Харин одоо бол хэн хэн нь ажлаасаа гараад явчихсан байж өчүүхэн намайг тоож урьсанд нь бол баярлаад барахгүй, өөрийгөө бол байдаг л нэг баримлын шавар гэж боддог болохоор уригдсандаа итгэж өгөхгүй хөөрсөн хүн л байв. НБ-т хүртэл таны ачаар хамгийн хамгийн 2-тойгоо хамт хоолонд орох боллоо шүү дээ гэтэл, угаасаа анхнаасаа Пиглетийг заавал дуудна гэж байсан, миний ач гэж юу байх билээ гэсэн. Хувь тавилангаар л би энэ 2 мундаг, сайн хүмүүстэй учирсан шүү дээ, хүн чанар, сэтгэлийнх нь талаар ярих юм биш. Жинхэнэ нөгөө хүний дээд болсон хүмүүс. Гэтэл жинхэнээсээ Пиглетдээ тулж түшиж явж ирсэнд баярлалаа гэдэг байгаа. Байнга л энэ ч болохгүй, тэр ч болохгүй гэж олон юм ярьж гай болж эсрэгээрээ байнга тусыг нь авдаг байсан би хэрхэн яаж тус болсоноо мэдэхгүй хэвээрээ байсан ч аз жаргалаар дүүрэн нэг оройг үдлээ. 2 дарга ялангуяа том дарга одоо хамааралгүй болсон болохоор жинхэнэ өөрийнхөөрөө байсан. Албан тушаал, зэрэг дэвэндээ их л баригддаг байж дээ гэж бодсон. 

Тохиолдож болох сайхан зүйлсийн нэг болоод өнгөрсөн тул одоо хэсэгтээ даруухан хийх юмаа хийгээд томоотой байя даа. 

3 comments:

  1. Өөрийнхөө нэрээр коммент үлдээлгүй уджээ. Аз жаргалтай мөчийнхөө тухай хуваалцсанд баярлалаа

    ReplyDelete
    Replies
    1. Харин өөрийнхөө нэрээр сэтгэгдэл үлдээхэд их төвөгтэй болсон байна лээ. Төвөгтэй байхад сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Дараа уншихад гоё байх гэж бодоод л бичээд байгаа.

      Delete
  2. Манай Пиглет угаасаа л хүний итгэл хүлээсэн хүн. Япончууд ч нэг итгэлийг нь хүлээсэн хүндээ үнэхээр сайн байдаг даа. Амжилт хүсье ээ.

    ReplyDelete