Pages

Monday, August 15, 2022

14 хоног

 Юм юмтай л 14 хоног байлаа. 

Том охины сургууль нь ахлах сургуулийнхаа төгсөх ангийханыг 4 өдөр 3 хоног буудалд байрлуулж хичээллүүлсэн. Гол нь шалгалтанд бэлдэж байх үеийн зуршил суулгах гэсэн санаа байх. Өглөөд 5.30-д босгоод өдрийн 3 хоол, бас бус бага зэргийн завсарлага өгөөд бусад үед нь дан хичээл хийлгэсэн байсан. Ирсэн өдрийнхөө маргааш нь бүр босч чадахгүй нурж унаад унтаад байсан. Явахаас хэд хоногийн өмнө гэнэт заавал шинжилгээ өгч сөрөг гэдгээ баталгаажуул гээд шинжилгээ өгүүлсэн. Охин сөрөг гарангуут бас бид бүгд сөрөг гэсэн үг гээд хальт баясаад байнаа. 

Дараа нь бага охины өдөр өнжүүлэхийн ангийн хүүхэд тусаад тэр хүүхдийн өдөр өнжүүлэхдээ явсан өдөр манай охин бас явсан болохоор санаагаа амраах гэж шинжилгээг нь өгүүлсэн. Хариу нь бас сөрөг гараад бас жоохон санаа амарсан. Том охиноос 7 хоногийн дараа өгсөн болохоор тэр хооронд халдвар аваагүй байна гээд баясав. 

Манай ажил гэр бүлийнхнээсээ өөр хүмүүстэй гадуур хоол унд идэж уухыг хальт хорьсон байгаа. Улс даяар ямар ч хорио цээр байхгүй болохоор учиргүй хорьж чадахгүй ч цаад утгаараа хориод байгаа. Ойр ажилладаг хүмүүс их тусаад, бас нэлээд хүнд тусацгаагаад байгаа болохоор аргагүй байх л даа. Би ч тусмааргүй байна. Эртээд өрөөний залуутай ярьж сууж байхдаа одоо бараг тусахгүй үлдвэл энэ яагаад тусахгүй байна гээд асуудалд орж магадгүй байхаа гээд инээлдэх шив дээ. 

Халууны талаар тодруулах шаардлагагүй, ойлгомжтой. Гэхдээ эртээд тв-р хойд нутгаар аль хэдийн намар болсон гэсэн юм яриад нүд бүлтийлгээд амжсан. Үнэн бол удахгүй намар наашлах бизээ. 

Ажил ихтэй, нэг ажил дуусах дөхөж байтал дараагийн хугацаатай ажил гэнэт гарч ирээд. Тэгээд хагас бүтэн сайнгүй ажиллаад заримдаа хэд дэх өдөр билээ гэдгээ мартчих юм. Огт мартаагүй ч гэлээ төрсөн өдрөө бас мартаад хань ижил орой 12 болонгуут баяр хүргээд санаж байх жишээний. Бага охин л миний өмнөөс баярлаж догдлож өгсөн хэхэ. Охиноо тэгж хөөрөөд хүлээгээд байхаар тоохгүй орхих гэж байснаа болиод бас хэрэндээ таарсан төрсөн өдрийн баяр хийсэн хэхэ. 

No comments:

Post a Comment