Pages

Monday, April 4, 2022

Үхэр тэргээр туулай гүйцээдээ

 Хэдэн ч жил үргэлжлэв дээ энэ кино. Мөн ч их үрчлээ, нэлээд хэдэн цагаан үс нэмсэн дээ надад. Их л урт бичлэг болох байх. 

Эхлэл нь нэг хүүхэн. Хичнээн зааж өгөөд сурдаггүй өнөө гайхал. Өмнө нь дэлгэрэнгүй бичиж байсан даа зөндөө. Эцэст нь би буруутан болж дуусаад байсан юм. Би ер нь өөрийгөө өмгөөлж хамгаалж ярьж явах дургүй. Үнэнийг олж харж чадахгүй хүнд хичнээн болсон зүйлийг яриад нэмэргүй, тэр хүн сонсмоор юмаа л сонсдог гэдгийг мэддэг болчихсон. Харин миний бичлэг дээр зөндөө гардаг тэтгэвэрт гарчихсан дэд даргадаа хошуугаа унжуулаад хамаг юмаа ярьдаг хэхэ. Шинэ дэд надад уг нь гайгүй сайн байсан юм. Тэр хүүхнээс болж анх асуудал үүсэхэд намайг өмөөрч нөгөөхийг загнаад, нөгөөх нь эргээд над руу уурлаж байж билээ чи ховлолоо гэж хэхэ. Хамгийн том дарга бол угаасаа намайг өмгөөлдөг хүн л дээ, хуучин дэдтэй найзууд, тэр 2 минь миний хамгаалагч. Том дарга их завгүй болохоор би ойр зуур хов зөөх дургүй тул юу ч болж байсан хэлдэггүй. Жинхэнэ асуудал эхлэх үед (тэр үе дөнгөж эхлэл нь байсан гэж бодохоор мөн ч их юм туулжээ би) нэг иймэрхүү нөхцөлтэй байсан. 

Би хичнээн бие даасан тусдаа хүн ч гэлээ шинэ дэдээс мэдээж тодорхой хэмжээгээр хамааралтай. Хүүхэн надтай асуудал үүсгэсний дараа том дарга нээх удалгүй асуудлыг бодитоор нь дүгнээд хүүхнийг ажлаас халсан юм. Тэгсэн нөгөөх нь уйлж гуйгаад үлдсэн гэсэн яриа яваад байсан. Тэгж байгаад өөр хэлтэс рүү орсон байсан. Яг 2 жилийн өмнөөс шинэ дэд нөгөө хүүхэн 2 учиргүй гар нийлэн ажиллаж эхлэв. Нээх тоосонгүй, өөр хэлтэс тэгээд бас заавал энэ хүүхэнтэй хамтардаг нь яаж байгаа юм бол гээд жоохон гайхаад л өнгөрсөн. Гэтэл хүүхэн миний ардуур ажиллаж эхлэв. Намайгаа шинэ дэдэд харин ч нэг муулж өгсөн байв. Яаж ийгээд л тиймэрхүү юм нь миний чихэнд ирээд сонсогдчихож байгаа юм чинь. Гол нь миний хийгээгүйг хийлгүүлээд хэлээгүйг хэлүүлээд дураараа дургиж өгсөн байв. Тэр үеэс андашгүй шинэ дэд надтай шал өөр харьцаж байгаа юм чинь. Тэр хүүхний яриагаар би бол чөтгөр юм чинь, чөтгөртэй харьцвал зохих байдлаар харьцаж эхэлж байгаа нь тэр. Бас Япон хүндээ итгээд, гадаад миний буруу байх нь ойлгомжтой гэсэн бичигдээгүй дүрэм нь ажиллачихсан л даа шинэ дэдийн хувьд. Олон хүний нүдэн дээр загнана, толгойгоо ажиллуул энэ тэр бол юу ч биш. 2-лаа үлдвэл над руу орилно, тэнэг мангараар дуудна, үл тооно. Гол нь миний хийдэг ажлуудыг бага багаар надаас нууцаар өөр хүнд хариуцуулаад юу ч мэдээгүй би юмаа хийхээр очтол өөр хүн хийж байх жишээний. Жинхэнэ гадуурхагдаж үзсэн. Тэр үед өөртөө л уур хүрдэг юм байна лээ. Энэнд ингэж хэлүүлээд сууж байдаг арчаагүй, энд юугаа хийгээд байгаа юм бэ чи гээд. Гол нь заавал дуусгах өөрийн хариуцсан үндсэн ажил, бас том дарга, хуучин дэд 2-ынхоо ачийг хариулах ёстой болохоор тэвчээд л ядаж гэрээгээ дуусгачих юмсан гээд л өөрийгөө хүчилсэн. Би ч хачин царайтай явдаг байсан байхаа. Том дарга таарахаараа анзаараад их анхаарал тавьна. Би хэлдэггүй байсан. 

Өнгөрсөн зун шинэ дэдээс ирсэн захидалд олон улсын өндөр шалгууртай хурал зарлагдсан байна. Энэнд хийсэн ажил чинь шалгараад ядаж постер байдлаар танилцуулагдвал удахгүй хайж эхлэх дараагийн ажлаа олоход чинь хэрэгтэй гэсэн байв. Эелдэгээр ажлаас гарахдаа бэлдээд шинэ ажил хайна уу гэсэн байгаа нь энэ. Би ч бас тэнэг хүн биш маш эелдэгээр боломж өгсөнд нь талархаад хариу илгээсэн. Манайхаас шинэ дэд бид 2-г оролцуулаад 4 хүн ажлаа илгээв. Нэг хүн хасагдав, шинэ дэд өөр нэг хүн 2-н ажил постер байдлаар үлдэв. Минийх яасан гээч шалгараад биеэрээ ажлаа танилцуулах болов. Жирийн үед байсан бол бөөн баяр, гэхдээ би тэгж баярлаагүй шд. Шинэ дэд бид 2 хоорондоо асуудалтай байгааг гадарлаад байсан том дарга миний өмнөөс бөөн баяр хэхэ. Удалгүй шинэ дэд утсаар яриад тийм тийм сайт дээр тийм тийм албан тушаал дээр хүн авна гэсэн ажлын зар гарсан байна материалаа өгвөл яаж байна гэв. Шууд ажлаас гар гэж сонсогдов. Санал тавьсанд талархаад өнгөрөв. Энэ удаад харин тэссэнгүй. Намайг энэ нөхөр биш том дарга ажилд авсан, тэр хүн юм хэлээгүй байхад энэ одоо юу вэ гэж бодоод шууд том дарга руу захидал бичсэн. Ийм юм болоод байна, үнэхээр би гарах хэрэгтэй бол та яагаад өөрөө надад дуулгаагүй юм бэ гэсэн утгатай. Том дарга сандраад сүйд. Пиглет би чамайг өөрөө л хүсэхгүй бол өөрийгөө тэтгэвэрт гартал хамтран ажиллах бодолтой байсан бас байгаа, шинэ дэдтэй энэ талаар огт ярилцаагүй гээд хамаг байдгаа хэлээд хүсвэл энэ хэвээрээ байж болохыг дахин дахин сануулаад яаран сандран буруу алхам хийвээ л гээд анхааруулаад байсан. Би ч балиар их зантай болохоор би ажил хайж үзнэ гэчихсэн. 

Удалгүй манайтай төстэй ажил хийдэг АНУ-н нэг боссоос миний олон жилийн өмнө хийж байсан ажилтай холбоотой тодруулга, хамтарч ажиллах хүсэлтийн хамт том даргад ирээд шууд над руу шилжүүлсэн. Би хариуцаад хүсэлт бүрт нь хариуг нь өгөөд бүх хамааралт хүмүүсийг СС хийгээд харьцаад дуусав. Том дарга дуудаад баахан магтав. Хийх юмаа л хийсэн гээд нээх тоосонгүй. 

Монголтой холбоотой ажилд 3 жил оролцоод 2 ном гаргаад, 2 орны харилцаанд чухал хувь нэмэр оруулсан гээд 2 дахь ном хэвлэлтээс гарангуут бас том дарга баахан магтав. Эсрэгээр эх орондоо хувь нэмэр оруулах боломж олгосонд нь талархаж байгаагаа хэлээд бас нээх тоосонгүй. 

Энэ ажлууд болон нөгөө хүүхний байгаа байдал зэргийг шинэ дэд тэнэг биш болохоороо мэдээж анзаарч байсан. Бүх юм нүдэн дээр нь ил тод, би байгаагаараа, огт өөрчдлөгдөөгүй. Өнгөрсөн намраас нөгөөх чинь өөрчлөгдөж эхлэв. Хуучин шигээ байх гээд, элдэв ажлын санал өгөөд л. Би тоосонгүй, мэдээж ажил бол ажил өгсөн юмыг хийсэн шиг хийгээд л, гүйцэтгээд л хажуугаар нь өөрийнхөө ажлыг хийгээд. Гайхалтай нь нөгөө хүүхэн хүртэл надгүй бол болохоо байсан гээд шинэ дэдийн нэрийг бариад надаар өөрөө хийж чаддаггүй чухал ажлаа хийлгүүлдэг болов. 

Он гарангуут том дарга юм л бол дуудаж уулзах болов. 4 сараас яах тухай л асуугаад, яаран таарахгүй газар луу явсанаас дахиад ядаж нэг жил эндээ үлдээд энэ нэг жилд зөв шийдээ гаргахыг санал болгосоор байв. Том дарга, хуучин дэд 2-тоо л эрхэлж их зангаа гаргадаг би бас ажил хайж үзсээн үзсээн хэхэ, нэг л санаанд таарч өгөхгүй, ярилцлаганд ч хэд хэд оров. Нэг ажилд жийгдэв, нэгийг түдгэлзээд, нэгийг өөрөө жийв. Шинэ дэд харин том даргад загнуулсан уу яасан улам л нуур нугас болоод, сүүлдээ би бүр өөрөө гайхаад, өмнөх үйл явдал ердөө зүүд эсвэл ийм сайн хүнийг би яагаад буруу ойлгоод байсан юм бол ч гэж бодох шиг. Ирэх жил яахаа шийдсэн тул том даргынхаа хэлсэнээр нэг жил үлдээд нухацтай сонгохоор шийдсэн. Миний үлдэхийг мэдээд бүх л хүн баяртай байгааг хараад гайхаж бас баярлав. Том дарга маш завгүй мөртлөө надад зориулж цаг гаргаад тэгж олон удаа уулзаж санаа тавиад хөөрхөн гэж, асуудал шийдэгдэнгүүт тоож дуудахаа байсан шд хэхэ.

Нэг ангит олон жил үргэлжилсэн киноны төгсгөл зурхайн дагуу өрнөв. Би хальт зурхайгаа харнаа хэхэ. 3 сар гарангуут энэ сард үнэн ялна, буруу дүгнэж байсан хүн уучлалт гуйж өөрийг чинь хүлээн зөвшөөрнө ухааны юм бичээстэй байв, сонирхож харчихаад бас үл тоов. Гэтэл шинэ дэд яасан байх уу, уучлалт гуйсан гэж мэд хэхэ. Би бүр буруу сонсчихов уу гээд гайхаад хариу хэлээгүй. Нөгөө хүүхэн намайг чөтгөр болгосон талаар анзаарвал л ойлгохоор хальт дурьдаад тэр хүүхнийг амаараа хэлсэн шигээ их ажил нугалж өгнө гэж харж байтал юу ч хийгээгүй тухай, өөрийгөө их санасан газар 9 шөнө хоосон хоносон тухайгаа хэлээд тэр хооронд харин би мундаг байсан тухай ярив. Тэгээд зогсохгүй дахиад нэг жил биш бүр 2030 хүртэл үргэлжлүүлээд ажиллах хүсэлт тавиад,  албан тушаалын нэрийг хүртэл сольж өгнө гэв. Урмыг нь бодоод би бодьё гэсэн. Надад одоо 1 жил л хэрэгтэй тул үлдэх бодол алга даа гэж дотроо хэлэв. 

Төгсөв. 


4 comments:

  1. Хүүш наад чинь моббинг байна ш дээ, энд хориотой ш дээ. Шүүхэд дуудагдаж хуулиараа шийдүүлмээр юм. Яасан аймшигтай юм, ийм нөхцад байсан хүмүүс сэтгэл зүйн өвчтэй болдог паник аттак нойргүйдэл. Миний нэг таньдаг эмэгтэй яг ингэж моббингдүүлээд ахиж ажио хийж чадахаа байсан ш дээ.

    ReplyDelete
    Replies
    1. Энд бол power harassment, moral harassment гээд маш том асуудал үүсгэнэ. Хэл ам хийх хүсэл үнэндээ байсангүй. Тэгээд ч надад нотлох баримт байхгүй, ямар байнга утнасныхаа voice record-г байнга ажиллуулалтай биш. Нотлох баримт болж үлдэх ганц захидал нь бол хачин эелдэг болохоор хэхэ. Том зорилго байсан болохоор, тэр хүртэлх өчүүхэн бэрхшээл гэж бодоод даваад гарсан.
      Манай найз одоо Германд байдаг юм. Яг над шиг асуудал үүсээд даргатайгаа, хуулиараа шийдүүлэх гээд шүүхэд өгсөн байгаа, гадаад хүн гэдгээрээ бол их л хэцүү саадтай удаашралтай нөгөө тал руу шийдэгдчих гээд хэцүү байгаа гэсэн.

      Delete
  2. Яагаад ганцхан жил гэж бодов? Ирэх жил амьдралаа өөрчлөх нээ?

    Уншиж бхад яг Meegaa шиг бодсон, манай ажил ч гсн иймэрхүү илт дарамталсан, булли хандлага гаргавал гомдол гаргаж, шийдүүлэх боломжтой. Мэдээж чи өөрийнхөөрөө мундаг даваад гарсан бн л даа, олон ангит киноны турш сэтгэлзүйн дарамт мэдэрсэн ч гсн. Юутай ч амжилт хүсье, зурхайд итгэхээ больсон ч гсн чиний хувьд яг таарсан бн, магадгүй бодлын хүч бхаа :)

    ReplyDelete
    Replies
    1. Ирэх жил өөрчлөлт хийх санаатай байгаа. Тэгээд л их зан гаргаад байхгүй юу хэхэ. Чадах үгүй нь бүгд надаас хамаарах болохоор гүрийх л ажил байна даа.
      Энэ явдлаас үүдээд кармад бас итгэх гээд байгаа, зурхай яахав энэ удаад л сүрхий таарлаа хэхэ. Учиргүй итгэхгүй ч бас харахгүй байж чадахгүй ээ.

      Delete