Pages

Saturday, October 16, 2021

Байхгүйтэй агаар нэг

 Өнөө гайхал өвчин чинь энд бараг л байхгүй болж байна. Бараг 14 сая хүн амтай Токио хотод өдөрт 100 хүрэхгүй тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа нь байхгүйтэй ижил гэхэд буруудахгүй байхаа.
За тэгээд мэргэжилтнүүд янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа. Гол нь чанартай бөгөөд баталгаатай вакцины үр дүн, өвчлөх эрсдэлтэй буюу нэг ёсондоо сайн хамгаалаагүй тоогоогүй байсан хүмүүс нь өвчлөөд дууссан, зуны их өвчлөлийн үед эмнэлэгт хэвтэх боломжгүй гэрээр эмчлүүлж байхдаа хүндрээд нас барсан хүмүүсийг хараад иргэд өөрсдөө маш их болгоомжлох болсон гэх мэт. Мэдээж Монголд болоод байгаа шиг Double standard мэтийн зүй бус үйлдэл огт байхгүй, байлаа гэхэд дороо баригдаад бүгд хариуцлагаа хүлээгээд, хүлээлгээд шийдэгдчихэж байгаа. 

Дараагийн давалгаа ирэх үгүйг мэдэхгүй тул онц байдал цуцалсан энэ нэг хэсэг үеийг би бас ашиглаад өнгөрсөн 7 хоногт өөр тасаг руу шилжсэн нэг хүнээ гаргаж өгөнгөө гадуур хоол идээд амжсан. Хоолны газрууд оройн 8 хүртэл градустай уух зүйлийн захиалга аваад, 9 хагас хүртэл ажиллаж байна лээ. Ирэх 7 хоногт эрхэм нэг багштайгаа хамт бас хоолонд орохоор болсон. Багшийг тэтгэвэрт гарах хүртэл нь ойр байж хамтарч ажиллаж байсан хэдэн хүмүүс жилд хэд хэдэн удаа ингэж уулздаг байсан нь өвчнөөс болоод ойрын 2 жил бараг уулзаагүй байсан юм. Хоног тоолон хүлээх нь халаг байна. 

Гэр бүл маань амар амгалан, бүгд хийх юмаа хийгээд завгүй гүйж байгаа. Миний сэтгэл санаа л хамгийн тавгүй, тогтворгүй байгаа. Гэхдээ Пиглет ард нь асуудалгүй гарна гэдгээ мэдэж байгаа. Цаг хугацааны л асуудал. Сэтгэл санааны асуудлаа хүндрүүлэхгүй байхын тулд өөрийгөө сатааруулах арга хэмжээ авч байна. Үүний нэг нь оюутан ахуйдаа сонсож байсан тэр үеийн миний хувьд хит дуунуудаа сонсож баясаж байна (Craig David, Lighthouse Family, The Corrs, Nana, The Black Eyed Peas, Nelly Furtado, The Pussycat Dolls), шинээр бас The Weeknd, Billie Eilish, Ed Sheeran гэх мэт. Япон дуу нээх сонсох сэтгэгдэл төрж өгөхгүй нь гайхалтай, сонсож ойлгох цаг нь болоогүй юм байлгүй дээ хэхэ. Монгол дуунууд хааяа нэг сонсоноо. 

Том охины тамирын өдөрлөг болсон, цомхон бөгөөд ердөө хагас өдрийн л арга хэмжээ болсон. Энэ жил 3-р байранд орсон гэсэн. Эцэг эх үзээгүй, YouTube-р бичлэг үзэхээр тавигдсан байгаа. Томыгоо тоохоо байгаад одоо болтол үзээгүй байгаа хэхэ. Багын урлагийн үзлэг бас саяхан болсон, эцэг эх нар зөвхөн хүүхдийнхээ ангийн тоглолтыг үзэж болохоор зохион байгуулсан. Нөхөр ажлаасаа чөлөө аваад би ажлаа түр аргалаад үзсэн. Мэдээж бас YouTube-р бичлэг үзэхээр тавигдсан байгаа. Энэ амралтын өдрүүдээр зав гаргаад 2 охиныхоо бичлэгийг үзнээ. 

Хэдийгээр буцаж байгаа ч гэлээ цаг агаар хачин сайхан байна. Хааяа нэг тайфун ирэх, газар хөдлөх гэм мэт байгалийн үзэгдэл болж байгаа ч гэлээ хэсэгхэн энэ хугацааг алдахгүй гээд өнгөрсөн 7 хоногт өдөржин гадуур алхсан. Тэгэхгүй бол нэг л өглөө жиндүү хүйтэн өвөл нь ирчихнэ. 

Кансайд байдаг дүү их сургуулиа дүүргээд ирэх хавраас Токиод ажиллахаар ирнэ. Саяхан ажилд орох болсон шинэ хүмүүсээ хүлээн авах арга хэмжээнд оролцохоор ирээд буцсан. Ирэх жилээс ойрхон ирж байгаад баяртай байгаа, санаа тавьж байхад амар. 

Нэг иймэрхүү, удахгүй шинэ сонин соргог мэдээ хуваалцанаа. 


No comments:

Post a Comment