Pages

Monday, August 2, 2021

Анх удаа

 Амьдралдаа анх удаа олимпийн хотхоны үүдэнд очиж үзлээ. Өөрийн хүслээр биш, хүний хүсэлтээр дасгалжуулагчаар ирсэн хүнд бас нэг хүний захиасыг дамжуулах гэж л. Халдвар энэ тэр гээд мэдээж дотогшоо оруулахгүй нь ойлгомжтой, дөхөж ч очиж болохгүй байх гэж бодож байсан. 
Ажлаа тараад захиасыг нь аваад очсон. Метроны буудлаас 15 орчим минут алхах зайтай, хотхонд дөхөх тусам цагдаа, цэрэг, олимпийн үеэр ажиллах тусгай ажилчид гээд дүрэмт хувцастай албаны хүмүүс, олимпод зориулж гаргасан тамирчдыг тэмцээн рүү нь зөөх машин автобус олширч хэзээ хаанаас зогс, хаа хүрэх нь үү бараг л гараа өргө гэх бол гэсэн айдастай ч дөхсөөр байсан хэхэ. Бага охины сургуулиас хотын захиргаанаас өгсөн энгэрийн зүүлт зэргийг нь (халдвар тархаагүй бол Токио хотын бага сургуулийхан сургалтын журмаар олимп хальт үзэх төлөвлөгөөтэй байсан байна лээ) аваад гардаг байж уу ч гэж бодох шиг. Дөхөөд очтол машин нэвтрэх болон явган хүн нэвтрэх 2 асар зэрэгцээд байж байна. Асар дотор бөөн албаны болон хамгаалалтын хүмүүс, орж гарч байгаа хүмүүсийг энгэрийн зүүлт, нүүр таних төхөөрөмжөөр бүртгээстэй. Тоохгүй явж очоод шууд асуусан, дасгалжуулагчтай уулзах гэсэн юм яах уу гээд. Яасан ч эелдэг юм бурхан минь, угаасаа эелдэг япончууд олимп гээд улам л эелдэг болчихож. Гаднаас оруулахгүй, та дотроос дуудаж гадаа уулзаж болно гэж байна шүү. Нөгөө хүн рүүгээ холбогдоод аль үүдэн дээр байгаагаа зааж өгөөд гадаа хүлээж байхаар тохиров. Хотхоны хаана байрлаж байгаа юм бүү мэд, нэлээд том болоод л тэр байх бараг 30 минут хүлээсэн. Хүлээж байх хооронд над шиг нөхдүүд мэр сэр байсан, япончууд ихэвчлэн гадаад хүмүүстэй уулзалдаж байв. Бас тамирчид тэр өдрийн тэмцээнээ дуусгаад ирцгээж байв. Намайг хүлээж байхад Германы тамирчин алтан медалиа зүүсээр ирсэн. Тэнд ажиллаж байгаа бүх хүн алга ташиж баяр хүргэсээр угтсан шд нээх хөөрхөн. Угаасаа олимпийн үеэр хотхондоо медалиа зүүгээд ирэхэд нь ингэж угтдаг юм уу эсвэл халдвартай үед зохион байгуулж байгаа япончуудын тамирчдыг дэмжих санаа сэдэл юм уу гэдгийг би мэдсэнгүй ээ. Их таалагдсан. За тэгээд тэр хавиар хүлээнгээ ийш тийш хараад зогсож байтал нээх царайлаг сайхан цагдаа намайг чиглээд ирлээ дээ. Сайхны өмнө харц буруугүй гэж бодчихоод л таг ширтээстэй юу гэхийг нь хүлээв. Учиргүй ёслоод л таньд яаж туслах уу гэнээ хихи. Учраа хэлэв, аягүй ойлгож хүлээж аваад л бараг тэр хүн чинь гарч ирэхгүй бол би ороод олоод ирж болно шүү, 3 адилхан орох гарах ийм хаалга байгаа төөрч будилж байж магадгүй л гэнэ. Би нь бас л тэр харилцаа, хандлага зэрэгт нь уяраад зогсож байтал уулзах хүн маань гарч ирсэнээр царайлаг цагдаа маань ёслоод хэрэг гарвал мэдэгдээрэй би тэнд байж байх болно гэсээр явж одов. Бүтэхгүй гэж бодож байсан зүйл маань хачин урамтай бүтээд, амьдралдаа анх удаа гэдэг төрөл зүйлдээ нэг зүйл нэмсэндээ баярлаад халууныг ч ажралгүй гэрийн зүг буцсан даа. 

No comments:

Post a Comment