Pages

Friday, May 7, 2021

Хүлээлт бас харилцаа

 Энэ жил арай жоохон сэрүүхэн байна уу даа гэж таамаглаад, учир нь алтан 7 хоногоор зоолттой халдаг юм. Энэ жил сэрүүн, үе үе бороо орсон. Үргэлжлүүлээд 5 хоног амарсан, нэг өдөр нь 4-лээ Токиод байдаг Такао гэдэг ууланд гарсан. Бусад өдрүүдэд аав болон том эгч ажилтай байсан болохоор ээж бага 2 гэр зуураа өнжив.
Энэ ууланд томыг багын насан дээр байхад нэг гарч билээ. Анх удаа бие дааж худалдаа хийсэн хэхэ, хөөрхий сандраад чичрээд сүйд болж билээ. Тэрийгээ дурсаад хөгжилтэй байсан. Бага маань бөөн энерги, огт ядраагүй их зугаатай байх шиг байсан. Уулын орой хүрэх хэд хэдэн тогтсон замтай, өгсөх уруудахдаа өөр өөр замыг сонгоод ойрд сонсоогүй байгалийн дуу чимээг сонсож бөөн хүчилтөрөгчөөр амьсгалаад сайхан байлаа. 

Хийх ёстой ажлаа хийгээд, элдэв асуудалд оролцохгүй амар жимэр байгаа. Эргэн тойронд бол бужигнаад л хэхэ. Асуудлын гол нь бол ХҮЛЭЭЛТ бас ХАРИЛЦАА болж таарсан. 3 жишээ:

1. Нэг хүнийг ажилд зуучилсантай холбоотой нөхдүүд хоорондоо таарахгүй байгаа талаар өмнө нь хэлж байсан даа. Тэр бол цэвэр хүлээлтээс болсон. Яасан гэхээр Пиглет зуучилсан болохоор ажлыг ёстой гялалзуулах нь ойлгомжтой гээд нэг нь бодчихсон. Нөгөөх нь бас Пиглет энэ хүнтэй таардаг болохоор би бас асуудалгүй байх гээд бодчихсон. Хүн зуучлах их осолтой гэдгийг надад бас хэлж өгсөн явдал. Ажилд авсан нь надаар ажлаа хийлгүүлэхтэй адилхан хүлээлттэй, ажилд орж байгаа нь надтай ажиллахтай адилхан гэсэн хүлээлттэй байсан гэдгээ аль аль тал нь надад хэлсэн. Дунд нь би байхгүй, хоорондоо зохицож ажиллах гэдэг алхам зуучилсан миний нөлөөгөөр алга болчихсон. Дээрээс нь хоорондоо үл ойлголцол үүсчихээд байхад хэлж ярьж учраа олцгоохгүй 2 талд буруугаар бодоод асуудлаа улам хүндрүүлээд яваад байсан. Хэн хэнд нь чадлынхаа хэрээр тайлбар өгсөнөөс хойш харин 2 биенээ байгаагаар нь хүлээж аваад ойрд их аятайхан байгаа. 

2. Энд ирээд найзалсан ганц найз минь аав болсон гэж хэлсэн дээ. Хөөрхий аав болоод амьдралд тохиолддог асуудлуудтай нүүр тулаад эхэлсэн. Хадмуудтай муудалцсан. Бас л хүлээлт, харилцаанаас болсон. Энд шинэ хүүхдэдээ төрсөнөөс хойш 14 хоногийн дотор нэр өгч бүртгүүлэх ёстой байдаг. Найз маань нэр өгөх дээр эргэлзээд, 2 талдаа анхны ач болон зээ болохоор 2 талын аав ээжийн саналыг бас сонсох гээд хугацаа орсон. Мэдээж хүмүүсийн санал болгосон нэр таалагдах таалагдахгүй гээд бас байнаа. Тэрийгээ хадам талдаа ил хэлэхгүйгээр дотроо бодоод хугацаа алдаад яваад байсан. Хадам тал хүүхэд гарахаас өмнө асуудал үүсгэж байгаагүй хүргэн нь зээд нь нэр өгөхгүй, бүртгүүлэхгүй удаад байхаар хүлээж тэсэхгүй охиноо тоосонгүй гэж уурлаад. Хэрвээ найз эхнээс нь жоохон удах нь гээд учраа хэлсэн бол асуудал үүсэхгүй байсан. Хадам болохоор жирийн үед итгэл алдаж байгаагүй хүргэн сап сүп гээд л хөдлөнө гэж бодоод хүлээж байтал нөгөөх нь хөдөлж ядаад байгаа юм шиг харагдаад 2 тал дэлбэрэв. Энд эхнэр нь төрөөд боломжтой бол хүүхдээ дор хаяж 2 сар хүртэл нь өөрийнхөө гэрт байдгийн. Тэгээд хөөрхий хадмындаа очиж эхнэр охинтойгоо уулзахад жоохон хэцүү байгаа. 

3. Монголд болсон. Том эгч ажилладаг газар нь хөл хорионы үед хэцүүдээд бага эгчийг гуйж тэдний ажил дээр нэг салбараа нээхээр болсон. Бага эгч яахав эгчдээ тус болчих гээд та хариуцаж ажиллах уу гэж асуухад манай том эгч яахав нэг их амжилт олно гэж бодоогүй бас гэрээс нь хол болохоор үгүй гээд, дарга нь бага эгчийн олж өгсөн өрөөнд салбараа хариуцан ажиллаж эхэлсэн. Бага эгч том эгчид нэмэртэй гээд түрээсгүйгээр өрөө гаргаж өгсөн гэнэ. За тэгээд үндсэн салбар нь хөл хорионд ороод том эгч гэртээ. Харин бага эгчийн ажил дээрхи салбар нь маш амжилттай ашиг орлого ихтэй ажилласаар. Том эгчийн дарга бас онцгүй, боломж олгож өгсөн гээд том эгчийг ядаж цалингаар таслахгүй байлгаж болох байтал орлогоо нуугаад том эгчид цалин өгөөгүй. Том эгч яахав эхэндээ өөрөө тоогоогүй байж гэнэт бас ийм хэцүү үед миний тусаар дүүгийн ажил дээр түрээсгүй байрлаж ашиг орлого тасрахгүй байж намайг харж үзсэнгүй гээд гэнэт гомдоод эхэлсэн. Бас л анхнаасаа харилцан яриа хийгээгүй, хий хүлээлтээс болоод хямраад байна даа.

Гээд энэ бүхнээс дүгнэхэд, хэлж ярьж сонсох гэж хүнд хэл ам чих заяадаг тул, анхнаасаа яамаар байгаа, яавал яах тухайгаа сайхан ярилцах, явцын дунд нөхцөл өөрчлөгдвөл бас ярилцах хэрэгтэй. Бас битгий хүнээс юм хүлээж бай. Би байсан бол ингэх байсан, энэ яагаад ингэхгүй байна гэсэн хүлээлтээс болоод тэр хүн биш чи л зовно. Тэр хүн бол чи биш тул чам шиг бодож сэтгэхгүй ээ гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй. 

No comments:

Post a Comment