Pages

Thursday, April 8, 2021

Надаас бусад нь

Шинэ ажил, шинэ анги, шинэ сурагч 

Хагас жил 60%-ийн цалингаа авангаа ажлаасаа дуудахыг хүлээж суусан нөхөр маань оны өмнөхөн харьяалагдаж байсан компани нь хаагдах болсон тухай мэдэгдэл хүлээн авсан. Маш том компанийн салбар болохоор огт ажил хийхгүй байхад ч нийгмийн даатгалыг нь төлөөд цалинг нь бага ч гэсэн олгоод л байсан болохоор эдийн засгийн хувьд манайх учиргүй хямраагүй ээ, баярлалаа. Жижиг газрууд бол шууд л баларцгаасан шүү дээ. Ингээд өөр ажил хайхгүй, нэг ёсондоо нэг газар ажиллаж байгаа болохоор давхар ажил хийх нь зүйд нийцэхгүй гээд хөдлөхгүй байсан хүн ажил хайж эхлэв. Дотроо санаа зовж байгааг нь мэдсээр байж үглэж хошуу нэмэхийг хүсээгүй. Намайг чөлөөтэй ажиллах нөхцөлөөр хангах, багыгаа нааш цааш зөөх зэргээ бодолцон өөрийнхөө нөхцөлд тааруулаад ажил хайсаар өнгөрсөн сарын сүүлээр өөрийх нь хэлсэнээр бүтэн жил тохирсон хүн олдохгүй өөрт нь зориулагдсан ажилдаа орсон гэсэн хэхэ. Ингээд нүд нь сэргээд, худалч хүнд бүтэн жил гэртээ суусан хүн завгүй гүйж эхэлсэн. 

Том охин ахлах сургуулийн 2-р ангид дэвшсэн. 1-р ангид байхад нь орох хүсэлтэй байгаа их сургуулиас нь хамаараад бас чиглэлээс нь хамаараад 2-р ангиас эхлээд анги хуваарилана гэж байсан. Хүсэлт гаргаад, шалгалт өгөөд тэнцсэн буюу онооны дарааллаараа тусгай ангидаа орно. Жил бүр ангиудыг хольж хутгаж шинэ анги үүсгэдэг бол ингээд нэгэнт шийдэгдсэн тусгай ангийг бол хольж сольж тарааж бутраахгүй гэсэн. Ингээд шинэ ангид том зорилго тавиад зүтгээд эхэлсэн дээ. Анх сургуульд орж байгаа аятай догдлоод л явсан. Аргагүй дээ өнгөрсөн жил ахлах сургуулийн нээлт нь ч болоогүй болохоор догдлох юм байгаа байхаа хэхэ. 

Манай гэрийн хамгийн бяцхан амьтан бага сургуульд орчихлоо. Яана даа гэмээр жижигхэн юм цүнхэндээ түүртээд л. Ээжээ би сургуулиа олж очиж чадах болов уу л гэж бодоод байгаа гэсэн шд хөөрхөн. Өөрийнхөө хэмжээнд бас санаа зовж шаналах юм ихтэй. Нялхаасаа салдаггүй чихмэл бамбарууш нь бас 1-р ангид орсон гэнэ хэхэ. Тэгээд 2-лаа том болчихоод хамт унтаж болохгүй тээ, гэхдээ бамбарууш байхгүй бол би унтаж чадахгүй яах уу гээд, бодвол өөртөө амлалт өгсөн болтой. Хамт унтаж болноо гэсэн бөөн баяр. Нөгөө сургуулиа олохгүй гээд зовоод байсан хүн 2 дахь өдрөөсөө ээж араас дагаад яв, би мэднэ л болсон хэхэ. Удахгүй ээж хэрэггүй би ганцаараа явна гэх байх даа. Том яг тэгж байсан. 

Том охины төгссөн бага сургууль болохоор таньдаг багш нар мэр сэр хэвээрээ байна. Бүгд сүйд болоод л, эгчийг нь асуугаад л. Дотно сайхан санагдсан. 

Ингээд надаас бусад нь ажил, анги, сургууль гээд чухал өөрчлөлт хийсэн байгаа биз. Би л байдгийнхаа баруун хаяандаа. Дассан газрын даавуу зөөлөн гэж, энэ ажилдаа дуртай хэхэ. 

No comments:

Post a Comment