Pages

Wednesday, February 3, 2021

Жоохон тиймхэн

 Өмнө нь адилхан нөхцөл байдалд ороод, тайлбар хийж л байсан асуудал л даа. Гэхдээ энэ удаад илүү гүнзгийгээр мэдрээд нээх тийм сонин гомдох, халаглах, хор шар хөдлөх, талархах зэрэг олон сэтгэлийн хөдлөлд автлаа. 

Гадаадад сурч ажиллаж амьдардаг бүх л монгол улсын иргэдэд тохиолддог байх гэж боддог юм. Хаанаас ирсэн, аан Монгол уу тэгвэл хятадаар ярьдаг уу гэж та нараас асуудаг уу? Надаас асуудаг, гэхдээ цөөхөн (яалт ч үгүй өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй Япон хүн хэзээ ч асууж байгаагүйг онцлох хэрэгтэй байх). 
Тохиолдол 1. 
Энэ улсад сурахаар анх ирэхээс өмнө ажлын шугамаар ирэхдээ мэргэжлийн нэгэн байгууллагаар орж танилцах хүсэлтээ илэрхийлж билээ. Тэгэхэд ашгүй манайд монгол хүн байж таараад та хэдэд хэлмэрч хийхээр болсон гэсэн хариу ирж билээ. Үндсэн ажлаа дуусгаад танилцах албан газар луугаа явтал биднийг нэгэн өвөр монгол залуу хүлээж байж билээ. Хаа очиж монгол хэлээ сайн эзэмшсэн байсан, зааж сургасан өвөөд нь талархсан. 
Албан ёсны бичиг баримтаар бол тэд Хятад улсын иргэд, харин өөрсдийгөө гадагшаа гарлаа л бол Монгол хэмээн нэрлэх бөгөөд бүгд Хятад хэлтэй. Тийм ч болохоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн шиг Монгол улсын иргэд бас хятад хэл мэдэх ёстой болоод толгой нь эргэчихдэг байх л даа гадаадуудын. Ялангуяа жирийн иргэдийх нь. 
Тохиолдол 2. 
Зэрэг хамгаалсан тэнхмийн маань профессор нэг өдөр над руу яриад, Пиглетээ энэ нэг монгол залуу манай тэнхимд ормоор байна гэнэ. Би чамаас өөр монгол хүн авахгүй, тэгээд ч энэ залууг төгсгөх хугацаа надад алга чи нэг эвтэйхэн тайлбар өгөөдхөөч гэж билээ. Би бүр гайхаад, манай чиглэл бол би мэдмээр юм даа гээд за тэгье л гэлээ. Хэд хоноод над руу нэг өвөр монгол залуу холбогдсон. За ёстой монгол хэлээр бол ойлголцохгүй байсан. ӨМӨЗО болохоор би монгол гээд явдаг байх л даа түүнээс биш бараг л хятад байсан даа. Багшид тайлбар хэлсэн. Багш харин би мэдэж байсан, нэр нь монгол биш байсан гэв. 
Тохиолдол 3. 
Тэтгэлэг авдаг байлаа. Их эв найртай гоё уур амьсгалтай хамт олон байж билээ, одоо ч холбоотой. Гадаад орноос ирсэн (улс орнуудыг хөгжлөөр нь ангилдаггүй тэтгэлэг байсан) бид чинь тэтгэлэг аваад бөөн баяр шүү дээ. За тэрэн дээр бол иргэншлээрээ бичигдэхээс өөр арга байхгүй. БНХАУ гэсэн иргэшилтэй нэг охин надтай ирж уулзсан. ӨМ байсан. Монгол хэл сайтай, ямар ч асуудалгүй монголоор ярьж болж байсан. Тэр охин хамгийн сүүлд уулзахдаа Пиглет эгчээ надтай хүн шиг харьцсан цорын ганц ар монгол та байсан шүү гэсэн. Би гайхаад асуутал Монгол улсын иргэд маань хувь заяаны эрхээр биднээс тасран өөр улсын иргэн болсон тэдэнд маш дургүй байдаг бөгөөд бараг хятад хүмүүсээс ч илүү ад үздэг, эхэндээ монгол хүн гээд гүйгээд очдог байсан бол сүүлдээ бараг зугатаадаг болсон гэв. Яагаад над дээр ирээв гэтэл инээгээд та харваас намайг ад үзэх хүн биш, сайн хүн гэв хэхэ. 
Тохиолдол 4.
Өчигдөр хамт ажилладаг Япон бүсгүй, Пиглетээ зав гаргаач хэдэн юм асуух гээд гэсээр ирэв. Асуудалгүй. Монголчууд Twitter, Facebook, Instagram, Line гэх мэт олон нийтийн сүлжээ ашигладаг уу? Пиглет энд байгаа болохоор асуудалгүй байх л даа гэв. Бас ханз мэднэ биз дээ, нөгөө хятад хэлнийх шиг хялбарчилсан ханз нь уу? гэв. Би дотроо гайхаж байсан ч (нөгөө л нэг ӨМ-той андуурч байна даа гэж бодоод) ямар ч асуудалгүй хэдийгээр эрх чөлөөт, чөлөөт ЭЗ-тай болоод дөнгөж 30 жил болж байгаа ч тэр тал дээр ямар ч асуудалгүй гэв. Одоо нөгөөхийн толгой эргэв. Бидний хэдэн залуус нийлж Төвд, Тайван, Хонконг зэрэг Хятадын хамааралтай улсад эдгээр олон нийтийн сүлжээг ашиглах боломж нээх гээд судалгаа хийж байгаа юм. Тэрэн дотор яалт ч үгүй Монгол гэсэн нэр байсан болохоор асуусан юм гэв. За ингээд ээлжит түүхийн хичээлийн цаг эхэлсэн бөлгөө. 3 улсын гэрээ, хэрхэн монгол маань хойшоо урагшаа газар нутгаа ард иргэдтэйгээ хамт 2 хөршдөө өгсөн тухай, дунд нь үлдсэн нь одоогийн Монгол улс буюу эндхийхээр гадаад Монгол гэдэг тухай өөрийнхөө хэмжээнд хэлж ойлгуулсан. Хойшоо явсан монголчууд маань оросын иргэд, урагшаа явсангууд хятадын иргэд гэхдээ гадаад монголтой ижил монгол угсаатан бла бла. 
Нэг ч гэсэн хүнд бага ч гэсэн ойлголт өгч чадсан. Бид тэгвэл гадаад биш хятад дотрох монголчуудад зориулсан гэж өөрчлөх юм байна гэсээр яриа дууссан. Харин миний толгой энэ тухай бодсоор, ажилдаа төвлөрч өгөхгүй байв. 
Хүн ам цөөтэй ч Монгол улс маань оршин тогтносоор байгаад талархсан. Гэхдээ одоо хүн шиг байх цаг ирсэн бус уу, өөсдөө бид хятад руу явлаа гээд явчихсан биш дээ юунд ӨМ-даа ад үздэг юм, биднээс илүү ажилсаг байх шүү тэд гэж бодоод өөдгүй арчаагүй өөрсдөөсөө ичсэн. Одоо идэж уухаа болиод толгойгоо ажиллуулж чаддагууд нь энэ улс орноо хөгжүүлээд, дэлхийд бий болсон буруу ч гэмээр юм уу иймэрхүү ойлголтуудыг засаж залруулья л даа. Толгойгоо цэнэглэе л дээ тэгэх үү. Улсынхаа нэрийг боддоггүй юмаа гэхэд үр хүүхдээ бодьёо л доо бүгдээрээ. Бараг сүүлдээ ӨМ-д нь монгол гэхээсээ ичдэг болж байгаа байхаа. Би хувьдаа маш их хичээдэг, хичээсээр байх болно. Эвтэйхэн бодлоо цэгцлэх гээд олон мэдрэмж төрөөд нэг иймэрхүү урт бичлэг болчихлоо. 

No comments:

Post a Comment