Pages

Monday, August 24, 2020

2 өөр ертөнц


Манай 2 гэж тэс өөр 2 шүү. Ер нь хүүхдүүдийг мэргэжил сонгоход нь (бидний үед ч байсан) нийгмийн ухаанаар явах, эсвэл шинжлэх ухаанаар явах (дотор нь тоо, физик, хими, биологи) гэж хуваагаад аль амжилттай явах чиглэлээр нь ахлах сургууль болон их сургуульд оруулдаг. Аль чиглэлээр явах нь угаасаа хүүхдийн суурьд нь байдаг байх шиг байгаа юм.
Том бол нийгмийн ухааны хүн, өөрийн гэсэн ертөнцтэй, ургуулж бодно, хийсвэрээр сэтгэнэ, бөөн фантаз. Бага бол шинжлэх ухаан талын хүн, бодит байдал, одоо болж байгаа зүйлийг илүү сонирхоно, аливааг хурдан ойлгоно, эгч ойлгоогүй явж байхад бага аль хэдийн ойлгоод хариу урвал үзүүлж байх жишээтэй. Том бол өөрийнхөөрөө ойлгоод л ил гаргахгүй. Зурж байгаа зурагнаас нь шууд ойлгогдоно. Том бол өөрийн бодол санаанд байгаа зүйлсээ буулгана, энэ ертөнц дээр байхгүй зүйлсийг зураг зурах талбайн голд нь зураад л болоо, орчин тойрныг бүхэлд нь зурна гэж байхгүй бараг. Бага бол зургийн талбайг бүрэн ашиглана, зурж байгаа сэдэвтэй холбоотой эргэн тойронд нь юу байж болохыг, амьдрал дээр юу байдгийг бүгдийг нь тэр зургандаа багтаана. Том маань багадаа ганцаараа ярьж тоглодог байсан, тэгэхдээ зөвхөн өөрөө мэддэг өөр хэн ч ойлгохгүй хэлээр ярьж тоглодог байсан бөгөөд тэр хэлээ ганцаараа тоглохдоо л ашигладаг. Бага маань ч гэсэн үе үе ганцаараа тоглоно, хэн ч ойлгох хэлээр ярьж тоглоно. Том намайг уурлуурах зүйл хийлээ, би загналаа, загнуулаад дуугай л гэмшээд өнгөрнө. Гэмшиж байгааг нь төрүүлж өсгөсөн ээж нь юм болохоор ойлгоод байгаа, хөндлөнгийн хүнд бол ойлгогдохгүй. Бага намайг уурлуулвал загнуулж дуусчихаад шууд уучлалт гуйдаг, шууд учир начираа олдог. Тэгэхэд том дотроо л гэмшээд байна, гаргуулж сургах гэж загнасан загнуулсан 2 бушуухан учраа олох юмсан гэж би хүлээсээр хэхэ. Гэрээс гадуурхи нийгмийн харилцаа бол аль аль нь ямар ч асуудалгүй. Монголд нийгмийн ухааны талын хүүхдүүд үнэлэгддэггүй юм шиг санагддаг. Тоо, химидээ сайн бол мундагтаа ордог доо. Тиймдээ ч гадагшаа явах тэтгэлэг энэ тэр нь тэр чиглэлд илүү олдоцтой, худалч хүнд нийгмийн чиглэлээр тэтгэлэг олоод 10 жилээ төгсөөд шууд явдаг хүүхэд ховор. Тиймээс л хар багаас нь тоогоор бөмбөгдөөд байдаг. Нийгмийн талын хүүхдүүд ихэвчлэн гадаад хэл чиглэл рүү явдаг даа. Энд харин нийгмийн талын хүүхдүүдээ их дэмждэг тэр чиглэлийн ахлах сургууль, их сургууль, ажил алба их байх шиг байдгийн. Гэхдээ л яаж ч бодсон шинжлэх ухааны чиглэлээр явбал идэх хоолтойгоо. Нийгмийн ухаан бол барьцгүй санагддаг хэвээрээ, миний хувьд. 

2 хүүхдээ хэзээ ч ялгаж үздэггүй, 2 өөр ертөнцөд тохируулж харьцах гэж аав бид 2 нь байдгаараа хичээдэг. Өчигдөр томдоо илүү хандаж хагас өдөр ярилцсан юм. Сүүлийн үед хэтэрхий өөрийнхөө ертөнцөд амьдраад болдоггүй. Тэгэнгээ томдоо хандаж ялгаатай юм шиг санагдаж байвал тийм зүйл байхгүй 2 өөр ертөнцөд тохируулж харьцаж байгаа байдал нь шүү гэж хэлсэн чинь анзаарч байгаагүй л гэж байна лээ. Аав нь боломжийг ашиглаад дүүг чинь бага болохоор илүү наалдаж байгаа байх, чамайг багад чинь адилхан л ийм байсан, насанд чинь тохируулж харьцаж байгааг ойлгоорой гэсэн. 
Дахиад л хүний тархи гэж нээрээ аугаа зүйл шүү гэсэн бодолтойгоо л үлдсэн. Хичнээн миний төрүүлж өсгөсөн хүүхдүүд ч гэлээ ийм их ялгаатай тус тусдаа хувь хүмүүс. Ээж аавдаа ингэж тэгэх ёстой гэсэн өрөнд оруулахгүй, өөрсдөө бас хүүхдүүдээсээ элдэв зүйл хүлээхгүй байх нь чухал гэж боддог. Хүсвэл эргээд хааяа нэг харж үзвэл тэр л биз (мэдээж баярлана), харж үзэхгүй бол бас тэр л биз (гомдохгүй, гомдох эрхгүй). Гол нь өөрсдийгөө харж үзүүлүүлэх гэж би хүүхэд гаргаагүй. Хүн болж төрсөн тэд must enjoy. Би бас тэд нарыг төрүүлж өөрийнхөө амьдралыг амттай, сонирхолтой, хариуцлагатай болгож өөрийнхөөрөө enjoy хийж байгаа шүү дээ. 

2 comments:

  1. Нэг эхээс төрчихөөд бүгд л өөр өөр ертөнц шүү тийм ээ? Манайд гурван өөр ертөнц өсч бойжиж байна даа. Амжилт шүү...

    ReplyDelete
  2. Яг үнэн. Манай 3 ч бас гурван өөр ертөнц. Монголын нийгэм чиний бичсэнээр тоондоо сайн, үг хэл яриа нь хөгжчихсөн цовоо байрын хүүхдийг л илүү үнэлдэг. Бусад улсад хүүхэд бүр өөр өөрийнхөө сонирхол, онцлогоор хөгжөөд явах боломжтойм шиг санагдаад бдгийн, айлын хоол амттай гэдэг шиг юм болуу хэхэ.

    ReplyDelete