Pages

Tuesday, December 24, 2019

7 хоног


Яг 7 хоногийн дараа шинэ оноо угтах гээд хоол унд хийгээд бужигнаад байж байх нь. 2019 он бол сайхан жил байлаа БАЯРЛАЛАА! Надад боломж олгож бодолд умбуулсан жил байсан.
Ингэхэд би нэг зүйл ажигласан хэхэ. 2011 оноос хэрэглэж эхэлсэн, анх найз минь бэлэглэсэн нимгэхэн дэвтрийн гадартай нь холбоотой юм. Сүүлийн 5 жил тэр дэвтрийн гадар ямар байгаагаас тухайн жилийн маань хандлага ерөнхийдөө гарч ирээд байгаа юм. Хамгийн тод санаж байгаа нь багыгаа гаргасан жил олон янзын тод өнгийн дөрвөлжин хээ бүхий гадартайг сонгож билээ, тэр жил тийм л тод жил байсан. 2 жилийн өмнө сонгосон гадар нь голын ширүүн урсгал мэт хар эрчээрээ гэхдээ доороос дээшээ урсаж буй голын дүрслэлтэй байсан. Тэр жил маш завгүй, жинхэнэ урсгал шиг урсаад дууссан ч их амжилттай байсан. Өнгөрсөн жил яагаад ч юм өөдөө дүүлэн нисч буй олон тогоруутайг сонгосон байна. Үүрнээсээ нисэхдээ бэлдсэн, бэлдэж байгаа болохоор бас тохироод байгаа. Ирэх жилийн дэвтрээ авахдаа энэ бүхнийг ажиглаад 2020-д ямар гадартайг сонгосон гэж бодож байна. Миний хувьд бол тогтвортой (нисвэл буусан газартаа, нисэхгүй бол хуучиндаа бат бөх) байхыг бас өмнөх жилүүдээс илүү надад нэмэгдэж наалдаж үлдэх юм ихтэй байхыг бэлгэдсэн хээтэйг сонгосон. 
2020 бол онцгой жил болно ойлгомжтой. Оршин сууж буй хотод маань олимп болно. Ердөө энэ дангаараа л ямар онцгой жил болохыг хэлээд өгч байгаа биз дээ хэхэ. Өмнөх жилүүдээс илүү гэр бүлдээ цаг гаргамаар байна, ажлын хувьд бол хийх зүйлээ асуудалгүй хийсэн шиг хийгээд байж чадах тул тэр тал дээр эргэлзээ алга. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нэг хүнтэй таарч тохирохгүй байсан маань асар их сургамж болж байна. Хичнээн мэддэг ч гэлээ бүх хүн хэзээ ч харагдаж байгаа шигээ, ярьж байгаа шигээ байдаггүйг ойлгосон. Хөндлөнгийн хүнийг өөрчилж чадахгүйгээс хойш өөрийгөө өөрчлөөд хувираад хүн хүнд тохируулж харьцаж сурах нь хамгаас чухал гэдгийг мэддэг байсан ч яс махандаа шингэтэл ухаарсан. Өнгөрсөндөө харамсах зүйлгүй, учирсан таарсан бүх хүнтэй учрах л ёстой байсан, тэр бүхнээс чи өөртөө хэрэгтэй зүйл сугалж авч чадсан бол болох нь тэр гэж бодоод хичнээн хэцүү хямарч зүтгэж ямар нэгэн зүйлийн ард гарсан бол энэ бүхнийг мэдрүүлсэнд нь талархаад өнгөрөх нь зүйтэй гэж бодоод байгаа. Муу болгон тийм ч муу юм биш, ердөө л энэ зам чиний явах зам биш байж магадгүйг хэлж өгч байгаа дохио л гэж бодоход болох ч юм шиг. Учиргүй философи болчихлоо хэхэ. 
Та бүхэн минь 2019 ондоо талархаад сайхан үдээрэй. Ирэх жил уулзая. 

No comments:

Post a Comment