Pages

Thursday, October 17, 2019

Ахлах сургууль

Том маань ахлах сургуульд орохоор бэлдэж байгаа болохоор, өөрийн эрхгүй тэр талаар судлахаас өөр аргагүй болж байгаа юм. Монголоос бол шал өөр л дөө. Гэхдээ дээр үеийн буюу социализмын систем шиг ч юм шиг хэхэ. Яагаад гэвэл нөгөө сурлага, хөдөлмөр, урлаг спортын амжилт бас их нөлөөтэй юм. Бусад муж бараг ялгаагүй гэж бодож байна. Ингээд Токиогийн ахлах сургуульд элсэн орох үндсэн зарчмын талаар сонирхуулах гээд. 

Улсын буюу хувийн гэсэн 2 үндсэн ахлах сургууль байна. Улсын сургуулиуд нь дотроо улсын, хотын гэсэн 2 төрөл. Хувийн сургуулиуд нь дунд болон ахлах 2 нь хамтдаа эсвэл дан ахлах, дан эрэгтэй эсвэл дан охидын сургууль, эсвэл дээрээ өөрийн гэсэн их сургуультай буюу их сургуулийн харьяа ахлах сургууль гэж бас байна. Бага сургуулиа төгсөөд хувийн дунд сургуульд шалгалт өгөөд орвол шууд тэр сургуулийнхаа ахлах сургууль руу орно гэсэн үг. Ахлах сургуульд орох гэж дахин шалгалт өгөхгүй. Ахлах сургуулиудыг чанараар нь ангилсан байна, уг сурагчийн суурь үнэлгээ ямархуу байгаагаас хамаарч өөрийн түвшний сургуульдаа шалгалт өгнө гэсэн үг. Суурь үнэлгээ нь дунд сургуулийн 3 дугаар ангийн эхний 2 улирлын дүнгийн дундаж гэсэн үг. Улсын, хувийн аль алинд нь спортоор эсвэл урлагаар төрөлжсөн сургуулиуд байх бөгөөд тухайн төрлөөр амжилт үзүүлсэн байвал нэг бодлын урилгаар шалгалтгүй элсэж орно гэсэн үг. Дунд сургууль нь сурагчаа санал болгоно гэсэн үг л дээ. Манайд нэг ийм сурагч байна, ийм ийм амжилт үзүүлсэн гээд. Улсын сургууль төлбөргүй гэж хэлж болно, хувийн сургууль мэдээж төлбөртэй. Гэхдээ сурах бичиг болон дүрэмт хувцас гээд мэдээж чамгүй зардал гарна. 
3 дугаар улирал эхлэнгүүт (он гараад 1 сард) хамгийн эхлээд хувийн сургууль руу дунд сургууль нь сурагчаа санал болгож шалгаруулах элсэлт явагдана. Шалгаруулалт 2 янз, дээр бичсэн урлаг спортоор мундаг бол бараг шууд орно, нөгөөх нь энгийн хүүхдүүдийн шалгаруулалт. Тэнд ердийн шалгалт авахгүй, нэг тодорхой сэдэв өгөөд сурагчид тэр талаар өөрийн саналаа дэвшүүлж нэг ёсондоо мэтгэлцэнэ. Тэнд тэнцвэл дахин шалгалт гэж толгой нь өвдөхгүй (заавал элсэж орох ёстой). Удалгүй хувийн сургуулиудын энгийн элсэлтийн шалгалт болно. Бичгийн шалгалт гэсэн үг. Үндсэн 5 хичээлээр өрсөлдөнө.  Шалгалтын оноон дээр суурь оноо нэмэгдээд жагсагдана. Тэнцвэл орохгүй ч байж болно. Хувийн сургууль тул улсын сургуулийн элсэлтийн дүнг хүлээж өгөх сургууль гэж байна. Хүлээхгүйгээр төлбөрөө төл гэх хувийн сургууль ч байна (сайн сургуулиуд). Хувийн сургуульд энгийн элсэлтийн шалгалт өгөөд тэнцсэн хүүхэд тэр сургуулийг эхний зорилгоо болгож сонгосон бол ингээд элсэлт амжилттай дууслаа гэсэн үг. Эхний зорилго нь улсын сургууль бол түр хүлээлгэнэ, эсвэл элсэж орох мэт төлбөрөө төлөнгөө давхар улсын сургуульд шалгалтаа өгнө. 2 сарын эхээр улсын сургуулиудын шалгаруулж авах элсэлт эхлэнэ. Дунд сургууль нь бас сурагчаа санал болгоно гэсэн үг. Бас мэтгэлцээн маягаар тухайн сэдвээр ярилцана. Тэнцвэл энэ хүрээд дуусна. Маш их өрсөлдөөнтэй хэцүү гэсэн. Тэнцэхгүй бол улсын сургуулийн энгийн элсэлтийн шалгалтанд орно. 
Хувийн сургуулиудын шалгалтууд болон шалгаруулалт нь хоорондоо зөрөөтэй тул хүсвэл хэдэн ч хувийн сургуульд шалгалт өгч болно. Харин улсын сургууль бүгд нэг өдөр элсэлтийн шалгалттай тул нэг л сургууль сонгох боломжтой. 
Охин маань одоогоор улсын сургууль сонгосон байгаа. Охины түвшнээс үл ялиг дээгүүр сургууль сонгуулсан, тийм амархан бараг бэлдэхгүйгээр элсээд орчих сургууль сонгохгүй гэж ээж миний бие шийдсэн бөлгөө. Гэхдээ нэг эсвэл 2 хувийн сургуульд шалгалт өгөөд үзнэ. Мэдээж улсын сургуулийн шалгалтын хариуг хүлээж өгдөг сургууль сонгоно. Тэгээд улсын сургуульдаа дунд сургуулиасаа санал болгуулж өрсөлдөж үзнэ. Чадахгүй бол элсэлтийн шалгалтыг нь өгнө. Тэнцвэл улсын сургуульдаа орно, тэнцэхгүй бол өмнөх хувийн сургуульдаа орно гэсэн үг (тэнцсэн байх шаардлагатай гэсэн үг). Хувийн сургууль төлбөртэй ч 2020 оноос эхлээд Токиод амьдарч байгаа бөгөөд жилийн орлого 7 сая 500 мянган иен хүрэхгүй орлоготой айлын хүүхдийн төлбөрийг улс чөлөөлөхөөр болж байгаа. Тиймээс мэдээж ийм өндөр орлого үгүй тул чөлөөлөгдөх учир сайн хувийн сургуульд орсон ч төлбөр гэж айхааргүй болж байгаа. 
Улсын сургуульд орвол хүүхэд өөрөө хичээхээс гадна давхар нэмэлт хичээлд явуулж байж сайн их сургуульд элсэнэ. Хувийн сургуульд орвол хувийн сургуулиуд нэрээ бодоод сайн их сургуульд олон хүүхэд оруулахын тулд эхний 2 жилд ахлах сургуульд үзэх хөтөлбөрөө шахаж оруулаад сүүлийн нэг жил их сургуулийн элсэлтэнд бэлдээд өгчихдөг гэж байгаа. Тэгэхээр сонголт таны гарт гэсэн үг. Сургууль сонгоход хамгийн чухал нь орчин нь хүүхдэд тань таалагдах эсэхийг урьдчилж мэдэх хэрэгтэй. Очиж үзэж болно, нээлттэй хаалганы өдрүүдээр очих хэрэгтэй. Зөвхөн нэр хүндээр нь сонгож болохгүй гэдгийг анхааруулья. Хүүхэд тань орсон хойноо орчин нөхцөл таарахгүй байна гээд хаячих тохиолдол сүүлийн үед ихсээд байгаа гэсэн. Маш урт бичлэгийг анхааран уншсанд талархаж байна. 

1 comment:

  1. Bayarlalaa,ohin maani baga surguuli,Tokiogoos hol ch geden sonirholtoi bailaa.

    ReplyDelete