Pages

Tuesday, March 12, 2019

SNS

Амьд харилцааны тухай бичигдэх болно. Хэн нэгэнтэй нүүр тулалгүйгээр харилцах осолтой. Ялангуяа ямар нэг асуудлыг шийдвэрлэх үед (албанаас бусад). Тухайн үеийн байдлаа нүүр царай, үйл хөдлөл, дуу хоолойны өнгө аяс зэргээ мэдрүүлж байж өөрийгөө зөвөөр ойлгуулна.
Магадгүй миний бичсэн зүйлийг уншигч этгээд өөрийнхөө яг тухайн үеийн сэтгэл санааны байдалдаа тохируулаад ууртай үедээ ууртайгаар уншчихвал бүх зүйл орвонгоороо эргэнэ гэсэн үг. Дэлгэцний цаанаас аливаа чухал асуудлыг (албанаас бусад шүү) шийдвэрлэхээс зайлсхийж байгаарай. Би ч бас нэг бус нэлээд олон удаа иймэрхүү байдалд орж үзсэн тул аль болохоор уулзах, эсвэл видео хийж царай зүсээ харж ярихыг илүүд үздэг юм.
Саяхан том охинтойгоо хамт эндхийн ТВ-р гарсан "3А бүлэг" гэдэг цуврал киног үзэж дуусгаад маш зөв зүйлийг хөндсөн үйл явдалтай болохоор нь эндээ дурьдах гээд ороод ирлээ. SNS хэрэглээ газар авсантай, амьд харилцаа байхгүй болсонтой, дэлгэцний цаанаас юу дуртайгаа бичдэгтэй, өөрт нь огт хамаагүй зүйлийн талаар, өөрөө гадарлахаас цаашгүй зүйлийн тухай их мэдэж бурсантай холбоотой тухайн ярианы гол сэдэв нь болж буй зүйлийн ард байгаа гол дүрийн хүнд тэр бүхэн хэрхэн хүнд тусч байгаа, сэтгэлийн асар их шаналалд өртсөнтэй холбоотой өөрийн гараар амиа хорлосон ахлах ангийн сурагч охины тухай гарсан. Тэр охинд тохиолдсонтой ижил зүйл залуухан хүүхэн болон ид насны эрэгтэйд тохиолдоход арай ч амиа хорлоогүй ч сэтгэл санааны хувьд үхсэнтэй ижил байдалд орж байгааг харуулдаг. Өсвөр насны хүүхдүүд иймэрхүү дайралтанд илүү эмзэг, тэсвэрлэх, өөрийгөө удирдах, залах ухаан хараахан суугаагүйг давхар харуулсан. Ахлах сургуулийн багш ангийнхаа хүүхдүүдийг сургууль дээр нь барьцаалж SNS хэрэглэгч хүн бүрт, ялангуяа өөрийн дааж авсан ангийханыхаа үеийхэнд ойлгуулахыг хичээсэн үйл явдалтай. Мэдээж төгс биш ч гэлээ хэлэх гэсэн санаа нь хангалттай ихийг ойлгуулсан. Би ч бас охиндоо анхааруулаастай, өөрөө ч давхар байнга анхаарал болгоомжтой байхыг өөртөө сануулаастай. Хүн гээч тэгж байгаад муухай ч амьтан бол доо. Санамсаргүй хэлсэн нэг үг чинь бусдыг үхэлд хүргэнэ гэж бодохоор ҮГ бас их хүчтэй. Энэ хүчээ тохируулж, бодож байж хэрэглэх нь ухамсарт хүний нэг чадвар. SNS-с холхон байх нь дээр санагддаг, ялангуяа бодитоор танихгүй хүнтэй харилцахдаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Өөрийн чинь санаанд таарахгүй, тохирохгүй зүйлийг хэн нэгэн бичлээ гэхэд хүлээцтэй байж дургүйцлээ тэр хүнд илэрхийлэхгүй байх нь дээр. Хүн болгон чиний туулсан замаар явж чиний олж авсан хүмүүжлээр хүмүүжээгүй тул санаа оноо зөрөх нь ойлгомжтой. Зүгээр л түр хугацаанд тэр хүний оронд өөрийгөө орлуулаад бодоод үзэхэд л болно гэж би хувьдаа боддог юм. Хүн угаасаа өөрт хандсан, өөр лүү нь чиглэсэн бүхэнд эмзэг бөгөөд гүнзгий хүлээж авдаг болохоор хийхээсээ өмнө байраа солиод бодоод үзэхэд илүүдэхгүй байх. 

1 comment:

  1. тэр ч ёстой үнэн шүү, би ч гэрийнхэн найз нөхөдтэй л холбогдохоор ашигладаг. сайн таньж мэддэггүй, үзэл бодол нийлдэггүй хүмүүсийг нэмдэгчгүй шд ккк

    ReplyDelete