Pages

Friday, January 4, 2019

Дүгнэлт үргэлжлүүлээд чармайлт


Та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе! Биеийн болон сэтгэлийн эрүүл энх, амар амгалан байдлыг хүсээд энэ оны анхны бичлэгээрээ мэндчилье. 

Эхлээд дүгнэлт хэхэ. Ноднин өдийд сэргээх болоод шинээр хийх зүйлс гээд өөрийнхөө хэмжээнд учиргүй жагсаасан байж. Одоогийн өндөрлөг дээрээс хараад дүгнэнээ. Сэргээх гэдэгт өндөр өсгийтөө өмсөнө, дуугаа сонсоно, дасгалаа хийнэ гэжээ. Өндөр өсгийт худлаа болсоон гэж хихи. Пүүз жийж гүйгээд таарсан. Шалтгаантай гэж мэд. Багын цэцэрлэг үүдэндээ том зүлэгтэй талбайтай юм. Заавал тэрэн дээгүүр явж байж гол үүдээр нь ордог бөгөөд өсгийтэй гутлаар зүлэг үл сийчсүгэй гэсэн бичигтэй тул өглөөд хүргэж өгдөг би яаж өсгийт өмсөх билээ. Дуугаа бол чихээ өвдтөл сонссон. Гэм нь олон төрлийн дуу сонсож чадаагүй ээ, таалагдсан дуугаа шүүж сонсоод таарсан. Дуу гэдэг чинь хүний сэтгэлийг засагч эд болохоор хааяа дуундаа хөөрөөд бодит байдлаас тасарчих гээд байхаар нь түр завсарлага авчихсан байгаа хэхэ. Дасгал бол яг хийнээ гээд барьж аваад хийсэн юм байхгүй ч өдөрт доод тал нь 10000 баталгаатай алхдаг болохоор замбараагүй идэж уусан ч жин нэмээгүй болно. Хангалттай хөдөлсөн гэж үзээд байгаа ч зориулж дасгал хийх хэрэгтэй байхаа. Жилийн дундаж алхалт 12000 алхам. 
Шинээр хийх зүйлсэд үүргэвч үүрэх, жимд явах, шинэ хоолны жор нэмэх гэжээ. Үүргэвч үүрсэн, үүрсээр ч байгаа, үүрэх ч болно. Маш их таалагдаж байгаа. Хүмүүст санал болгоод л байгаа. Жимд бол яваагүй ээ, үнэндээ зохицуулж чадаагүй. Нөгөө санаа байвч сачий нь хүрээгүй. Шинэ хоолны жор 2-3аар нэмэгдсэн. Биед амар зүгээр санагдсан. За ингээд өнгөрсөн жилдээ 66.6%-ийн амжилттай байжээ.  
Энэ жил өөрөөсөө хүсэх юм бол ХҮЛЭЭЦТЭЙ, ТЭВЧЭЭРТЭЙ, ЭНЭРЭНГҮЙ байж аливааг ХОЙШ ТАВИХГҮЙ дор дор нь ЧАРМАЙЛТ гаргаж хийх. Ер нь нээх яарч тэвдээд байдаг хүн биш л дээ би. Гэхдээ одоогийнхоосоо илүү хүлээцтэй байж аливааг тэвчиж сурах хэрэгтэй. Одоогийнхоосоо илүү чармайлт гаргаж чин сэтгэлээсээ бүхнийг хийж хааяа нэг халтуурдаж залхуурдагаа болино. Надтай хамаарал холбоотой, миний эргэн тойронд байгаа, надад үзүүлэх нөлөө нь их, би өөрөө харж суралцаж хүндэлж дээдэлж явдаг хүмүүст маань энэ бүх чанарууд байгаа болохоор би бас хичээх хэрэгтэй гэдгээ улам илүү мэдрээд шинэ оны үндсэн зорилтоо болгочихлоо. Эрүүл мэнддээ анхаарч, ажил амралтын балансыг бариад явчихад болно гэж бодоод байгаа. ХИЧЭЭНЭЭ. 

1 comment:

  1. шинэ оны мэндээ, ямар их алхдаг хүн бэ ккк
    би өнгөрсөн сард өдөрт 10 000 алхсан чинь сүүлдээ ахилын шөрмөс өвдөөд, нэг тавхайн дээд талд юм хум бондойж өвдөөд энэ сараас болихоор шийдээд амжилттайгаар алхахгүй байгаа гэхгүй юу хэхэ, 66.6 хувь гэхээр боломжийн л амжилттай жил болсон байна

    ReplyDelete