Pages

Tuesday, August 7, 2018

Тоохоо байж


  • Цаг агаарын байдалд учиргүй ач холбогдол өгөхөө байчихжээ сүүлийн хэдэн жилд. Зундаа маш халуун шүү дээ энд, ердөө хэдхэн жилийн өмнө тэрхүү халууныг яаж тэсч гарнаа гээд л хоног тоолох нь халаг байдаг байлаа. Одоо бол цаг агаарт анхаарал хандуулахаа байсан. Зун бол харалтгүй байнга халуун, өвөл бас харалтгүй байнга жиндүү. За яахав гадуур орж гарах ажилтай бол нэг бороогоо харах юм даа. Ажил маань байшин дотор болохоор, бас цаг агаараас өөр шаналж санаашрах зүйлтэй байгаагийн шинж байхаа. Тэгээд ч халуун гэж үглээд хямраад сэрүүхэн болгочихож чадахгүйгээс хойш. 
  • Ихэнхдээ өөрт гарч буй өөрчлөлт шинэчлэлт, шилжилт хөдөлгөөн, шагнал урамшуулал, албан тушаал зэрэг өөрийн хувийн өөрчлөлтүүдээ хүнд хэлэхээ байжээ. Хүнээс илүү гарсан юмгүй, би биш юмаа гэхэд өөр хэн нэг нь хийх юм болохоор, өөрийнхөө тухай ярих дургүй, миний явдал бусдад хамаагүй гэж үздэг, тэр бодол маань улам л гүнзгийрээд байх болсонтой шууд хамааралтай. 
  • Бусадтай харьцуулахад учиргүй их зовлон зүдгүүр үзээгүй ч мэдээж өөрийн хэмжээнд унаж босч ирсэн үе, тэрнээсээ хуримтлуулсан туршлага байгаа болохоор өөрөөсөө дүү хүмүүст (ихэвчлэн эгч нарынхаа хүүхдүүдэд бас коохай нартаа) тэр хэцүү зүйлийг дайралгүй тойроод гараад ирэхийн тулд яах ёстой, хүссэндээ тийм амархан хүрдэггүй, цаг үргэлж хичээж байж амжилттай сурч ажиллана, зүв зүгээр сууж байгаад хэзээ ч толгойд чинь мэдлэг өөрөө орж ирэхгүй гэдгийг хэд хичнээн хэлж байв. Сүүлдээ өөрсдөө хичээхгүй байхаар нь тоохоо байсан, тааллаараа болог. Бүдэрч унаад, хичээлээ хийхгүй яавдаа гээд харамсаж байж хичээх улс юм байлгүй дээ гээд олон юм ярьдагаа орхисон.  
  • Том охиноо тоохоо байж байгаа хэхэ. Сургуульд орохоос өмнө, бага сургуульд байхад нь, дунд сургуулийн 1-р ангид байхад нь их зууралддаг байж. Тэрний маань үр дүн гараад хэлүүлэлтгүй хийдэг болж. Өөрөө хийж дуусчихаад шалгаарай гээд аваад ирдэг болж. 3 удаа эвтэйхэн хэлж сануулж 4 дэх дээр нь үг дуугүй загнадаг гурвын дүрэм маань үр дүнгээ өгсөн. Одоо нэг хэлүүлээд л асуудалгүй хийдэг болж, гол нь хийхгүй бол аав ээжид биш надад муу гэдгээ ойлгодог болсон байна. Охиноо хараад өөрийн эрхгүй баярлах юм, овоо доо үр минь гэж бодох юм. Одоо багатайгаа зууралдаж үглэж дуулах ээлж ирж байх шиг байна. 
  • Хувцас хунараа нээх тоохоо байж. Энэ нь ямар утгаар гэхээр мода дагахаа байсан л гэсэн үг. Ердөө өөртөө зохидог, биенд эвтэйхэн, эдэлгээ сайтайг сонгож байгаа гэсэн үг. Өндөр өсгийт барагтай өмсөхгүй, даашинж юбка бас өмсөхгүй нэг тиймэрхүү. Нөхрийгөө шоолдог байсын, нэг янзын юм хэд хэдэн өнгөнөөс нь авчихдаг болохоор, одоо өөрөө нэг тиймэрхүүдүү болчих гээд л хэхэ. 
Дүгнэлт нь ердөө нас явж намба суусны үр дүн байхаа даа тээ. Хамаг хариуцлага толгойн дээр ирэх үед маргааш юу ярихаа бодохоос биш маргааш юу өмсөхөө бодохгүй, чамаас шалтгаалсан асуудал дээр цаг агаар харж хойш суух биш зүгээр гараад л урагшаа. 

2 comments:

  1. Нас явж намба суужээ. Сүүлийн өгүүлбэр ихэд таалагдлаа.
    Үнэхээр л цаг агаар харж суухаар гараад алхсан нь зөв.
    Би гэхдээ ойрын хэдэн сардаа хувцас хунараа их тооно гэж бодоод байгаа. Өөрөө өөртөө гоёмоор гангармаар санагдах л юм.

    ReplyDelete
  2. том болж дээ миний хүү .... гэдэг дуу л санаанд ороод байх юмаа ккккк

    ReplyDelete