Pages

Thursday, January 4, 2024

Хүлээн зөвшөөрье

Он солигдсон байжээ. 

Шинэ оны эхний өдөр. Анх удаагаа газар хөдлөлтөөр толгой эргэж дотор муухай оргихыг мэдэрсэн. Тоглоомын газрын эргэдэг аяга гээд тоглоом байдаг даа, яг тэрэн дээр суучихсан мэт. Өмнөх газар хөдлөлтүүдээс арай өөр. Оны өмнө Японы тэр хэсэгт (Япон тэнгис талдаа) хүчтэй газар хөдлөлт бараг болдоггүй ч сүүлийн хэдэн жилд чичиргээнүүд их бүртгэгдээд байгаа тухай нэг мэдээ харж байсан. Тэр газарт газар хөдлөлт, цунами бас түймэр болсон. Хичнээн их бэлтгэлтэй ч гэлээ байгалийн гамшиг бол гамшиг аж. Саруул ухааны амьдардаг газартай ойрхон, гайгүй гэж найдаж байна. 

Шинэ оны 2 дах өдөр. Зорчигч тээврийн онгоц, гамшиг болсон газар луу нисэх гэж байсан 6 хүний бүрэлдэхүүнтэй албаны жижиг онгоцтой мөргөлдөв. Албаны онгоцны даргаас бусад нь нас барав. Зорчигт тээврийн онгоцыг газардахыг зөвшөөрсөн, албаны онгоцыг зам руу орохыг зөвшөөрөөгүй хүлээж байх заавар өгсөн нь бичлэгээр батлагдсан ч амьд үлдсэн онгоцны дарга хөөрөх зам руу орох зөвшөөрөл аваад орсон гэж мэдүүлсэн. Хар хайрцаг хамаг бүхнийг хэлэх байх. Зорчигчдыг хамгаалж чадсан шүү. 

Эндхийхээр бол луу жил гарчихсан. Айхтар жил болох нь. 

Нэлээд олон жилийн өмнө. Өөрийгөө хамгаалахын тулд өрөөлийг сийх ч үгүй, ичих ч үгүй шавартай хутгаж байхыг харсан билээ. Харсан ч гэж дээ шавартай хутгуулсан хүн нь байгаа юм. Бие биш сэтгэл их өвдсөн. Тэр хүнийг тэгнэ гэж санаанд ч орж байгаагүй тул, хэрэндээ дотно байсан хүн тул шоконд ороод, тэрнээс хойш хичнээн өөрийгөө хүчлээд хүчлээд тэр хүнтэй үг ч сольж чадахаа байсан. Намайг гүтгэснээ тэр өөрөө мэднэ, тиймдээ ч надтай таарах тоолондоо царай алддаг. Бусдын нүдэн дээр харин өөр. 

Оны өмнө дахиад адилхан байдалд орох шив дээ. Ойр дотны хүн болохоор бүр л хэцүү хүлээж авлаа. Ийм ойрхоны хүн ингэж байхад олон жилийн өмнөх тэр хүн бол тэгэх нь аргагүй байж дээ ч гэж бодох шиг. Уучлах гэх үү ойлгож хүлээж авах ёстой хүн тул ингээд өнгөрч л таарна байх. Өөрийгөө хамгаалах гээд над руу бүхнийг чихэн бусдад худлаа ярьж байгаагаа өөрөө мэдэж байгаа болохоор намайг ууртай байгааг мэдээд аргадах ая эвээ олохгүй хэцүүдэж байгааг нь ч мэдэж байна. Түр орхиод өгөөч, цаг хугацаа өнгөрөхөөр тэр тухай яриа гарахгүй бол би зүгээр болчихно. Даанч өөрөө буруутай болохоор намайг бушуухан уучилчихаасай гээд орхиж өгөхгүй зууралдаад байгаа нь хэцүү байна.  

Эндхийхээр бол луу жил гарчихсан. Айхтар жил болох нь. 

Дэм дэмэндээ гэдэг дээ. Гамшигт өртсөн газар төд удалгүй сэргээд, гамшигт өртсөн хүмүүсээ ёс төртэй үдээд, ийм үе дахин тохиолдоход гарз хохирол багатай давж, илүү сонор сэрэмжтэй байхад анхаараад улам л хүчирхэг болох нь гарцаагүй. 

Би ч бас юм үзсэн хөгшин чоно шиг хэр баргийн юманд сэтгэлээр унахаа больж, хэзээний байдгаараа бүх хүнд чин сэтгэлээсээ ханддаг хэвээрээ л үлдэнэ. Өөрийгөө хамгаалахын тулд өрөөлийг худлаа гүтгэж хэзээ ч чадахгүй, гүтгэгдсэн хүнд ямар хэцүү байдгийг нэг биш нэлээд олон удаа мэдэрсэнийх, хэцүү үед өөрт нь итгэсээр байгаа хүн хажууд заавал байдгийг мэдсэн тул бусдыг хэцүү үед нь түлхэх биш тулж явнаа. 

Эндхийхээр бол луу жил гарчихсан. Айхтар жилийг даваад л гарна. 

No comments:

Post a Comment