Pages

Monday, February 10, 2020

Надаар


сонирхуулах зүйл бараг шахуу алга даа. Өдөр тутмын амьдралын сонин сайхан бичих санаатай. 
Том охин завгүй, монголоор бол конкурсдаа бэлдээд сэтгэл санаа нь хөөрхий тогтворгүй, заримдаа байж сууж чадахгүй байх шиг байгаа юм. Үе үе анхаарлаа төвлөрүүлэх гээд оригамигаар янз бүрийн юм хийж харагдаад, хааяа дүүгээ оролдоод л хэхэ. Охины эзэмшлийн хэсэг минийхээр бол аймшиг, бөөн бичиг цаас ном дэвтэр. Замбараагүй гэж юүхэв. Шалгалт нь дуусахаар л үглэх санаатай тэвчиж байна. 

Жижиг маань бараг л тусад ороод байна даа. Ээж байсан байгаагүй өөрийгөө аргалчихна. Гэхдээ ээж байвал эрхлэх, наалдахаа бол мартахгүй. Уншаад сурчихсан, эв хавгүй ч гэлээ биччихнэ. Инээдтэй амьтан байнаа. Нөхөртөө чи ганц бие хүн шиг л амьдрах юм гэж хэлүүлсэн хэхэ. Өглөө гараад орой ирнэ, нээх л их ажилтай амьтан. Хагас бүтэн сайнд ажилгүй бол гэр зуур, гадуур гарах гэхээр хүйтэн бас хий дэмий мөнгө үрэгдэх болохоор гарахгүй байгаа. Тэгээд мэдээж өдрийн унтлага хийгээстэй хэхэ. 
Өнгөрсөн жил А.Пүрэвмаагийн бүх номнуудыг уншсан. Орчин үеийн үйл явдалтай болохоор ч тэр үү уншихад амар бас сонирхолтой байсан. Он гарангуут Г.Аюурзаны Сүнсний томьё, Шүгдэн 2-г уншсан. Нэг тийм юу гэж хэлэхээ мэдэхгүй ч далд ертөнц, давхар бодол, зүүдний ертөнц энэ тэр гэсэн бодит биш ч үгүйсгэх аргагүй зүйлсийн талаар бодоход хүргэсэн зохиолууд байсан. 40 гарсан тул дахиад нэг удаа энэ насны босгон дээр хэрхэн уншигдах нь вэ гэдгийг мэдрэхийн тулд Анна Каренина-гаа барьж авах санаатай. Өөр уншихаар бэлдээд сэтгэл нь ханачихсан уншаагүй номнууд бас байнаа. Цаг нь болохоор барьж авна байхаа л гэж бодоод байгаа. 
Ажлын нөхцөл, амралтын асуудал зэрэг хөдөлмөрийн хуулинд өөрчлөлт орсонтой холбоотой хагас бүтэн сайнд дарга даамлуудаас цахим захидал ирэхээ байсан. Эхэндээ шалгаад сурчихсан болохоор өдөрт хэд хэд шалгаад дор дор нь хариу өгөх санаатай орж ирэхээр л юу ч байхгүй гайхаад байсан чинь дээрхи өөрчлөлттэй холбоотой байж. Амар болсон хэхэ. 
Том даргад хүсэлт тавиад үнэтэй цайтай зүйл авахуулахаар болсон юм. 2 дахь дарга жоохон ууртай, энэ Пиглетийг дандаа эрхлүүлдэг үгүй гэж хэлдэггүй, төсөв боломжоо бодохгүй бла бла гээд үглээстэй. Авахуулсаныхаа хэрээр хийдэг болохоор өөдөөс нь нэг сайхан инээчихээд л сууж байна даа. 
Нөгөө таардаггүй хэцүү хүүхэн халагдах нь тодорхой байсан юм. Бүгд дотроо баяртай байсан. Халагдтал нь хэдүүлээ тэвчинэ шүү гэх нь халаг байсан чинь нэг сайхан өглөө дахиад нэг жил үлдэхээр болчихсон байдаг байгаа. 2 дахь дарга ууртай орж ирээд Пиглет чи үлдээ гэж боссоос гуйсан уу, чиний хүсэлтийг үг дуугүй биелүүлдэг болохоор надад өөр бодол орж ирэхгүй байна гэж авсан. Юу гэж дээ эсрэгээрээ шүү дээ л гэсэн. Том босс дээр гүйж ороод өвдөг сөгдөн гуйсан юм шиг байна лээ. Манай том босс хийх хүсэл эрмэлзэлтэй байгаа хүнийг халдаггүй юм. Харин тэр нөхрийг үлдээх болсондоо надаас уучлалт гуйх нь халаг, надтай тэр хүүхнийг уулзуулахгүй байх бүх л арга хэмжээг өөрийн зүгээс авч өгч байгаа. 
Хуучин 2 дахь дарга (тэтгэвэртээ гарчихсан ч хамтарч ажилласаар байгаа) Пиглет больж болохгүй, энэ чигээрээ байх хэрэгтэй гэсэн (хэнээс болих гэж байсныг сонссон байж таарах уу) гайхасхийгээд за л гэсэн (бүр Японоос явж болохгүй гэсэн хэхэ). 
Шинэ ханиадны тухай мэдээгээр дүүрэн. Нээх айх зүйл бол биш л санагдаад байгаа, хувийн ариун цэвэр, амьдралын зөв хэмнэл зэргээ дор бүрдээ хэрэгжүүлэхэд болно. Суурь өвчтэй, архаг өвчтэй, настай хүмүүс тусвал илүү хүндэрч байгаа болохоос бусдаар энгийн томуугаас ялгаа бараг байхгүй. Яахав шинэ өвчлөл гэдгээрээ сайн судлагдаагүй болохоор илүү айдас төрүүлээд байгаа байх. 

1 comment:

  1. А.Пүрэвмаагийн өөрийн амьдралаас сэдэвлэсэн 2 номыг нь уншсан. Уншаад л баахан уйлж үймэрч билээ. Бас л хүний сэтгэлийг хөндтөл бичдэг хүүхэн шүү. Нэг тийм өвөрмөц бөгөөд хүчтэй өгүүлэх чадвартай. Түүнд тохиолдсон явдал ч үнэхээр хүнд хэцүү болохоор тэр байх л даа. Аюурзанын зохиолд бол бүр донтчихсон. Тийм гэх тодорхой дүрслэл хэлж бичиж мэдэхгүй хэрнээ авдаг таашаал гэхүү мэдрэмж гэхүү зүйлс нь өөр юуныхтай ч зүйрлэхээргүй. Нэг цаг үед амьдарч, уран бүтээлийг нь илүү хүчтэй тодоор мэдэрч байгаадаа л баярладаг даа.

    Шинэ ханиадыг би бас яг тэгж бодоод байгаа. Гэтэл Монголд арай л сүржигнээд тахал махал гээд нийгэмд айдас үүсгээд байх юм. Тэгэхгүй бол болдоггүй хэнэггүй улс л гэх юм. Ер нь монголд ямар нэг шалтгаанаар диктатур тогтооход их амархан юм гэдгийг л мэдрээд байгаа ойрдоо.

    ReplyDelete