Тэгэхээр юу болсоныг тайлбарлах гээд оролдоод үзье. Хүн хоорондын харилцаа. Миний үед байсан ч бас л хайрцаглаад өнгөрдөг байсан, эсвэл шинээр гарч ирсэн харилцаа байх.
1. Их сургуульд элсэж орсоноос эхлээд секц дугуйланд хамтдаа явсанаар найзын холбоо нь эхэлсэн 2-н тухай. Их сургуульд ороод үргэлжлүүлээд одоо хамтдаа ажиллаж байгаа 2, би бас цуг. Хоорондоо их дотно, бүсгүй нь саяхан хуримаа хийсэн нөгөө хүүхэн, залуу нь надтай хамт хуриманд нь уригдсан. Ирэх жилээс бид хэд тус тусынхаа замыг хөөгөөд тал тал тийшээгээ салан одох юм. Би тэгээд тэр 2-той ярилцаж байгаад та 2 ирэх жил хааяа нэг уулзах уу гэтэл үгүй гэв, ийм дотно байж нэг нэгнийгээ яаж явааг бодож нэг уулзах юмсан гэж санахгүй юу гэтэл бас үгүй гэв. Хэн нэг нь уулзая гэвэл уулзах уу гэтэл уулзах шаардлага үгүй гэв. За тэгвэл та 2 намайг уулзая гэвэл уулзах уу гэтэл Пиглеттэй бол уулзана гэв. Би тэр үед гайхаад та 2 жинхэнэ найзууд мөн юм уу гэтэл мөн гэв, тэгсэн хэрнээ яг нэг нэгнийхээ талаар сайн мэдэхгүй зүйл зөндөө байгаа гэв. Би тэгвэл өнгөц харилцаа байх нь ээ гэтэл одоо хамт ажиллаж байгаа хүмүүс дотор бол хамгийн дотно гэж өөрсдөө дүгнэв. Миний хувьд найз гэвэл хааяа нэг холбоо бариад, ямархуу байгаагаа мэдэлцээд явж байдаг, бас гэнэт санаад уулзмаар санагдаад холбоо барих үе ч байдаг болохоор тэр 2-н энэ найзын холбоог сайн ойлгоогүй.
2. Өнгөрсөн жил хамт ажиллаж байсан залуу болон одоо яг хамт ажиллаж байгаа өөр залуу 2 их дотно (минийхээр), 3 сардаа нэг удаа хамтдаа ийш тийшээгээ зугаалгаар явчихдаг. Аль аль нь Покемон сонирхдог болохоор Япон төдийгүй дэлхийн хаа нэг улсад арга хэмжээ байвал хамтдаа тэрэнд оролцохоор явцгаадаг юм. Би мэдээж одоо хамт ажиллаж байгаа залуутай найз болохоор надад хамаг юмаа ярьдаг юм. Нөгөө залуу бол хамт байхад их хөгжилтэй гэхдээ их өнгөц харилцаа үүсгэдэг, тоглоом шоглоомоор ярьдаг болохоор үнэн худлыг нь ялгаж чадахгүй жоохон барьцгүй санагдаад байдаг юм. Саяхан энэ бодлоо хэлээд, хэрхэн тэр залуутай хамтдаа байж чадаж байгааг нь асуутал үнэн худал ярих нь хамаагүй, хамт байх цагаа хөгжилтэй сайхан өнгөрөөж байвал болоо, өөр хүсэх юм байхгүй гэв. Тэгэхээр би өөрийгөө оронд нь тавиад бодохоор өнгөц харилцаатай хүнтэй байн байн явж чадах болов уу гэж бодсон.
3. Нэг найз маань нэг залуутай учир ургуулав. Нэг нэгэндээ талтай, тохироо нь бүрдвэл хэдэн цагаар ч хамаагүй ярьж суудаг, 2-лаа хамтдаа хоолонд орно, хэнд ч хэлж ярихгүй зүйлсээ ярилцана. Манай найз яахав өөрөө талтай байгаагаа бүрхэгдүү үг болон үйлдлээрээ илэрхийлдэг. Эргүүлээд учиртай мэт хариу үйлдэл авдаг ч харилцаа нь яг л тэр хэвэндээ, наашаа ч үгүй цаашаа ч үгүй. Миний хайрцаглагдсан бодлоор бол ийм үед учиртай бол урагшлах, учиргүй бол хойшлох, хөлдүү бол хөдөлгөөнгүй гэсэн үг. Би тэгээд хөлдүү нөхөр байна гэж дүгнээд байсан.
Дээрхи 3 тохиолдол бараг шахуу нэг дор болсон болохоор гэнэт их бодолд дарагдсан. Яагаад гэхээр би одоо ажиллаж байгаа залуустайгаа их ойр дотно харилцаатай байдаг. Мэдээж насаар илүү болохоор хүндлэл байгаа л байх, гэхдээ л ажил дээр гарахаар адилхан өрсөлдөөд барьцаад байхыг бодохоор үеийн өрсөлдөгч шиг харьцаад байгаа биз. Би хааяа уруу татаад хоолонд орьё гэхээр үгүй гэж хэлэхгүй, бүгд л дуртай бүр хаашаа орохоо сонгоод захиалга хүртэл өгчихдөг. Дургүй байсан бол тэгж хүч хөдөлмөр гаргахгүй биз дээ. Надад цаг зав сэтгэлээ зориулсан хүнд би бас адилхан хариу барихыг хичээдэг болохоор бүгд л миний хувьд тус тусдаа тусгай хүмүүс. Тэгээд энэ хэдтэйгээ цаашид харьцахад дээрхи ойлгохгүй байгаа хүн хоорондын харилцааны асуудлын учрыг олох хэрэг гарсан.
Платоник харилцаа (зүрх сэтгэлээрээ холбоотой, бүхнээс илүү нэгнийгээ ойлгодог ч харилцааны түвшнээ өөрчлөх бодолгүй), адилхан сонирхол дээр суурилсан харилцаа (сонирхол дээр тулгуурласан нэг нэгнийгээ мэдэхээс, сонирхолоос гадуур тэр хүнийхээ тухай юу ч мэдэхгүй, сонирхох ч үгүй), хамт байх газар болон хугацаа нь давхардсан болохоор үүссэн харилцаа (хамт байхдаа тэр орчин, нөхцлийнхөө тухай, тэр үед хамт байгаа хүмүүсийнхээ тухай л ярьна, тийм ч учраас хамт ажиллахаа эсвэл сурахаа байчихвал ярих зүйлгүй болно), одоо байгаа харилцаа нь хамгийн гоё, энэнээс ахих юм уу ухарвал утгаа алдах харилцаа гэх мэт олон янзын харилцаа. Би л заавал харилцааг хайр сэтгэл (үерхэх, гэрлэх эсвэл салах), дотно найз (хараад л нэгнийгээ ойлгодог, туслахад хэзээд бэлэн, хариу хүлээдэггүй), танил (таарвал мэнд устай, тэгтлээ уулзаж учрах гээд байхгүй) гэх мэт хайрцагласан хэдхэн ангилалынхаа аль нэг рүү чихэж оруулах гээд аль руу нь ч орохгүй болохоор ингээд ойлгохгүй толгой нь эргээд байсан болтой.
Сонирхуулахад сүүлийн үеийн Япон залуусын 70 орчим хувь нь гэрлэх тухай бодохоо байсан. Энэ 70 орчмын тал нь энэ хэвээрээ байхыг илүүд үзэх, үлдсэн тал нь хэзээ нэг өдөр болох байх гэсэн бодолтой болсон гэж энэ оны судалгаагаар гарчээ. Японд төрөлт буураад гэрлэлт, салалт асуудал үүсгээд байгаа болохоор хийсэн судалгаа аж.
Бас нэг зүйл бол тухайн үед мэдэрсэн мэдрэмж, сэтгэгдлээ илэн далангүй хэлж ярьж байх ёстой, тэгвэл харилцаа ойлгомжтой амар гэж үздэг хүн л дээ. Гэтэл юу бодож байгаагаа хэлэхгүй, бодохгүй байгаа ч юм шиг учир битүүлэг оньсого шиг байдлыг илүү үздэг хүмүүс их байдгийг мэдээд, хааяа нэг амаа мэдэж дуугай байх хэрэгтэй гэдгийг бас ойлгосон. Гэхдээ л тухайн үед төрсөн сэтгэгдлээ хэлэхэд юу нь буруу гэж, яагаад заавал толгойгоо гашилгаж байнга таавар тааж байгаа мэт бодож шаналж явах ёстой юм бол. Гээд л тал талаас нь харах, судлах хэрэг их байнаа. Үр хүүхдээ бас ойлгоход хэрэгтэй юм даа.
No comments:
Post a Comment