Pages

Tuesday, May 5, 2026

Ил тод

 Өөртөө дурсамж болгож үлдээх санаатай. Хүн болгонтой байгаагаараа харьцаж байгаа, яахав хүн бүрт тохируулж харьцах тохиолдол мэдээж байгаа байх. Гэтэл хүмүүст би өөр өөр сэтгэгдэл төрүүлдэг болохоо мэдсэн. 

  • О.М. Ажилд оронгуут 2 сар нэг тасаг дээр ажилласан бүсгүй. Илүү дотно гэх үү дээ. Нэг тасаг дээр байхдаа дараа дахиад боломж гарвал адилхан тасаг сонгож хамт ажиллах тухай тохиролцсон. Ажилласан тасаг бүр ажиллах хугацаа дуусангуут тэр тасагт удирдаж байсан багш үнэлгээ өгдөг юм. Гэтэл би илүү үнэлгээ авчихсан. Би бол монголд эзэмшсэн мэргэжлээрээ энд дахин ажиллах эрх авч ажиллаж эхэлж байгаа болохоор энэ ховор боломжийг ашиглаад хийж үзээгүй зүйлээ хийж үзэж, толгой доторхи мэдлэг туршлагаа арвижуулахаас өөрөөр залуустай өрсөлдөх бодол надад огт байхгүй гэдгийг тодруулахгүй бол болохгүй байх. Гэтэл нөгөө өөр тасаг дээр дахиад хамт ажиллая гэж өөрөө хэлж байсан бүсгүй маань Пиглет би чамтай дахиж нэг тасгаар хамт явахгүй гэдгээ хэлэв. Эхэндээ ойлгомжгүй шалтаг хэлээд, сүүлд харин үнэнээ хэлсэн. Пиглеттэй хамт ажиллахаар миний үнэлгээ тааруу болоод байнаа гэж. Тасгаа давхардуулалгүй ажиллах хувиараа гаргасан. Харилцаа мэдээж асуудалгүй. Дотуур хувцасаа зөв сонгох тухай хүртэл би зааж өгдөг хэхэ. 
  • В.А. Анхнаасаа надад сэтгэл зүрхээ нээсэн бүсгүй. Өөрөөс нь насаар илүү болохоор, бас илүү найдвартай харагдсан юм байлгүй илүү дотно хандаж, зөвлөгөө авдаг. Энэ бүсгүй харин эсрэгээрээ, боломж гарвал надтай хамт нэг тасгаар явах хүсэлтэй. Миний ажиллаж байгаа байдлыг хараад өөрийнхөө болж байгаа, болохгүй байгаа зүйлээ илүү их анзаарч харж өөрийгөө хөгжүүлэхэд намайг ашигладаг гэдгээ хэлсэн. Энэ бүсгүйн хуриманд уригдсан. Ганц намайг урьна гээд, миний хуриманд оролцооч гэж гуйгаад, тэгээд бодож бодож бас надтай зөвлөж байгаад өөр 2 хүн урьсан. Энэ сард Япон хүний хуриманд анх удаа оролцоно доо. 
  • А.К. Дараагийн бүсгүй, нөгөө найз залуу нь манай томтой, өөрөө багатай минь адилхан өдөр төрсөн. Найз залуу нь надад их сайн, бүсгүй ч бас. Хэнд ч хэлээгүй нууцаа хуваалцдаг ч гэлээ нэг тийм тодорхойлж чадахгүй мэдрэмж тэр бүсгүй төрүүлдэг юм. Хамтдаа нэг тасгаар явж үзээгүй ч гэлээ өрсөлдөх гээд байдаг чанарыг нь мэдрээд байдаг. Өрсөлдөх сонирхол огт байхгүй тул бушуухан зай тавьж өгдөг. 
  • Т.Р. Ямар нэг зүйл болвол заавал надаас асуудаг, нэг нэгэндээ хийж өгөх зүйл гарвал заавал надаар хийлгүүлдэг, өөр хүнээс асууж болох байсан ч, өөр хүнээр заалгуулах эсвэл хийлгүүлэх боломж байсан ч над дээр ирдэг нэг залуу бий. Өөрөө бас надад түрүүлж мэдсэн зүйлээ уйгагүй зааж өгдөг. Би хүсвэл асуудалгүй надад зай тавьж өгдөг уриалгахан, бусад хүмүүст харин тэгэхгүй. Алдахаас айдаг юм болов уу даа, баталгаатай гэж бодоод л намайг сонгодог байх. Зөрүүд мөртлөө миний үгнээс бол гарахгүй. Найз охин болон гэр бүлийнхээ тухай илэн далангүй ярьна. Энэ залууг юм гуйхаар би үгүй гэж хэлж чаддаггүй хэхэ. Намайг юм гуйвал бас хэзээ ч үгүй гэдэггүй, хөөрхөн. Сардаа нэг хамт хоол идчихээд байна. 2лахнаа хоол идээд гадуур зугаалаад дэлгүүр хэсээд амжсан. 
  • О.Р. Пиглет чан гэсээр ирдэг залуу. Юу ч асуусан уриалгахан зааж өгнө, өөрөө ч асууна. Хайр дурлалын тал дээр хүртэл зөвлөгөө авна. Пиглет кавай гэдгийн хэхэ. Пиглет хаа ч явсан асуудалгүй гээд л учиргүй магтана. Хамт хоол идье гэхээр дандаа боломжгүй гээд өрөнд ороод одоо намайг 5 удаа урих өртэй. Жилийн дотор чи амжих уу гэж айлгаад л байж байна. 
  • М.Т. Ирээдүйн эрдэмтэн. Одооноос судалгаа хийгээд эхэлчихсэн залуу. Бид 2 лайн-р англиар харилцана, орос хэл сурч байгаа гэхээр нь оросоор бас бичилцээд, ойр зуурын мэндчилгээ бас оросоор хийгээд байгаа. Пиглет зөв юм хэлдэг гээд хальт намайг үнэлнээ. Гэм нь хайнга, хэлсэн ярьсанаа мартах энүүхэнд, би цаашлуулаад чамд нарийн бичиг хэрэгтэй гэдгийн. 2-3 ч удаа машинаар нь хоол идэхээр явцгаасан, хэзээний юм шиг жолоочийн хажууд суунаа би. 
  • Х.С. Яг нэг эр хүн шиг биш, уян налархай заримдаа эмэгтэй хүн шиг санагднаа. Пиглет дандаа зөв юм ярьдаг, кавай гэнээ бас. Оны сүүлээр 3 сар гадны байгууллагад хамт ажиллана, нэлээд хөдөө газар болохоор машингүй намайг машиндаа суулгаад л явах юм гэсэн. Мэдэхгүй юмаа би байнга асууна. Маш уриалгахан зааж өгдөг. 
  • Ш.Ю. Бүжигчин залуу. Хувцаслалт энэ тэр нь дэгжин, би анзаараад магтана. Миний хувцаслалт хэрэглэж байгаа зүйлсийг сонирхож асууна. Сонсдог дуучныг минь хүртэл дагаад сонсдог болчихсон. Шинэ дуу гаргангуут нэг нэгэндээ явуулаад л. Хааяа нэг хамт хоол идээд пив ууна. Саяхнаас найз охинтойгоо хамт амьдраад эхэлсэн, ер нь санаа оноо их нийлнээ. 
  • Ё.Р. Нууж хаахгүйгээр Пиглет хүнтэй суугаагүй, би найз охингүй байсан бол шууд эргүүлнэ гэдгийн. Байс хийгээд л найз охинтойгоо Солонгос явна, эргээд ирэхдээ жижиг гоо сайхны мэс ажилбар хийлгэчихсэн ирнэ. Өндөр сайхан залуу бий, гэхдээ нэг тийм этгээд зан ажиглагдаад байдгийн. 
Илүү ойр байдаг залуус маань. Дахиад цаана нь 4 залуу байгаа. Энэ хэд шиг илүү дотно биш ч гэлээ би яриа өднө, хэлнэ гэснээ хэлчихдэг, харилцаа бол асуудалгүй. 
Ингээд нэгтгээд харахаар бүсгүйчүүд нь сэтгэл зүрхээ нээж зөвлөгөө авдаг ч өрсөлдөгч гэж хараад байх шиг. Залуус нь айхгүй ч гэлээ аягүй гэдэг шиг үеийн юм шиг арзаганалдаад байдаг хэрнээ үгнээс гарахгүй. Заавал учрах хүмүүс гэж бодоод эрхэмлэдэг юм. 

No comments:

Post a Comment