Pages

Tuesday, December 5, 2017

Үдэлт, угталт


2017 оноо л үдээд дүгнэх гээд. Дараа уншиж байхад зугаатай юм уу даа. Энэ жилжингээ өмнө нь бичсэн бичлэгүүд үе үе бөөндөө, хааяа хэд хэдээрээ гэх мэтээр сайхан устсан. Гандан буурахгүй байнга биш юм гэхэд сардаа 1-2 бичээд л байсан, гэхдээ хайран санагдаад зураг хөрөг оруулахаа байсан. Блогын хувьд нэг иймэрхүү. Ажил бол асуултгүй маш завгүй, хааяаа бүр илүү их солиотой юм шиг ажиллаж байсан. Ажил бол цэвэр надаас хамаарах асуудал тул нээх дурьдахгүй ээ. Үргэлжлүүлээд сар сараар дурсаад явчихнаа. 

1-р сар. Хайлт. Одоо амьдарч байгаа газраасаа нүүгээд, томыгоо гайгүй сургуульд өгчих гээд солиотой юм шиг байр хайсан, санаагаар унасан сар байсан. Хайлт бүтэлгүйтсэн. 
2-р сар. Уналт ба сэргэн мандалт. Томын сургуулийн асуудлаар нүүх гээд чадаагүй, өөр газар ч гэлээ хүсэлт гаргаад сугалаанд оролцсон байсан. Бага маань дүүргийн ч тэр, ажлын ч тэр цэцэрлэгт орж чадахааргүй болчихсон. Бүх юм бүтэмжгүй, тэр үед авахуулсан зураг бол бишээ биш, хамгийн гол нь нүд маань ямарч галгүй, унжийсан амьтан байсан. Гэтэл яасан байх уу, сугалааны хариу гарч хүссэн сургуульдаа охиноо оруулахаар болов, эхлээд ажлын, дараа нь дүүргийн цэцэрлэг зэрэг зэрэг бүтэв. Алинд явуулах вэ гээд л бас сонгох гэж их юм болсон. 
3-р сар. Төгсөлт. Том бага сургуулиа төгсөв. Нэг том алхам урагшлав. Гэрийн 3 маань ээлж дарааллан томуу тусав. 
4-р сар. Эсэргүүцэл. Том охин ээжийнхээ хүссэн сургуульд дуртай дургүй элсэж оров. Энэ үед ээждээ илт дургүй болсон. Надаас болоод л найз нараасаа болон өөрийнхөө орохыг хүссэн сургуульдаа орж чадаагүй гээд илт намаайг буруутгаж байв. Үгээр хэлээгүй ч үйлдлээр нь ойлголгүй дээ. Аавдаа нууцаар үнсүүлнэ, надаас аль болох зайгаа барьна гээд л. Анзаараагүй царай гаргаад л аясаар нь байв. Цаг хугацаа ид шидээ харуулалгүй хаа холдох билээ. Найзтай ч боллоо, сургуульдаа ч даслаа, бага сургуулийнхаа найзуудтай уулзаад аргагүй сайн сургуульд явж байгаагаа хүлээн зөвшөөрөв. Хөндийхөн (お母さん) дууддаг байсан нь одоо эргээд дотно (ママ) болсон. 
5-р сар. Зочид. Нөгөө олон хоногийн амралтыг тааруулан зочдын хөлд дарагдав. Үргэлжлүүлээд бас 1-2 хоногийн зочид байсаан. 
6-р сар. Биеийн тамирын өдөрлөг. Томын сургууль дээр анх удаа зун биеийн тамирын өдөрлөгт оров. Бага сургууль бол намар хийдгийн, дунд сургууль харин хавар-зун хийдэг болж таарав. Охины анги түрүүлээд бөөн баяр, бид бас жинхэнэ тамирын өдөрлөг харж баяссан. 
7-р сар. Хурал. 3 хоног гэрээс хол, уулын мухарт, алслагдсан буудалд, ингээд хурал далимдуулж зугаалаад үз дээ гэсэн юм шиг хагас хорионд нам хуралд суусан хэхэ. Ганцаараа амьдрал чинь их уйтгартай юмаа, хоол бэлэн, цэвэрлэгээ хийхгүй, өөрт зориулагдсан маш их цаг оройдоо гараад яаж цагаа өнгөрүүлэхээ мэдэхгүй сандарсан шд. 
8-р сар. Баярлалаа. Нас нэмээд талархав. Бас зочидтой, гэр бүлээрээ хаа нэг тийш явж зуны амралтаа өнгөрүүлнэ гэж бодож байтал төлөвлөөгүй, гэнэтийн зочдын хөлд дарагдаад уурандаа зуны амралтаа аваагүй хэхэ. Бодож төлөвлөж байсан зүйл бүтээгүй болохоор, угаасаа ажил ихтэй байсан болохоор тэр л дээ. 
9-р сар. Бөөн хурал. Том жижиг баахан газар, заримдаа өдөр бүр илтгэл тавьсан, тэрийгээ дагаад мэдээж бэлтгэл энэ тэр гээд завгүй сар. 
10-р сар. Эгч. Хөөрхөн эгч минь ирж хуримтлагдаад байсан бүхнийг минь уудлуулж, өөрөө бас уудалж, энэ жилийн хамгийн их нар минь гарсан сар байлаа. Үнэндээ бол тувт бороотой байсан ч сэтгэлийн нар гээч чинь ээ дээ мөн ч их хэрэгтэй эд юм даа. 
11-р сар. Хурал, уулзалт, 3 нас. Пижигнээд л өнгөрсөн хэхэ. Нэг хөөрхөн дүүтэйгээ хурал далимдуулаад очиж сайхан уулзсан, намайг саначихсан, зогсоо зайгүй яриастай, хөөрхөн гэж. Бага маань 3 хүрсэн. Алиа амьтан байгаа, хайр хүргээд ярихгүй ч юм алга, хийхгүй ч юм алга. Дутуу төрсөн шинж тэмдэг бараг л үгүй шүү дээ. Ямар сайндаа 3 сард нэг үздэг эмнэлэг маань жилдээ нэг үзье даа гэж байхав. 
12-р сар. Мартая. Өнгөрсөн жилээ мартах хэхэ буюу манайхаар бол шинэ жилийн баяр болдог сар болохоор нь ингээд нэрлэчихлээ. 3-4 оноо мартах үйл ажиллагаанд орно доо. Бас шинэ жилийн мэндчилгээ илгээх том асуудал, томын төрсөн өдөр, зул сар, шинэ жил гээд үндсэндээ шаталтын сар л даа. 

Нэг иймэрхүү. Одоо юу байхав дээ хэд хоноод л он гарлаа. Хуучнаасаа хэрэгтэй хэсгээ чирээд ч болтугай онд орно доо. Та нар маань бас тэгээрэй дээ. 2017 ондоо БАЯРЛАЛАА. Ирэх жил энэ чинь АМЬДРАЛ шүү дээ гэмээр олон үйл явдал өрнөж нүд сэтгэлийг тань баясгасан он байх болноо гэдэгт итгэж байна. Бие болоод сэтгэл нь цоглог байг. 

PS: Боломжийг ашиглаад эртхэн биччихлээ. Нэг л мэдэхэд он гарчихсан байх вий. Энэ сар бүрийг өөр өнгөөр бичсэн нь надад байдаг нэг хуанли саруудаа ийм өнгөөр ялгасан байсныг нь хуулсан юм хэхэ. Нүд нь өвдвөл уучлаарай. 

3 comments:

  1. ёстой адал явдал дүүрэн жил байжээ,

    ReplyDelete
  2. сайхан жил байжээ эрч хүч, үр бүтээлтэй.
    Уншингаа би яалаа гэж бодлоо, ингэж сар сараар нь ялгах байтугай нийтэд нь базаад ч олигтой юм гарахгүйнээ. Сонин мөлгөр, идэвхгүй амьдраад байх шиг, тэгсэн мөртлөө асар завгүй...

    Өөрчлөлт хэрэгтэй байна гэж мэдэрлээ...

    ReplyDelete
  3. Ингээд сар сараар нь бичвэл гоё юм байна. Тэр сард яалаа гээд баахан бодох байх даа.
    2018 ондоо эрч хүчээр дүүрэн байгаарай.

    ReplyDelete