Pages

Thursday, June 15, 2017

Өөрчлөлтийг мэдрэв

Өнгөрсөн 7 хоногийн Бямба гаригт том охины тамирын өдөрлөг болов. Үр хүүхэд маань бүхэл бүтэн нэг үе шат ахичихсан байх юмаа. Сургууль нь өөрөө тэр ахих боломж нөхцлийг маш сайн бүрдүүлж өгөх юм. За ингээд өөрчлөлтүүд жагсаад явна.

1. Арга хэмжээний бэлтгэлд гар хөл, ам, бие сэтгэл, цаг зав, анхаарал, авъяас чадвараа бүрэн зориулж байна. Бэлтгэл эхэлсэнээс өгсүүлээд өөрийн багийн тугийг зохион бүтээх уралдаанд оролцоод л зураг зураад байсан. Өөрийх нь бүтээл шалгараад тэрийгээ том даавуун дээр зураад, дараа нь үндсэн бэлтгэлдээ ороод өглөө хичээл эхлэхээс өмнө, орой хичээл тараад үргэлжлүүлээд л бэлдээд байсан бэлдээд байсан. Арга хэмжээн дээр тэр их бэлтгэлийн учрыг олсон л доо. Товлосон өдөр хар эрт яваад бүх юм бэлтгэхэд гар бие оролцоод дуусангуут үлдээд бүх юмаа хурааж цэгцэлчихээд харьж ирсэн. Сурагчийн үүрэг аж. Бага сургуульд бол төгсөх ангийхан л үлдэж тусалдаг байсан. 

2. Одоохондоо дунд сургуулийн 1-р анги болохоор дороо дүү нар байхгүй (коохай=junior) харин дээрээ бол ах эгч нартай (сенпай=senior) болсоныгоо жинхэнэ утгаар нь ухамсарлаж эхэлсэн. Бага сургуульд байхад тэддүгээр анги гээд л нээх ах эгч, дүүгийн ялгаа бараг байхгүй шахуу, байсан ч ар гэрийн бид нарт мэдэгдэхээр байгаагүй. Одоо бол сүртэй сүртэй, тэр сенпай тэгсэн, энэ сенпайгаас асууна гээд л чухам аа чухам. 

3. Маш их хариуцлагатай болж байна. Оройд бэлдээд тавьсан цүнхээ өглөөд дахиж шалгаад л. Үгүй чиний цүнхийг хэн ч оролдохгүй яагаад байн байн шалгаад байдгийн гэхээр тэгэх ёстой гэв. Эцэг эхийн хурал дээр суусан чинь хүүхэд бүрийн ширээний нүдэнд сурагчийн дүрэм журам гэсэн нэлээд зузаан хавтас байв. Тэнд нь харин тийм тайлбар байсан шүү. Нөгөө оросын Утро вечера мудренее гэдэг зүйр үг шиг л оройд анзаараагүй мартсан зүйл байх магадлалтай тул өглөөний сэргэг үедээ дахин шалгаж бай гэсэн утгатай. Тэр сурагчийн дүрэм маш их таалагдсан. Зүгээр л сурагч чи нийгмийн нэг хэсэг тул бусдад төвөг болохгүй өөрийгөө хичээж сур, хэрэг болсон үедээ тусламж ав, хэрэгтэй нэгэнд нь туслаж бай гэх утгатай. Хамгийн товчоор зөв хүн болох тэрийг өөрийн биеэрээ мэдрэх ойлгох, өөртөө суулгаж авах чухал үе нь дунд сургууль аж. Зарим нь төгсөөд ахлах сургуульд орохгүйгээр амьдралын замаа хөөж ажил хийж ч болох, амьдралынхаа чухал үеийг шийддэг, заавал сурах ёстой сүүлийн үе шат болохоор энэ үед нь тэр бүгдийг суулгаж өгдөг гэнэм. 

4. Тамирын өдөрлөг гэж бол бага зэргийн олимп л гэж мэд. Бага сургуулийн тамирын өдөрлөг гэж цэнгээнт тэмцээн ч юм шиг ер нь бол хүүхдэд зориулсан л эд юм байна хэхэ. Дунд сургууль гэдэг бол шал өөр, багаараа ажиллаж байгаа байдал, өрсөлдөж байгаа тэмцээн уралдаан гэж жинхэнэ спорт гэхээс өөр үг үнэндээ олдохгүй байнаа хэхэ. Олс таталт хүртэл ийм өрсөлдөөнтэй, ийм их хичээл зүтгэл, тэр багын ажиллагаа, тэр багийн ахлагчийн удирдаж байгаа нь гээд л мундаг. Хамгийн их биширсэн юм гэвэл ангиараа дан охид эсвэл дан хөвгүүдийн 2 баг (20, 20 орчим сурагч) бүгд ар араасаа жагсаж зогсоод баруун хөлөө бүгд нэг уяанд холбоод, зүүнийгээ бас тэгж холбоод нөгөө ангиудтайгаа тэр гонжролдсон урт (60 хөлт л гэж мэд) хэвээрээ уралдаад, тэгж уралдахын тулд хэмнэлээ авч байгаа энэ тэр нь үнэн гоё, дагаад л дунд нь орчихмоор хэхэ. Гараан дээр багийн ахлагч нь - Баруун хөлөө өргөөд нэг, хоёр, гурав, дөрөв, тав гээд чанга орилоод тэр хэмнэлд нь тааруулж бүгд дороо баруун хөлнөөсөө эхлээд л шогшоод 5 гээд тоолоод дуусангууд урагшаа ухас гээд л ёстой сүрдмээр. Би анх тийм уралдаан харсан болохоор хөөрөөд хэхэ. 

5. Тамирын өдөрлөгийн чухал хэсгүүдийн нэг бол өдрийн завсарлагаа, өдрийн хоол. Гэрийн ажилд маруухан надад бас л их хэцүү, бэлтгэл нэлээд шаарддаг юм. Гэтэл энэ жил жоохон ч гэсэн хөнгөлөгдөөд хэхэ. Том охин сургуулийнхаа хоолыг идээд, бага сургууль шиг завсарлангуут гэрийхэн дээрээ ирж идэхгүй, анги ангидаа сургуулийн хоолны газраас бэлдсэн хоолоо идээд шууд дараагийн ажилдаа орно. Тэгж гэрийхэнтэйгээ ирж дуртай юмаа идэж ууна гэсэн юм байхгүй, журамлагдчихсан. Нөхөр бага охин бид 3 л бэлдсэн юмаа идэж уух шив дээ. 

Дунд сургуульд ороод 2 сар болж байхад үр минь ингэж их өөрчлөгдсөн байна. Бие даасан, хариуцлагатай, ухамсартай, буруугаа хүлээдэг, хойш тавьдаггүй, ах захаа мэддэг болж байна даа. Урьдны нялх амьтан биш болж. Хааяа ч гэсэн ээждээ ирж эрхлээч гэж гуйдаг болсон. Жижиг маань байгаа тулдаа энэ өөрчлөлтийг би давж байна даа, охиноосоо илүү хямарчих болтой дог хэхэ. 

4 comments:

  1. пөөх ямар мундаг юм бээ, манай сургуулиуд тийм болоосой гээд л бодох юм

    ReplyDelete
  2. Гоё юм аа. Багийн ажиллагаа, хувь хүний хариуцлага гэдэг юмыг ингээд багаас нь ойлгуулаад ирдэг болохоор насанд хүрэхдээ бүрэн төлөвшчихсөн бдаг юм байна. Биеийн тамирын тэмцээн нь хүртэл монголд маань хэрэгтэй юм бна.

    ReplyDelete
  3. хүүхдийн төлөө гэсэн цогт бодлоготой орон сайхан юмаа.

    ReplyDelete
  4. Энэ сургуульд очиж сурмаар байна аа хэхэ. Одоо шал хөгширчихөөд өөрөө өөрийгөө хүмүүжүүлэх гэж зовж байна шдээ.

    ReplyDelete